Домогт Дондогдулам хатны рашаан бохирдоход ойрхон байна

Бидний хэлж заншсанаар дунд Дарь-Эх буюу Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр дэх буйдхан намгархаг талд төмөр хашаагаар хүрээлүүлж, өнгө өнгийн хадаг уясан нэгэн рашаан бий. Энэхүү рашааныг Дондогдулам хатны рашаан хэмээн нэрлэдгийг нийслэлчүүд андахгүй. Нэрээсээ эхлэн үүх түүх хуучлах энэхүү рашааныг нийслэлийн иргэд төдийгүй хаа холын орон нутгийн иргэд ч хадаг барьж залдаг юм билээ.

Одоогоос 90-ээд жилийн өмнө Дондогдулам хатан өөд болоход түүний шарилыг ууж идээшиж өссөн эл рашааны эхэнд чандарлаж, хөдөөлүүлсэн түүхтэй. Үүнээс хойш ийнхүү нэрийдэх болжээ. Өглөө оройдоо автобусаар ажил, гэртээ харих замд харагдах эл рашаан хүнгүй байх тохиолдол үгүй. Анх намайг оюутан болохоор нийслэлд хөл тавих үед уг рашааны эргэн тойронд айл цөөнтэй, их л содон харагддаг байлаа. Бидон сав, шанага барьсан иргэд л хойш урагш хөлхөж харагддаг сан.

Харин одоо рашааны эргэн тойронд гэр хороолол хаяагаа тэлсээр удаж байна. Тэр ч байтугай рашааны ундарга дээр айлууд бууж, хашаанд ус туллаа хэмээн заргалдаж байсан удаатай. Рашааны ундарга үе үе хальж, тэр хавийн зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаанд тулдаг аж. Холбогдох газруудаас дээрх айлуудыг удаа дараа нүүхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн ч өнөө хүртэл цөөнгүй өрх мөсөн цэвдэг дээр амьдарсаар л байна.

Байгаль орчноо хамгаалах сэтгэлгүй хүмүүсийн балгаар рашаан хогоор хүрээлүүлэх болсон талаар иргэд ихэд гомдоллодог. Уг рашааныг ходоод, элэг цөсний өвчтэй иргэд өвчин анагаах шидтэй рашаан хэмээн сүслэн хэрэглэдэг бол ойр хавийн оршин суугчид ундны зориулалтаар ашигладаг байна. Үдээс хойш биднийг очиход хэд хэдэн хүн рашаан авахаар хашааны гадаа зогсож байв. Учрыг асуувал хамгаалагч нь цайндаа орсон гэнэ.

Рашааны өмнө харагдах жижигхэн байшинд хамгаалагч нь байрладаг аж. Төд удалгүй хамгаалагч гарч ирээд хашааны хаалгыг нээв. Түүнээс орчны цэвэрлэгээ хэрхэн хийдэг талаар асуухад “Өвөл харьцангуй хог багасдаг. Зун иргэд рашаан авахаар ирэхдээ майхан барьж өнждөг. Ер нь зун маш их хүн цугласнаас үүдэн хог ихэсдэг. Энэ хавийн айл өрхүүд сард хоёр удаа цэвэрлэгээ хийдэг. Тэд рашааныг ундандаа хэрэглэдэг болохоор цэвэрлэгээ тогтмол хийдэг” гэв.

Рашаан авч байгаа иргэдийн дийлэнх нь тэр хавийн иргэд бөгөөд энэ рашааныг тусгай хамгаалалтад авах саналтай байдгаа уламжлав. Зун хамгаалалт сул учраас жирийн иргэдээс гадна архичид өдөржингөө рашааны дэргэдээс салахгүй. Ийм хүмүүс рашааны хашаанд бие засах ч энүүхэнд. Мөн рашааны ойролцоох эзэнгүй талд хашаа хороогүй цөөнгүй гэр харагдсан. Иргэдийн хэлж буйгаар дээрх айлууд амьжиргааны төвшин доогуур, хөдөөнөөс шилжиж ирэгсэд аж.

Эдгээр айл рашааны эхэнд буучихаад хог, үнсээ ил асгадаг байна. Энэ нь рашааныг бохирдуулаад зогсохгүй ундаргыг багасгахад нөлөөлдөг хэмээн иргэд бухимдаж байлаа. Энэ үеэр Улиастайгаас рашаан авахаар ирсэн Б.Чойжилсүрэнтэй таарав. Тэрбээр “Манай эхнэр элэг, цөсний өвчтэй. Өнгөрсөн намраас уг рашааныг эмчилгээний зориулалтаар хэрэглэж байгаа. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг гэдэг шиг эхнэр маань харьцангуй сайжрах төлөвтэй.

Дондогдулам хатны рашааныг олон хүн зорьж ирж авдаг. Харин иргэн хүний хувьд анзаарч байхад харуул, хамгаалалт дутмаг юм шиг санагддаг. Мөн рашааны усыг шинжилгээнд хамруулж, иргэдэд мэдээлж байх нь эмчилгээний зориулалтаар ашиглаж байгаа иргэдэд тустай. Шинжилгээнд хамруулахыг хүсч байгаа шалтгаан нь гэр хороолол ихэссэний улмаас рашаан бохирдох магадлал өндөр. Хэдийгээр урсгал ус ч гэлээ бохирдох эрсдэл их байна” гэсэн юм.

Түүнтэй ижил бодолтой хүмүүс ч цөөнгүй байлаа. Ийнхүү домогт Дондогдулам хатны рашаанаас олон арван хүн ундаалж байна. Цаашид ч ундаалсаар л байх биз ээ. Гагцхүү эх адаггүй үргэлжлэх гэр хороолол дунд хамгаалалт муутай энэ чигээрээ удвал иргэдийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчрахгүй гэх баталгаа алга.

Учир нь гэр хороолол төвлөрөхийн хэрээр хөрсний бохирдол бий болно. Ингэснээр дотор эрхтнийг эмчлэх бус өвчлүүлэх нөхцөл бүрдэх нь дамжиггүй. Ер нь зөвхөн Дондогдулам хатны рашаан гэлтгүй эмчилгээний зориулалтаар хэрэглэгдэж буй нийслэлийн ойролцоох рашаануудын хамгаалалтыг сайжруулж, шинжилгээнд хамруулах нь нийтийн эрх ашигт тустай билээ.

Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Сэтгэгдэл бичих