“Моби”-г хэрэглэгчид бид санал нэгтэйгээр дампууруулахаас өөр арга алга
“Моби” гэж нэг луйварчин байна аа. Хүн бүхэн л ярьж байна. Намайг ч бас чамайг ч арав гаруй жил луйвардлаа. Луйвардуулаад байгаагаа мэдсээр байж “моби” бариад байдаг нь миний, бидний буруу л даа. “Моби”-гийн 9911-тэй дугаар авахын тулд эхнэрээсээ нууцаар гурван өрөө байраа зарж баларсан эрийн дэргэд бусад хүмүүсийн хохирол юу ч биш биз.
Нэр төрийн баталгаатай болохын тулд орох оронгүй болсон энэ залуу дэндүү өрөвдөлтэй байгаа биз. Урьдчилсан төлбөртийнхөн бол “Моби”-гийнхны хувьд ямар ч нэр төргүй хүмүүс. Яахав, анхнаасаа авсан, танил тал найз нөхдийнхөө мэддэг дугаараа солихгүйн тулд эдэнд сайн дураараа шулуулж байгаа юм.
Түүнээс биш “Моби”-гийн дугаар барих хэрэг алга. Дараа төлбөртийн 9999-тэй шинэ дугаар авсан залуугийн эхний сарын төлбөр 100 мянга гаруй төгрөг гарч, золтой л зүрх нь зогсчихоогүй юм байх.
Сардаа 25-30 мянган төгрөгийг л “Моби”-д төлдөг байсан хүн ийм мөнгөн дүн сонсоод “шок”-нд оролгүй яав гэж. Шууд л “Моби” руу давхиад очно биз дээ. “Яахаараа ийм өндөр төлбөр гардаг юм бэ. 45 мянгын багцтай шинэ дугаар авсан.
Үсрээд 45 мянгадаа багтааж ярина. Энэ тэр гээд нэлээд заргалдах маягтай үгээ бэлдээд давхиж хүрч. Тэгсэн “моби”-гийн теллерүүд “Уучлаарай, давхар биччихэж” гэсэн байгаа юм. Энэ бол өдөр болгон хэн нэгэнд тохиолдож л байдаг явдал. Хэрэв залуу яана, ийнэ гээд гарсан төлбөрөө төлчихсөн бол “Моби”-гийнхон “Уучлаарай, та илүү мөнгө төлчихжээ” гэх үү.
Мэдээж үгүй. Илүү гарсан бол буцааж өгөхгүй, харин дутвал нэхэж байгаад л авчихна. 45 мянгын багцтай хүн 25 мянган төгрөгөөр ярьсан бол 20 мянгыг нь уг нь буцааж олгох ёстой биз дээ. Энэ бол хамгийн аймаар луйвар нь. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд тохиолддог бас нэг зовлон бий.
Ажил, амралтын цаг, ер хэзээ ч хамаагүй оймс гутлын наймаа, оффисийн түрээс, орон сууцны хямдралын тухай мессежүүд цуварч “мэдрэлээр тоглоно”. Утсаа шидчихмээр санагдана гээч.
“Мобиком” корпораци өнгөрөгч хавраас эхлэн “Samsung Galaxy II”, саяхнаас “Samsung Galaxy III” утаснуудыг оруулж ирж, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ урьдчилгаа 15-20 хувийг нь авч, дугаарыг нь барьцаалах журмаар “лизинг”-ээр зарж байгаа. 287 мянган төгрөг төлөөд “Samsung Galaxy II” утсыг нэг жилийн хугацаатай зээлээр авлаа гэж бодоход сар бүрийн ярианы төлбөр дээр нь 54 мянган төгрөг нэмж гардаг юм билээ. Өөрөөсөө илүү ухаантай “Galaxy” барьж гайхуулах гэсэн биш “системийн доголдол” гэдэг юмтай учраад үгээ барж яваа хүмүүс олон болж.
Зарим үед гадагшаа дуудлага хийж болохгүй болчихно. Өнөөх ухаалаг гар утас маань өөдөөс англиар нэг юм “хэлээд” байна. Ажлын цагаар, дарга цэргээсээ нуугдан “Теди” рүү очиж утсаа үзүүлбэл “Уучлаарай. “Samsung Galaxy II” системийн гэмтэлтэй болоод ингээд байгаа юм. Та утсаа унтраагаад, батарейг нь аваад буцаагаад хийчих. Тэгээд асаавал зүгээр болчихно” гэсэн зөвлөгөө өгөв.
Энэ “Samsung Galaxy II”-той хүнд хэрэг болох зөвлөгөө байгаа биз. “Моби”-гийнхон ямар ч буруугүй. Харин “Samsung” гэж юу ч хийж чаддаггүй корпорацийнхан л “но”-той. Тэд хүнээс ухаантай гар утас хийгээгүй бол “Моби”-гийн нэр хүнд хаанаас унах билээ. Тийм үү. Том корпорацийн үйлчилгээ том л байдаг юм байна. Үнэгүй юм гэж “Моби”-д байхгүй. Дуудлага харах, дугаар хадгалах, мессеж роуминг гээд бүгд төлбөртэй. Утасны хонхны ая хүртэл 450 төгрөг. 9911, 9909, 9908-тай дугаар худалдаж авъя гэвэл байхгүй ээ, аль эрт дууссан гэнэ. Гэсэн мөртлөө ченжүүдэд бол шинээрээ байж л байна. 11-тэй дугаар 20 сая төгрөгөөс дээшээ л ярина уу гэхээс буухгүй.
Ченжүүдээс энэ дугааруудаа хурааж аваад өөрийн үнээр нь зарж болдоггүйн цаана их учир бий гэх юм билээ. “Мобиком”-ын хэрэглэгчид санаа нэгтэйгээр луйварчдаас татгалзвал ямар вэ. Ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлэхгүй л бол шулуулсаар, доромжлуулсаар л байх юм байна, япончуудад.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ШҮҮХЭД ХАНДААЧЭЭ ИЙМ ЭРГҮҮ БАЛАЙ ЮМНУУД МИНИЙ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ КОМПАНЫГ ДОРОМЖЛОХЫГ ОЛОН ХАРЛАА. ШУДАРГААР ТАТВАРАА ТӨЛДӨГ НЬ БИ БАЯРЛДАГ . ХУЛГАЙ ХИЙДЭГ БАЙСАН БОЛ ТАВАРААС ЗУГТАНА ХЭЗЭЭ Ч УЛСДАА ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР 20 ЖИЛ ШАЛГАРАХГҮЙ БАЙСАН БАЙХ