Хүүхдийн аманд багтсан Монголын их улстөр
Нэг танилын маань хамт ажилладаг хоёр хүүхэд ярьж байна гэнээ. 90, 91 оны ардчилсан хувьсгалтай чацуу, бэлгэшээлтэй хүүхдүүд юм байх.
-Хөөе нөгөө Дарханд 93 оны Хэн нэр дэвшцэн байшд
-Ай тэр үү? Өө за за
-Харин тийн. Си ви энэ тэр нь манийхаас миа шд. Сда би дэвшсэн бол гарчдаг газар байсан байна цъ цъ цъ!
-Ёооё би ч гэсэн гары шдээ.
Улстөрд орно гэдэг Дархан аварга …дугаар ангийн байлдагчийг нэгийн даваанд амлан авч өргөөд тавихын дайны юм уу даа.
-Ахын дөө яаж улстөр хийх гэж байна? Үүнийг ер нь юу гэж ойлгож байна вэ?
-Тэгж яривал би амьдрал үзсэн хүн шүү!
-Ямар амьдрал?
-Миний бага нас картын барааны үед өнгөрсөн.
Картын бараа гэж байсныг уншаад мэдчихсэн нь бас авууштай. Картаар угж соосог тараадаггүй байсан нь үнэн хөөрхий, тэд ядарч байж. Яаж харин нэг сивитэй болж авсан юм.
Бяртай хүнд бүх бөхчүүд жижиг харагдаад ирдэг шиг Монголын улстөр хүүхэд нохойн наадам болсон юм байна. Энэ нь монголын улстөрд хүүхэд юмуу нохой л хүчээ үзэх цаг иржээ гэдгийг харуулж байна. Бүр тодруулбал монголын улстөрчид хүүхэд юм уу нохой шиг харагдаж байнаа гэсэн үг.
Манай алдарт 76 хийгээд бусад сайдууд нь яг л чихрийн таваг хагалчихаад хушуугаа унжуулсаар байгаад “аав ээжийн хүүхэд хэвээрээ үлддэг” шиг стилиэр ажилладаг.
“Би эхэлж авцан байсиймаа” гэж тоглоомоо булаацалдан орилолддог таван настнууд бол яг л манай улстөрчид.
Амандаа кремийг нь наачихаад “би тэр тортыг чинь идээгүй” гэж гүрэлздэг цайчихсан ховдог жаалууд бол манай ухаантнууд.
Бөмбөг өшиглөж байгаад нүүр лүүгээ оногдчихонгуутаа нэгэн насны нэхэл болдог эрхийн тэнэг бол манай эрхэм төрийн түшээд.
Хэлээ гаргаж шоолчихоод зугтаадаг, хүний ардуур байнга муулж явдаг ховч, хэрээн хушуут, аальгүй охид бол манай тэд нар.
Хүн өөр лүү нь харангуут күүл харагдах гэж хичээдэг хэлбэр хөөгч тэнэг өсвөрийн хүү бол манай бодлого тодорхойлогчид.
Аятайхан охин харчихаад шууд л шүлэнгэтэн дайрдаг том болж яваа халамцуу дэлчгэр банди нар бол манай итгэл даасан сонгогдогчид.
Гоё харагдаж байгаадаа итгээд төрөл бүрийн ярлык ханзалж аван күүрчигэн дээрээ наачихдаг алс бөглүү сумын хархүү бол манай том дарга нар.
Тэд боорцог захисан мөнгөөр нь пиав авч уучихаад хэлээ гаргаж нүдээ ирмэж далчиганаад л өнгөрөөчихдөг унхиагүй дэмий гонзгой шиг харагддаг.
Толгой муутай мулгуу атлаа яаж ийж хуулсаар байгаад анги дэвшээд салгалаад байдаг бэртэгчин нөхөд бол манай шийдвэр гаргагчид.
Тэд архи ууж агсан тавьж, шөнөжингөө хүүхэд хөгшдийг нэгэн насны лай ланчиг болчихоод явдлаа засах бүү хэл уучлал ч гуйж чаддаггүй ”халамжит аав” шиг санагддаг.
Цалингаа буусан өдөр ганцхан удаа зад найрлаад үлдсэн 29 хоногт нь өлөн зэлмэн амьдрахчаа болдог юм үзээгүй монгол айлынхан бол манай эрхэмсэг УЛСТӨРЧИД билээ.
Эд бүгд нийлээд хүний хамгийн хийж чадах төдийгүй үргэлж хийх дуртай үйлдлүүдийн жагсаалт. Дунд ангийн сурагч, “төгсөөд Их хурлын гишүүн болно” гэж ярьж байна. Хүүхдийн цээжинд багтсан Монголын их улстөр өө гэж.
Нийтлэлч: Артаньян
URL: