Ч.Сайханбилэгийн утсан хүүхэлдэй

Шинэчлэлийн Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 67 дугаар тэмдэглэл. Энэ хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүдэд мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах талаар мэдээлжээ. Мөн Орон нутгийн интернэтийн үнийг бууруулах талаар ч мэдээлэл хүргэсэн байна. Ингээд хуралдаанаас Ч.Сайханбилэгийн хяналт дор, өөрөөр хэлбэл түүний зөвшөөрөл дагуу тус салбарт зайлшгүй шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болгожээ.

“Юманд учир, суманд занги бий” гэдэг. Чухам заавал яагаад Ч.Сайханбилэг энэ салбарыг онцолж, юм бүхэнд нь хошуу дүрж дөвчигнөөд байна вэ гэдэгт л асуудлын гол оршиж байгаа юм. Салбарынхны өгүүлж буйгаар 2004-2008 онд Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байсан тэрбээр эдүгээ ч энэ салбарт “нөлөөтэй” эрхэм хэвээр байгаа аж. Тиймээс мэдээлэл, технологийн салбарт түүний ашиг сонирхол хэтэрхий их байгаа гэж хардах хүн олон байна.

Одоо тус салбарын даргаар ажиллаж буй “шавилхан бацаан”-ыг түүний утсан хүүхэлдэй гэхэд хилсдэхгүй гэнэ. Энэ салбарыг хөгжүүлэх нь битгий хэл мэдлэгээрээ нэгэнт гологдсон эл залууд мэдээлэл, технологийн цагаан толгойн “а” ч байхгүй байсан нь олныг алмайруулж орхисон. Өөрөөр хэлбэл энэ томилгоо хэтэрхий нүдээ олоогүй, дэндүү хариуцлагагүй үйлдэл байсныг тэр өөрөө гэрчилчихсэн.

Хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг муулуулж нүдний булай болсон Ц.Жадамбааг хүн бүхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “бууны нохой” гэдэг юм билээ. Түүний хайр ивээлийг харамгүй хүртэн Ардчилсан намын Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, нарийн бичгийн даргаас Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын дарга болтлоо суга дэвшсэн Ц.Жадамбаа 2012 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хөгөө хөлдөө чирсэн. Төсвөө 2 тэрбум илүү төгрөгөөр хасуулдаг дарга ч байх гэж хэмээн олон хүн шоолсоор л.

“Залуу хүний хувьд эсрдэл хийх хангалттай боломж байдаг. Алдаа гаргах үе ч бий. Тэр бүх эрсдэл, алдаагаа залуу насаараа хааж, хамгаалахыг оролддог” хэмээн нэгэн ярилцлагадаа тэр дурдсан байдаг. Хэрэв зээ Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газрын даргын үүрэгт ажлаа хийж чадахгүй, улмаар энэ салбарыг уналтад оруулчихвал тэр хээв нэг “залуу насны алдаа” гээд хэлээд зогсож мэдэх л эр бололтой.

Ц.Жадамбаа хуулийн мэргэжилтэй. Тиймээс Иргэний бүртгэл мэдээллийн төв ч юм уу, ядаж “а”-г нь гадарлах салбартаа очсон нь хавьгүй дээр гэж үзэх хүмүүс байна. Уг нь энэ том салбарыг удирдаад явчих мэдлэгтэй боловсон хүчин, чадварлаг туршлагатай инженер Монгол улсад олон бий гэдэгт эргэлзэхгүй байна. Даанч даажин тохуу хийж байгаа аятай энэ чухал салбарыг ингэж “эрэмдэглэж” буй нь олон түмэнд таалагдсангүй. Очиж очиж салбарын талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй энэ нөхрийг тавьсан нь цаанаа учиртай биз ээ. Магад ашиг сонирхлын зөрчил нь дийлээд, энэ салбараас “савар”-аа татаж чадахгүй байгаа гэх Ч.Сайханбилэгийн дураар авирлалт ч байхыг үгүйсгэх аргагүй юм.

Ц.Жадамбаа “Өдрийн сонин”-ы 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дугаарт “…Судалгааны үндсэн дээр бид интернэтийн бөөний үнийг гурав дахин хямдруулах боломж байгааг харж энэ ажлыг хийсэн. Шууд хэлбэл бөөний үнийг 160 мянган төгрөг болгон хямдруулахад орон нутгийн иргэдээс авдаг байсан 60 мянган төгрөг маань 20 мянга дотор болж буурсан. Одоо иргэн 256Kbps багтаамжтай интернэтийг худалдаж авахад сард 20 мянган төгрөг төлөх боломжтой болж байгаа юм” гэж хэлжээ.

Өөрөөр хэлбэл тэр орон нутгийн интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амлаад буй. Үнэндээ орон нутагт 724Kbps интернэтийн үнэ НӨАТ ороод 22000 төгрөг байгаа. Тэгэхээр салбар хариуцсан дарга Ц.Жадамбаа хаанаас, хэн гэдэг судалаачаас 256Kbps интернэтийн хурд 60000 төгрөг байгаа гэсэн мэдээлэл авсан нь сонин.

Ц.Жадамбаагийн амлалт биелэлээ гэхэд мэдээлэл, технологийн салбарын 700 гаруй хувийн аж ахуй нэгжийн эдийн засгийн байдалд ийнхүү өөрийн санаанд орсон болгоноо тулгаж, төрийн төмөр гараар нөлөөлж болохгүй нь мэдээж.

Дашрамд дурдахад мэргэжлийн хүн байх шаардлагатай энэхүү салбарт мэргэжлийн хүнийг нь томиолоод Ч.Сайханбилэг болон түүний утсан хүүхэлдэйнүүдийн хараат байдлаас гараад өгөөч Ерөнхий сайдаа!!!

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих