Увс аймгийн шүүх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчөөгүй гэж үзлээ
Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх өчигдөр УИХ-ын 2012 оны сонгуулийн маргаантай холбоотой хэргийг хэлэлцэн, шийдвэрлэжээ. Шүүх хуралд нэхэмжлэгч АН-ыг төлөөлж, Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн, өмгөөлөгч н.Лхагважав, болон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, өмгөөлөгч н.Хаш-Эрдэнэ, н.Батжаргал, н.Хишигбаатар нар оролцсон байна. Өглөө эхэлсэн шүүх хурлын шийдвэр үдшийн 23.30 цагт гарсан аж.
Тодруулбал Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчээс хасах УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны 2012 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргав.
Ингэснээр Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хуулийн дагуу эдэлж буйг шүүх албан ёсоор тогтоосон гэсэн үг ажээ.
Э.Мягмардорж
URL: