Осол гаргадаг “Тэнүүн-Огоо”-г оны шилдгээр өргөмжилсөөр байх уу

Нийтийн тээврийн жолооч нар зорчигчдыг зорьсон газарт нь эсэн мэнд хүргэх эрхэм үүрэгтэй. Гэтэл тэд үүнийгээ ерөөс  ухамсарладаггүй бололтой. Автобусаар дүүрэн эд бараа аччихсан мэт зорчигчдыг урагш, хойш нь сэгсчин хар хурдаараа давхилдах аж. Тэдний аль хариуцлагагүй үйлдлийн балгаар хоёр өдрийн дотор гурван осол гарч, 40-50 орчим насны хоёр эмэгтэй алтан амиа алдав.

 

Тодруулбал, энэ сарын 23- ны өдрийн 07.00 цагийн орчим “Сутайн буянт” компанийн 58-64 УБМ улсын дугаартай автобусны жолооч өмнүүр нь гарсан эмэгтэйг дайрчээ. Мөн энэ өдөр 08.00 цагийн үед Тэнүүн-Огоо” компанийн 45- 34 УБЗ дугаартай автобусны жолооч ухрах үйлдэл хийхдээ 50 орчим насны эмэгтэйг дайрч амийг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан.

 

Ослын хар мэдээ хуучирч амжаагүй байхад өчигдөр Мэргэжилтний 20 дугаар дэлгүүрийн автобусны буудлын хажууд Тэнүүн-Огоо” компанийн 45-62 УБЧ улсын дугаартай автобусны жолооч “Карина” маркийн автомашиныг мөргөжээ. Суудлын тэрэгний жолооч явган зорчигчид зам тавьж өгсөн нь том оврын автобусанд ийн мөргүүлэхэд хүрсэн байна.

 

Ослыг харсан иргэд автобусны жолооч өндөр хурдтай явсныг баталж байгаа ажээ. Хэрэв “Карина”-гийн жолооч явган зорчигчид зам тавьж өгөлгүй чигээрээ зүтгэсэн бол “Тэнүүн- Огоо” компанийн жолооч хэчнээн хүнийг бурхны оронд хүргэх байсныг таашгүй. Энэ мэтчилэн ар араасаа хөврөх нийтийн тээврийн ослууд иргэдийг айдаст автуулсаар байна.

 

Тэр дундаа иргэд “Тэнүүн-Огоо”-гайн автобусанд суухаас эмээдэг боллоо. Гэтэл энэ байгууллага жил бүрийн шинэ жилээр “Шилдэг 150″ байгууллагын нэгээр шалгардаг нь гайхалтай. Ийн иргэдийн дунд хариуцлагагүй, хайнгаараа алдаршсан энэхүү компанийг оны шилдгээр өргөмжилсөөр байх уу.
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих