Д.Басандорж: Д.Энхбат өөрийгөө засаагүй байж төр засна гэж далдганах хэрэггүй

Монголын ногоон намын талаарх яриа хэвлэлийн хуудаснаас салахаа болиодл удаж байна. Үүсэн байгуулагдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа эл намын удирдлагууд бие биенийхээ эсрэг мэдэгдэл хийн эсрэг тэсрэг мэдээлэл өгсөөр байтал хэн нь хэн болохыг ялгахад бэрх болоод байгаа. Иймээс бид ээлжит бус Их хурлаар намын дарга болоод байгаа Д.Басандоржтой уулзан ярилцлаа.

-Ногоон намд ямар үйл явдал болоод байна вэ. Сүүлдээ ч учир нь олдохгүй холион бантан болчих шиг.
-Ерөнхийдөө Ногоон намыг татан буулгаад ИЗН-тай нэгтгэнэ гэсэн асуудлаас болоод үндсэндээ нам дотор зөрчилдөөн үүссэн. Д.Энхбат, С.Оюун хоёр гэрээнд гарын үсэг зурсан. Санамж бичиг эсвэл гэрээний төслийн тухай ярьж байгаа бол өөр асуудал. Гэтэл тэгээгүй. Тэд шууд Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчөөд хоёр нам нэгдэнэ гэдэг гэрээ байгуулаад олон нийтэд хоёр нам нэгдсэн гэсэн ойлголт өгч байна. Ногоон нам бол 20 жилийн түүхтэй, ардчиллын анхны намуудын нэг. Үүсгэн байгуулж байсан миний хувьд ч тэр, манай намыг дэмждэг бүх хүн нэгдэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Бүр олон нийтээс “Яагаад Ногоон намыг оролдоод байгаа юм бэ” гэсэн асуулга авч болохгүй юу гэсэн жирийн хүмүүс ч бий болоод байна. Гэтэл нөхөр Д.Энхбат Иргэний холбооноос орж ирсэн цөөн хүнтэй хамтраад, нам устгах асуудал яриад байгаа байхгүй юу. Тиймээс Д.Энхбатыг “Өөрөө явдаг замаараа явна биз. Ногоон намаар битгий оролдооч” гэж хэлмээр байна. Хэл амаа ойлголцож болох байх гэж бодож байсан. Гэтэл бүр эсрэгээрээ биднийг доромжилж, сонгуулийн ченж гэх мэтээр гүтгэж, зарим гишүүнийг маань дарамталж эхэлсэн. Тэр хүн нэгэнт намайг тийм том эрүүгийн гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бол яагаад өдий болтол нууж, хааж явчихаад өнөөдөр сонин дээр гаргаж тавьж байгаа юм. Хуулийн байгууллагаар шалгуулж, тогтоолгохгүй яасан юм. Үнэхээр би тийм гэмт хэрэгтэн байвал тэр замаараа явах ёстой. Тэр ерөөсөө л гүтгэж, ард түмэнд хар PR хийх замаар бохир улс төр хийж байна. Тэгээд намаас хөөчихөөд байхад намын асуудалд оролцоод байгааг нь эсэргүүцэж түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Хуулийн заалт, бүх үндэслэлийг нь гаргаж өгсөн байгаа. Бид хоёрдугаар сарын 19-нд Онц их хурлаа зарлаж хуралдуулсан. Учир нь бид нэгдүгээр сарын 31-нд гэрээнд гарын үсэг зурсан. Уг нь анх ИЗН манайд нэгдэх гэнэ, хүлээж авах уу гэсэн. Намууд нэгдэе, нийлье гэж байгаа бол хүлээж авалгүй яах вэ гэж хэлсэн. Гэтэл гэнэт “ИЗН-тай бид нэгдэхээр болчихлоо, уучлаарай. ИЗН бүх аймаг орон нутагт салбартай. Түүнийг нь татан буулгана гэдэг жил гаруй хугацааны ажил болно. Хамгийн амархан нь Ногоон нам ИЗН-тай нэгдэх явдал боллоо” гэсэн. Ерөөсөө л манай намаар дамжиж, УИХ-ын гишүүн болоод цаашдаа улс төр хийх гэсэн санаатай. Бидэн дээр гишгэж, цаашаа явах гэсэн санаа юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс энэ хүн Ногоон намд байх, ногоон үзэл бодолтой хүн биш юм байна. Зөвхөн улс төрийн ашиг сонирхол хөөж яваа юм байна гээд манай гишүүд эсэргүүцсэн юм.
-Гэхдээ тэр Онц их хурлын шийдвэрийг хүчингүй гэж Д.Энхбат гишүүн үзээд байгаа юм билээ шүү?
-Намын бага хурал 21 гишүүнтэй байдаг. Түүний  12 нь ажил төрлийн шугамаар гадагшаа явсан. Бүр намаасаа гарсан ч бий. Түүнээс гадна таван бага хурлын гишүүн нам нэгдэхгүй гээд явж байгаа. Цаана нь ердөө дөрвөн хүн л үлдэж байгаа байхгүй юу. Үндсэндээ Ногоон намын бага хурал тарж, шийдвэр гаргах чадваргүй болж байгаа юм. Дээр нь хоёр намын даргыг ёс зүйн алдаа гаргасан гээд манай Дүрэм, ёс зүйн хороо намаас хөөсөн байгаа. Бид “Намаа аврах хөдөлгөөн” байгуулаад манай Дүрэм ёс зүйн  хорооны шийдвэр эцсийн шийдвэр болдог. Энэ байгууллага албан ёсоор Их хурал хуралдуулж, нам дотор үүссэн улс төрийн нөхцөл байдлыг шийдэх нь зүйтэй гэсэн үүрэг өгч, үүний дагуу Онц их хурлаа хуралдуулсан. Манай намын Их хуралд 300 гаруй төлөөлөгч ирсний  238 нь яг мандаттай, бүх нэр, хаяг гээд холбогдох зүйлсийг нотлох баримт болгож, шүүхэд өгсөн байгаа. Гэрэл зураг, видео бичлэг ч бий. Энэ хүмүүс үндсэндээ Д.Энхбатыг намын гишүүн гэж танхигүй байгаа. Д.Энхбатыг 1990 онд хаана явсныг бид мэдэхгүй. Тэр үед бид ардчиллын төлөө, анхны улс төрийн намыг байгуулаад явж байсан. Д.Энхбат бол 2008 онд л манайд элссэн. Тэгээд УИХ-ын гишүүн болоод манай намд хоёр гурван жил л болсон хүн. 1990 оны гишүүд, Ногоон намыг байгуулалцаж, авч явсан хүмүүсийг үгүйсгэж болохгүй. П.Бадарч гуай гэхэд л анхнаасаа  Ногоон намын гишүүн байсан хүн. Д.Энхбат намайг намын даргын хувьд олон нам хутгасан, сонгуулийн ченж хийдэг, гадаадын баахан төсөл авдаг, нэг суудлыг нэгээс таван сая төгрөгөөр зардаг гэх мэтээр тамтаггүй баян гэмт хэрэгтэн болгоод тавьчихсан даа. Энэ нь цаашаа даамжирвал нийгэмд ямар байдал үүсгэх вэ гэдгийг бодож үзсэн. Бид ямар нэг мэдэгдэл хийхгүйгээр чимээгүй байгаад байвал гишүүд ч буруу ойлголт авч, цаашлаад буруу зам руу явах юм байна гэдгийг мэдэрсэн. Тиймээс энэ нөхрийг дахиж битгий худлаа ярьж, ард түмэн, гишүүдийг үймүүлээч, Ногоон намаас явах гэж байгаа бол явдаг замаараа яваач. Бид Ногоон намыг хэзээ ч устгаж, өөр намтай нэгдэхгүй гэдэг тал дээр манай гишүүдийн 90 гаруй хувь нь бат зогсч байгаа.

УИХ-ын гишүүний зөөлөн суудалд суулгасанд баярлах хэрэгтэй

-Өөрөөр хэлбэл хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэдэг шиг үйлдлийг таслан зогсоох ёстой л гээд байгаа хэрэг үү?
-Тийм ээ, тэр хүн бидэнд баярлах ёстой. УИХ-ын гишүүн боллоо. Түүнийг зөөлөн суудал дээр бид аваачиж суулгалаа. Иймээс Ногоон намын буянд Д.Энхбат та ийм болчихоод эргээд намаа өшиглөнө гэдэг асуудал байж болмооргүй юм аа. Битгий биднээр оролдоод бай, явдаг замаараа л яв гэж хэлэх байна.
-Нөгөө талаасаа Ногоон нам байгуулагдаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд парламентад огт суудалтай байгаагүй. Нэг хүн суудалтай болголоо. Парламентад суудалтай болно гэдэг бол аливаа намын гол зрилтуудын нэг байдаг. Ингэж суудалтай болгосон хүн ногоон үзэл баримтлалыг улам дэлгэрүүлэхийн тулд бусадтай нэгдэхийг хүссэн байж болно шүү дээ. Та бүхэн түүнийг нь сайн ойлгохгүй байгаа юм биш үү?
-Ногоон нам байгуулагдсан цагаасаа эхлээд парламентын нам байсан. Анх 1992 онд Улсын бага хуралд манайхаас Бямба гэж хүн суусан. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэлтэй хамт засгийн эрх барьж, эвсэл ялсан учраас парламентын эвсэл гэж явж байлаа. 2000-2004 онд “ИЗН-Ногоон нам”-ын эвсэл С.Оюун гэсэн төлөөлөлтэй байсан. Ерөөсөө ч тасраагүй шүү дээ. Сая бид энэ хүнд итгэж, түүнийг эрүүл, саруул, цэвэр хүн байх гэж найдаад оруусан чинь нөгөөх маань Ногоон намаар дамжиж, УИХ-ын гишүүн болоод, өөрөө өөр шугамаар явах гэж байсан юм байна. Ногоонтон биш, Ногоон үзэл бодлын төлөө тууштай тэмцэх хүн биш байна гэдгийн бид таньж мэдсэн учраас түүнээс салж, намаа эрүүлээр нь авч явахаар шийдсэн. Ногоон нам бол цэвэр нам, ямар нэг улс төрийн бохир арга хэрэглэдэггүй. 20 гаруй жилийн турш манай намд иймэрхүү тэмцэл будлиан, гарч байгаагүй. Д.Энхбат л орж ирээд ийм зүйлийг хийж байна. Мөнгөний нам болгож байна. Гишүүдийг дотор нь эвдрэлцүүлж байна. 3000 гаруй гишүүнтэй байсан нам 500 гаруйхан гишүүнтэй л болсон. Яг энэ хүний гарын үсэгтэй, бүртгэлтэйгээр нүдэн дээр шүү дээ. Учир нь хүмүүсийг өөрийн компанийн ажилчид шиг элсүүлж эхэлсэн. Улс төрийн нам гэдэг бол тодорхой үзэл баримтлалтай байдаг. Гэтэл өөрт таалагддаг, өөртэй нь аятайхан харьцдаг хүмүүсийг бүрдүүлээд, тэднээр дөрөөлөн дараагийнхаа улс төр хийнэ гэсэн зорилготой хүн байна. Тиймээс ногоотнууд ногоон үзэлдээ үнэнч байна.

Ногоонтнууд либералиудтай нэгддэггүй юм

-ИЗН-тай танай намын үзэл баримтлал нэгдэн нийлэх боломж, гарц ер нь бий юу?
-ИЗН-ын либерал үзэл бодолтой ногоон үзэл нэгдэнэ гэхээр дэлхийн Ногоон намууд гайхаад барахгүй байгаа. Тэд огт зөвшөөрөхгүй байна. Хэчнээн мөнгө, эрх ашгийн төлөө явж байлаа ч энэ хоёр намын явах шугам нь дэлхий дээр тэс өөр байдаг. Тэгэхээр бид онолын түвшинд асуудлаа ойлголцоод зүүнтэн, баруунтан, либерал үзэл гэж хуваагддаг. Энэ үндсэн зарчимаа хүртэл мартаад үндэсний эрх ашиг гэдэг ерөнхий малгайтай дор өөрийн суудлаа бэхжүүлэхээр зүтгэсэн бохир улс төр яваад байна л даа. Улс төрийн хямрал Монголд бүхэлдээ нүүрлэчихсэн байгаа. Энэ дотор бид ийм бохир улс төрөөр огт явж болохгүй. Явж явж, энэ олон нам өрсөлдсөөр байгаад эцэст нь ногоон үзэл баримтлалтай, ногоон санааг дэмжлэг нам л үлдэнэ. Тэр орон зай нь байж байгаа. Хэт либерал үзлүүд алга болно. Либерал үзэл гэдэг бол ерөөсөө л “Иргэн баян бол улс баян” гэсэн суурьтай. Тэд байгалийг цөлмөөд, хурдан ашиглахыг уриалдаг болохоос экологийн асуудал хамаагүй гэдэг. Эргээд экологийн сүйрэл нь баялгаа үгүй болгож байна. Өнөөдөр АНУ ийм зарчмаар явлаа, бусад үзлээр явсан намууд өнөөдөр хөгжлийн мухардалд орж гарах гарцгүй болчихоод байна шүү дээ. Тэгээд экологийн асуудлаа ярьж эхэлж байгаа. Эдийн засгийн өсөлт биш, эдийн засгийн ухрал авчирсан ийм улс төр байгаад тэр нь мухардалд орчихоод байгаа юм. Уул уурхай түшсэн эдийн засгаар Монгол Улс хөгжих гэж байгаа юм чинь экологийн төлөө явдаг манай Ногоон нам нь байж байх ёстой. Дэлхийд экологийн тэнцэл алдагдсаны нэг тод жишээ бол Японы хямрал. Цунами, газар хөдлөлт, цөлжилт гэдэг бүгд байгальтайгаа XX зуунд буруу харьцсаны гай. Байгаль хүн төрөлхтнөөс өшөө хорслоо авч байна. Ойрын үед дахиж том гамшгууд болохыг үгүйсгэх арга байхгүй. Энэ гамшгийн үр хөврөл дахин олон гамшгийг авчирна. Ийм үед ногоон үзэл санаа, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх замаар улс орныг тогтвортой, ирээдүйн баталгаатай хөгжүүлэх шаардлагатай. Ногоон үзэлдээ үнэнч нь Ногоон намаа аваад үлдэе гэж байгаа юм. Түүнээс биш Д.Энхбаттай суудал булаацалдаж, дарга болох гээд үзэн ядаад байгаа зүйл огтоос байхгүй. Тэр харин өөрийгөө бидэнд таниулаад өгчихлөө. Ногоонтнууд өөрсдөө их цэвэр, үнэнч хүмүүс байдаг. Ядуу боловч бид тодорхой зорилгын төлөө, нийгмийг ногооруулахын төлөө байдаг. Өөрсдөө дарга, түшмэл болоод явахгүй ч гэсэн ард түмнийг, улс төрийн том намуудыг ногоон үзлээр хүмүүжүүлье гээд, үүнийгээ төрийн бодлого болгоё гэж нэгдсэн л хүмүүс. Бид заавал томорно, гуравдахь хүчин болно гэж огт хүсээгүй. Гурав дахь байтугай, тэргүүлэх хүчин болох ёстой. Би гуравдугаар байранд орохын тулд барилддаг бөх байдаггүй шүү дээ. Ногоон нам өөрөө тэргүүлэх нам байхын төлөө явах болно. Хамгийн гол нь цэвэр улс төр байх ёстой. Үүнийг бүрдүүлэхийн төлөө бид зүтгэж байна. 1990 оны анхны намын хувьд бид өнөөдөр ардчиллыг баталгаатай болгосон. Үгээ чөлөөтэй хэлдэг, хувийн өмчтэй болсон гээд ардчиллын олон амжилтыг бид хамт бүтээсэн. Үндсэн хууль батлахад оролцож байсан. Хүн эрүүл, аюулгүй, экологийн орчинд амьдрах ёстой гэдэг үг, өгүүлбэрийг Ногоон нам Үндсэн хуульд оруулсан. Тиймдээ ч бид агаар, усны бохирдлын тухай өнөөдөр ярьж байна. Тийм эрх зүйн орчин бүрдүүлж чадсан л байна. Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын үед би Байгаль орчны яаманд ажиллаж байсан. Үүгээр дамжуулаад Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг өргөтгөх гэх мэт маш олон байгаль орчны хуулийг гаргасан. Ийм тодорхой ажил хийж байсныг огт мэдэхгүй тэр хүмүүс үгүйсгэн “Нам унтаж байсан. Би УИХ-ын гишүүн болоод энэ бүгдийг хийлээ” гэж ярьж, явуургүй улс төр хийж болохгүй. Ийм хүнээс эртхэн салсан нь дээр.

150 сая төгрөг дансанд орсныг бид мэдээгүй

-Та мөнгөний нам болгож хувиргаж байна гэж хэллээ. Энэ юу гэсэн үг вэ?
-Д.Энхбат өөрөө асар их мөнгө яриад байгаа юм. Хулгайч хүн хулгайчийг бариарай гэж орилдог. Түүн шиг жижиг намууд тойргуудад ажиллаж, мөнгө авдаг. Гаднаас баахан төсөл авчирч, мөнгө иддэг гээд яриад эхэллээ. Үүнээс нь харахад энэ хүн өөрөө мөнгөний хүн юм байна. Нэг л жишээ хэлэхэд Иргэний эвсэл гэж гурван нам эвсээд 2008 оны сонгуульд орж суудал авсан шүү дээ. Д.Энхбат ч ганцаараа авчихаагүй, Иргэний эвслийн тэр олон дэмжигдчийн хүчээр авсан суудал. Үүнд ёс зүйн хувьд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Улс төрд ёс зүй ихээр алдагдаж байна. Гараад л ард түмнээ мартдаг, зөөлөн суудалтайгаа зууралддаг. Сонгогдсон тойргоо мартдаг гишүүний нэг л тэр Д.Энхбат гэдэг нөхөр болчихоод байна. Ерөнхий рейтингийг тогтооход ердөө 16 хувьтай байгаа байхгүй юу. Хамгийн бага рейтингтэй гишүүн нь Д.Энхбат байж байгаа юм. УИХ-даа сууж, ажлаа хийхийн оронд бохир улс төр хийгээд явж байдаг.
Манай эвсэлд 150 мянган хүн санал өгсөн. Төрөөс авсан санал нэг бүрийг 1000 төгрөгөөр үржүүлж, тухайн намд өгдөг. Иймээс манайд 150 сая төгрөг өгсөн юм билээ. Тэр мөнгө манайд орж ирснийг бид огт мэдээгүй. Гэтэл Д.Энхбат Соцдекийн даргад 10 саяыг, Ж.Батзанданд 30 саяыг өгөөд бусдыг нь өөрөө авчихсан л байгаа байхгүй юу. Энэ нь түмний нүдэнд ил болж гарч ирж байгаа юм. Тэгэхээр тэр өөрөө мөнгөн дээр ажиллачихсан л байгаа биз дээ. Гэнэт хаа сайгүй л Ногоон намын тухай яриад эхлэхээр хуучин гишүүд маань босч ирсэн. Нам маань амьд байгаа юм байна гээд хөдөлгөөнд орж эхэллээ. 13 аймагт намын үүр сэргэж байгуулагдсан. Нийслэлийн бүх дүүрэгт үүрээ шинээр байгууллаа. Тэгээд намынхаа төлөө тэмцээд эхлэхээр “Энэ хүмүүс намд байгаагүй ээ” гэж Д.Энхбат доромжилсон. Харин ч гишүүд “Бид энэ хүнийг танихгүй юм байна. Хаанаас ирсэн хэн юм. Толгой дээр гарчихаад яагаад давраад байна. Энэ хүнийг ерөөсөө л намаас гаргая. Гишүүдээ таньдаггүй, үзэл баримтлалаа хамгаалдаггүй, байгаль экологийн тулгамдсан асуудлаар ганц удаа дуугардаггүй, телевизийн нэвтрүүлэгт ороод л сайхан яриад сууж байдаг. Амьдрал дээр юу болоод байгааг мэддэггүй, уул ус нь яагаад бохирдоод гол мөрөн нь яагаад ширгээд байгааг анзаардаггүй. Агаарын бохирдлоос болж монголын шинэ иргэд бүгд уушигны бронхиттой төрж байна. XXI зууны монголчууд эв эрүүл, сав саруул байх ёстой гэтэл яагаад энэ асуудлаар Засгийн газарт асуулга тавьж  шахдаггүй юм” гэж байгаа. Ерөнхий сайдын дэргэд байгаль орчны зөвлөхтэй, УИХ-д Ногоон намын төлөөлөлтэй байж огт ажилладаггүй. Хамтдаа олон асуудал шийдэж, олон ажил хийнэ гэж амласан хүмүүс мөнгөний төлөө орж ирээд цаашдын ашиг сонирхлынхоо төлөө явж байна гэдэг нь тодоос тод боллоо. Тиймээс ийм хүмүүстэй ногоонтонгууд хамт байхгүй. Намаа эрүүл саруулаар нь авч үлдэе гээд Онц их хурлаа хуралдуулаад дээд шүүхэд хандсан байгаа. Удахгүй дээд шүүх асуудлыг нааштайгаар, хуулийн хүрээнд шийдэх байх.
-Нөгөө талаасаа та нарыг, тухайлбал таныг Н.Энхбаяраас мөнгө авсан. Н.Энхбаяртай нийлж, түүний явуулгаар энэ үйл ажиллагааг хийж байна гэсэн яриа гарсан. Та үнэхээр экс Ерөнхийлөгчтэй уулзсан юм уу?
-Бид тэр Н.Энхбаяр гэдэг хүнтэй уулзаж байгаагүй, мэдэх ч үгүй. Нэг зүйл болж, хардаж, сэрдэхээрээ Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбох юм. Их өндөрлөгт байгаад гэнэт буугаад улс төрийн тэмцэл дунд байгаа болохоор л тэр хүнтэй нийлүүлэн хардаж сэрдээд байгаа юм байх. Тийм баримт байгаа бол гаргаж тавиад хуулийн хүрээнд шийдүүлэх хэрэгтэй. Энэ бол ардчилсан шударга нийгэмд байдаг хэм хэмжээ биш шүү дээ. Бас л нэг бохир улс төр хийх гэсэн хүмүүсийн атаархал байхгүй юу. Өөрөө тийм бохир учраас хүнийг тийм гэж боддог. Өөрөө тийм биш бол хүнийг тэгж хардахгүй. Яаж орооцолддогыг мэддэг болохоороо л хардаж байгаа юм. Зовлон үзсэн хүн амьдралыг сайн мэддэг шиг яаж хутгалддагыг мэддэг болохоороо биднийг холбож хардаад байгаа байх л даа. Өөрсдөө тэгж ажилладаг учраас түүгээрээ л сэтгэж байгаа юм. Бидэнд ямар ч харьцаа байхгүй. Байгаа бол баримтыг нь гаргаж ирээд хууль шүүхийн байгууллагад нь аваачаад өг л дөө. Шүүхээр шийдүүлээгүй байж хүнийг хардаж, сэрдэж, гүтгэн доромжилно гэдэг Эрүүгийн хууль зөрчиж байна гэсэн үг. Тиймээс бид шүүхэд өгсөн. Энэ хүнийг шүүдэх өгнө гэдэг бол би өөрийгөө шүүхэд өгч байна гэсэн үг байхгүй юу. Намайг ч бас шалгана шүү дээ. Намайг сонгуулийн ченж хийж 7.5 тэрбум төгрөг авсан гэсэн. Би тийм баян байсан бол өдийд ингээд сууж байхгүй тэр Саудын Араб энэ тэр лүү нь аль хэдийнэ яваад өгнө биз дээ.

Хөөрхий амьтан, УИХ-ын гишүүн байж хууль мэддэггүй юм билээ

-Д.Энхбат гишүүн өөрөө та нарыг түрүүлж шүүхэд өгөх байсан гэсэн байна билээ.
-Бид Ногоон намаа авч үлдэе гэснээрээ шүүхэд очих юм уу. Хөөрхий амьтан, УИХ-ын гишүүн мөртлөө огт хууль мэддэггүй юм байна лээ. Улс төрийн намуудын тухай хуульд бий. Нам доторх маргаантай асуудлыг аль ч шатны шүүх шийддэггүй. Зөвхөн дээд шүүх  шийднэ. Манай намын дүрмэнд хамгийн эцсийн шийдвэрийг намын Дүрэм, ёс зүйн хороо гаргана гэсэн байгаа. Тэр хороо шийдвэрээ гаргаад Д.Энхбатыг намаас хөөсөн. Э.Зоригтыг бас явуулсан. Онц их хурлаа хуралдуул гээд үүрэг өгчихсөн. Тэр шийдвэр нь байгаа юм чинь дээд шүүх дээр очоод тийм л хариу гарна шүү дээ. Хуулийн хүрээнд явбал тийм л шийдвэр гарна. Д.Энхбатад Их хурал хуралдуулах эрх байхгүй. Намаас хөөгдсөн хүн шүү дээ. Энэ сарын 26-нд хуралдуулна гээд байгаа юм. Өөрийнхөө бэлдсэн хэдэн хүнийг гар өргүүлээд өнгөрнө биз. Өмнө нь яг ингэж дарга болж байсан юм. Түүн шигээ зүйл хийх гэж байгаа бол санасны гарз. Үүний эсрэг бид тууштай тэмцэнэ. Дээд шүүхээс шийдвэр гарчихвал Их хурал зарлах ямар ч шаардлагагүй болно.
-Ер нь Ногоон нам хүрээгээ тэлж, ИЗН-тай нэгдэх нь тийм буруу үйлдэл үү? Үзэл бодлын хувьд таарахгүй байж болно л доо. Гэхдээ гуравдагч хүчний орон зай дутагдаад байгаа Монголын улс төрийг эрүүлжүүлэх гэсэн том асуудал байна шүү дээ.
-Улс төрийн намууд нэгдэхийг бид буруутгаагүй. Цаг үе, улс төр их хурдан өөрчлөгдөж байна. 2010 онд гуравдагч хүчний орон зай хоосон байсан. 2011 он өөр болчихлоо. Ардын нам, Хувьсгалт нам гээд хоёр задрал болчихлоо. Н.Энхбаяр дээр иргэний хөдөлгөөнүүд нийлээд нэг блок үүсгэлээ. Ийм байхад дөрөвдөгч хүчин л болох гээгүй юм бол  яаж гээд байгааг ойлгохгүй байна.  Цагийн юмыг цагт нь хийх хэрэгтэй. Цаг үеээ мэдэрдэг байх ёстой. Намууд нэгдэх нь зөв, гэхдээ механик нэгдэл хэрэггүй. Өнөөдөр Ардчилсан нам дотроо таван фракцтай. Энэ үзэгдэл нь хүсээгүй байхад нь аваачиж нэтгэснээс дотроо хагарал үүсээд байгаа хэрэг. ИЗН-тэй нийлчихээд дотор нь ногоон блок гээд нэг фракцтай, либерал гээд бас нэг өөр бүлэгтэй байвал утгагүй биз дээ. Энэ нэгдэл бодитой, хүсэн хүлээсэн нэгдэл биш. ИЗН-ын рейтинг доошиллоо шүү дээ. Ногоон намынх нэлээд өссөн байна. Манай намын нэр дээд шүүхийн бүртгэлээр гуравдугаарт бичигддэгт л хамаг асуудал байгаа байхгүй юу. Түүн рүү л тэмүүлээд байгаа хэрэг.
-2008 онд Д.Энхбат гэдэг хүнийг анх элсэхээ ирэхэд та бүхэн яриа хэлцэл хийсэн л байлгүй дээ. 20 жилийн түүхтэй намаа зүгээр нэг нөхөрт даатгаад хаяихааагүй байх?
-Анх би Форумын Д.Энхбат гэдгээр нь л мэддэг байсан. Шударга хүн байна л гэж бодсон.  Гэтэл андуурсан байна. Шударга хүн байвал хэл амаа ололцоод ажиллах ёстой. Гэтэл огт хүнтэй хэл амаа олж ажиллаж чаддаггүй. Өөрийнхөөрөө л зүтгэдэг. Энэ намд янз бүрийн түвшний хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй, арга эвээ олдоггүй. Эхлээд нам дотроо хэл амаа олчихоод  дараа нь өөр намтай нэгдэх тухай ярих хэрэгтэй байхгүй юу. Дотроо учраа олоогүй байж өөр намтай нэгдэх тухай ярих нь утгагүй. Аав, ээжтэйгээ танилцуулаагүй, хэлээгүй байж энэ хүнтэй сууна гэж монголчууд толгой мэдэн зүтгэдэггүй биз дээ. Яг л ийм зүйл болоод байгаа юм. Нам дотроо учраа олж чадахгүй байгаа улстөрч гадагшаа бүр хөл алдана шүү дээ. Биеэ засаад гэрээ зас, гараа засаад төрөө зас гэдэг биеэ засаагүй байж төр засна гэж далдганаж яваад юу хийх вэ. Эхлээд өөрийгөө л засах хэрэгтэй.
-Их хурал болсны дараа таныг Д.Энхбатаас уучлалт гуйсан гэж байсан.
-Үгүй. Би огт тийм зүйл хийгээгүй, шаардлага ч байхгүй. Д.Энхбатаас ямар уулчалт гуйх юм. Нам бусниулж байгаа хүнээс юу гэж уучлалт гуйх вэ. Надтай уулзья гэсэн санал ч тавиагүй. Бид хангалттай хүлээсэн. Намын гишүүд өдөр, цаг заагаад намын байрандаа хүлээн учир байдлаа ярилцья гэсэн. Э.Зоригт, Д.Энхбат хоёр хоёулаа ирээгүй. Бид ингээд асуулга тавьж хугацаа өгсөн. Хариулахгүй бол дараагийн арга хэмжээ авна шүү  гэсэн. Түүнийхээ дагуу гишүүдийнхээ оролцоотой асуудлаа шийдээд явж байна. Түүнээс биш уучлалт гуйх шаардлага байхгүй. Манай намд ирэхэд нь бид УИХ-ын гишүүн болголоо. Харин бидэнд баярлалаа гээд, эргээд биднээс уучлалт гуйх ёстой.

М.Мөнхчимэг/www.shudarga.mn/


URL:

Сэтгэгдэл бичих