Монгол банкийг айлгасан хадны мангаа буюу нийлүүлэлтээс үүдэх инфляци

ИНФЛЯЦИ 15 ХУВЬД ХҮРЛЭЭ
Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ирэх онд үнийн өсөлтийг найман хувиас хэтрүүлэхгүй хэмээн амласан. Тэрээр энэ амлалтаа яаж хэрэгжүүлэх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж яваа. Гэтэл инфляци одоо 15 хувьд хүрчихээд байна. Үүнийг таасан мэт хааяа жинтэй дуугардаг эдийн засагч Д.Жаргалсайхан “Энэ өдрүүдэд Монголын ч, Японы ч төв банкуудын ерөнхийлөгч нарын толгой яг адилхан өвдөж байна. Н.Золжаргал Ерөнхийлөгчийн толгойн өвчний гол шалтгаан нь яавал үнийг өсгөхгүй (инфляци) байх вэ гэдэгт чиглэж байгаа бол, М.Ширагавагийнх яавал үнийг унагахгүй (дифляци) байх вэ гэсэн зовиураар илэрч байгаа. Үнийн хэт өсөлт, эсвэл хэт уналт хоёулаа эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг. Төв банкны буюу мөнгөний бодлого нь арилжааны банкуудаар дамжин үнийн өөрчлөлтөд нөлөө үзүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээтэй зохистой хосолж чадвал тухайн орны хөгжилд хүчтэй нөлөөлдөг гэж хэллээ.

Мөн тэрээр “Ноён Золжаргал улс төрийн шахалтад бүрэн оржээ. Өмнө нь өөрийнх нь хашиж байсан албан тушаал дээр эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон нэг намын даргын сургууль дөнгөж төгсөж ирсэн 24 настай залууг томилсон нь Төв банк Засгийн газраас хараат болсныг баталгаажуулав” гэлээ. Үүнд улс төрийн өнгө аяс байвч цаанаа төрийн мөнгөний бодлогыг зохицуулдаг Төв банкны үйл ажиллагаанд Засгийн газар хэтэрхий хутгалдах нь осолтой гэдгийг сэрэмжлүүлсэн болов уу.

ИТГЭЛ НАЙДВАРЫН ДӨРВӨН ДЭД ХӨТӨЛБӨР
Юутай ч “шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр Засгийн газар, Монгол банк хамтран ажиллаж багагүй зүйл санаачлан хийж буйг энд дурдах хэрэгтэй. Тухайлбал ирэх 2013 оны эцэс гэхэд инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй барих зорилтыг Монгол банк тавиад байгаа. Энэ зорилтын хүрээнд Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулав. Уг хөтөлбөрт “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”,
“Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” гэсэн дөрвөн дэд хөтөлбөр багтаж байна. Саяхан Монгол банкин дээр “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх уулзалт болов. Тус уулзалтад Монгол банк, Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам болон Монголын Логистын холбоо, Хүнс импортлогчдын холбоо, Барилгын ассоциацийн төлөөллүүд оролцсон байна.

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Бидний зүгээс эрэлтийн чанартай инфляцийг мөнгөний бодлогоор барьдаг. Харин нийлүүлэлтийн чанартай инфляцийн учир шалтгааныг олохоор хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийг барих үүднээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах шаардлагатай байгаа. Энэ шаардлагаас улбаалан салбар яамдуудтай хамтарч Улаанбаатар төмөр замд зээл олгож, төмөр замын ачааны эргэлтийг нэмэгдүүлэх замаар импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зардлыг багасгаж, үнийг барих боломжтой” гэлээ. Хурлын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд тээврийн зардал ихээхэн нөлөөтэй тул түүнийг хэрхэн хэмнэх татаар ярилцсан байна. Мөн хүнс болон барилгын материал зөөх, тээвэрлэхэд галт тэрэг учир дутагдалтай байдаг тул галт тэрэгний терминал нэмж байгуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байв. Тэрчлэн хүнсний бүтээгдэхүүнийг хил дээрээс тээвэрлэхдээ барилгын материал ачсан галт тэргэнд шууд ачдаг нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг асуудлыг хөнджээ.

120 ТЭРБУМЫН ЗЭЭЛ УТГАА АЛДАХ ВИЙ
Гэвч энэ мэт алхмуудыг хийж байгаа ч Засгийн газар, Монгол банк инфляцийг буулгах талаар олигтой зүйл хийхгүй байна гэсэн шүүмжлэл дагуулсаар байна. Тухайлбал эх үүсвэрийг нь хэлэлгүйгээр арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортолж түгээдэг компаниудад Монгол банк олон тэрбум төгрөгийг маш бага хүүтэйгээр зээлж үнийг тогтворжуулах гэсэн явдал юм. Энэхүү 120 тэрбум төгрөгийн зээлийн үр дүн хэзээ хаана яаж гарахыг таахад бэрх. Товчхондоо маш эрсдэл дагуулсан зээллэг гэхэд болно. Нефть импортлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэн дотоодын нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ихэсгэх зорилготой. Гэтэл ОХУ манайд нефть бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ багасгаж, эсвэл дахин үнэ, татвараа нэмбэл яах вэ гэдгийг хэр тооцсон бол? Нефть бүтээгдэхүүний гадаад үнэ нэмэгдвэл, эсвэл хомсдол үүсвэл дотоодын шатахууны үнэ хүссэн хүсээгүй нэмэгдэнэ. Тэгвэл зээлийн зорилго ямар ч утгагүй болно. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Засгийн газар, Монгол банк дотоодын шатахууны үнийг түр зуур тогтвортой барихын тулд нефть импортлогчдыг 120 тэрбум төгрөгөөр хахуулдав” гэсэн мэдээлэл цацагдсаар байгаа.

ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТӨД ЮУ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?
Саяхан Монгол банкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, “Төв банкны бодлогын арга хэрэгслээр зохицуулах боломж багатай, нийлүүлэлтийн шинж чанартай буюу мах, гурил, шатахуун, цахилгаан дулааны үнийн өсөлт болон импортоор авч буй барааны үнийн өсөлт инфляцийн өсөлтийг голлон тодорхойлох болсон. Иймээс Монгол банк эрэлтийн шинжтэй инфляцийг бага байлгахаас гадна Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн шинж чанартай инфляцийн нөлөөллийг хязгаарлах чиглэлд хамтран ажиллах зорилгыг нэмж тусгасан. Энэ чиглэлээр зохих ажлууд хийгдэж эхлээд байна. Зорилтод түвшний хувьд 2013 онд инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй, 2014-2015 онуудад 5-7 хувийн түвшинд байлгах зорилт тавьсан. Төсвийн бодлого богино хугацаанд хэт тэлэх нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож, эрэлтийн шалтгаантай өндөр инфляцийг бий болгоно.

Иймд мөнгөний бодлогыг чангаруулж эдийн засгийн идэвхжлийг сулруулах замаар инфляцийн дарамтыг бууруулахад хүргэдэг. Харин нийлүүлэлтийн шокын үед инфляци болон үйлдвэрлэл нь эерэг чиглэлд өөрчлөгдөж энэ нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг мөнгөний бодлогоор бууруулах гэж оролдох нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөтэй гэж үзэж байна. Тиймээс бодлогын хүүг бууруулахаас өмнө инфляцийг үүсгээд байгаа суурь шалтгааныг эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэв.

“МӨНГӨНИЙ БОДЛОГОД ТААРУУХАН ДҮГНЭЛТ ӨГЧ БАЙГАА”
Гавьяат эдийн засагч доктор, профессор Г.Пүрэвбаатар, “Миний ойлгож байгаагаар инфляци үүсгэдэг 10 хүчин зүйл байдаг юм. Үүнээс мөнгөтэй холбоотой Монгол банк хариуцан, зохицуулж, хариуцлага хүлээх ёстой дөрвөн хүчин зүйлд нь, нийт мөнгө байвал зохих зохистой хэмжээнээс хэтэрвэл, гүйлгээнД байвал зохих бэлэн мөнгийг хэтрүүлэн гаргавал, цаасан мөнгийг (эмиссийг) гүйлгээнд хэтрүүлэн гаргавал, ханш хөөрөгдсөн гадаад валютаар юм уу эсвэл зохиомол өндөр ханштай төгрөгөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн борлуулбал тус тус инфляци үүсгэдэг. Тэгвэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт муудаж хомсдох, зарим чухал үйлчилгээ хүрэлцээгүй болсноос үнэ тариф өөрөө шууд өсөх, төсвийн урсгал зардал, цалин тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардлыг өндөр хувиар огцом нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний татвар төлбөрийг нэмэгдүүлснээс үүсэх инфляцийг Засгийн газарт хариуцуулж хариуцлага тооцох ёстой.

Гэтэл инфляцийг бүхэлд нь Монгол банкинд хариуцуулж байгаа буруу практикийг засах хэрэгтэй. Ирэх 2013 оны мөнгөний бодлогод тааруухан дүгнэлт өгч байгаа. Тодруулж хэлбэл явцуу, ажил хэрэгч бус, дэндүү хийсвэр, манай санхүү, эдийн засагтай ямар ч холбоогүй болсон байна. Жил бүр Монгол банк ийм хэвшмэл баримт бичиг боловсруулж, түүнийг нь УИХ хэлэлцэн баталсан болж, үр дүн нь юу болсныг тайлагнахгүй өнгөрдөг явдал зуршил болсон. Ингэж ор нэр болж байхын оронд нэг бол мөнгөний бодлогынхоо агуулга чанарыг сайжруулж, хамрах хүрээг нь өргөтгөн, ажил хэрэгч болгох, эсвэл болих хэрэгтэй. Өөр зам байхгүй. Энэхүү хэвшмэл баримт бичигтээ, инфляцийг нэг оронтой тоонд барина. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгана. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэх мэтхэнээр хязгаарладаг” гэлээ.

Ш.БАТЦОГТ

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих