Модны хулгайчдыг ангуучилж эхэллээ
Байгаль орчныг хамгаалах сарын аян үргэлжилж байна. Аяны хүрээнд хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээг Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас ЦЕГ, МХЕГ-тай хамтран эхлүүлжээ.
Энэ сарын 10- наас эхлүүлсэн ажлын хүрээнд Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дархан- Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт мод бэлтгэж, тээвэрлэн, худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд хяналт, шалгалт явуулж байна.
Үр дүнд нь цөөнгүй зөрчил илрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, модны хулгайтай тэмцэх ажил чамгүй эрчимжсэнийг дараах баримтуудаас харж болно.
БОНХЯ-ны дэргэд байгуулсан Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуурхай ажиллагааны тасгийнхан Сэлэнгэ, Төв аймгийн зарим суманд ажиллаж, албан тушаалтантай холбоотой тав, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой гурав, хувь хүнтэй холбоотой арав, эзэнгүй хоёр нийт 20 зөрчил илрүүлснийг УМБГ-т шалгаж байна.
Ойд явуулах үйл ажиллагааг энэ сарын 10-ныг хүртэл түр зогсоох захирамж гаргасан байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Ойн тухай хуулийн 17.2.18 дахь заалт /Ой хээрийн түймрийн аюултай үед ойд мод бэлтгэх, ойн дагалтат баялгийг ашиглах, ойд аялал, зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авах/-ыг үндэслэн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Түшиг сумдад мод бэлтгэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй ойн ангиараа ойн мод бэлтгэх талбай тусгаарлах ажлыг хийлгэж, мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг өөрийн орлогч В.Түмэндэмбэрэлд хариуцуулсан нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна. Засаг дарга Д.Сундуйн орлогч В.Түмэндэмбэрэл, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч С.Мөнхзул нар “Сэлэнгэ Хөх Чоно” ХХК-д бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ, гоожин хуваарь хэтрүүлэн, бөөнөөр олгожээ.
Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ Хөх Чоно” ХХК ойгоос мод бэлтгэх технологийн зааврыг удаа дараа зөрчсөнөөс гадна мод бэлтгэх хуваарь хэтрүүлсэн нь тогтоогдсон байна. Тус компани 2012 онд хэрэглээний мод 690 шоометр, түлээ 250 шоометр бэлтгэх хуваарьтай байтал, аж ахуйн хашаанд нь нарсан палк 686 ширхэг, 32-ын банз найман шоометр, зах банз хоёр шоометр, хэрэглээний мод 1420 шоометр байж. Бичиг баримтыг нь шалгахад их хэмжээний гарал үүслийн бичиг авч Улаанбаатар хот руу хэрэглээний мод тээвэрлэсэн нь тогтоогдов.
Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ЭБНЗ” ХХК нь зөвшөөрөлгүй газраас, зөвшөөрөлгүйгээр ногоон мод бэлтгэж байсан ба эдгээр компаниуд нь “Ойн тухай хууль”-ийн 35.4 заалтыг бүхэлд зөрчсөн байна. Ерөө сумын нутаг, Цонхлонгийн даваанд 100 орчим ногоон нарс мод, Хүдэр сумын нутагт хамаарах “16”-ын даваанд их хэмжээний ногоон нарс мод хууль бусаар бэлдсэн байсныг эзэн холбогдогчийг нь тогтоохоор орон нутгийн цагдаагийнхан ажиллаж байна.
Мөн аж ахуйн хашаанаасаа бичиг баримтгүйгээр мод тээвэрлүүлсэн Түнхэл тосгоны “Хангайн бүргэд” ХХК, түлээний модны стандарт биелүүлээгүй тээвэрлэсэн таван хүнд торгуулийн арга хэмжээ, таван хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэж цагдаагийн байгууллага, Байгаль орчны улсын байцаагч нарт хүлээлгэн өгчээ.
Нийслэл дэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд БЗД-ийн нутаг Улиастай, Гачууртын амны уулзварт хөдөлгөөнт эргүүл гаргаснаар зүүн чиглэлийн авто замын сүлжээгээр шалган бүртгэх товчоодод бүртгүүлэхгүйгээр нэвтрэх боломжтой замуудад хяналт тавьсан байна. Энэ үеэр 105 тээврийн хэрэгсэл шалгаснаас ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн таван тээврийн хэрэгсэл, айлууд хууль бусаар их хэмжээгээр мод бэлтгэсэн зөрчлүүдийг баримтжуулжээ.
Тахилт, Шижирийн даваа орчмын чиглэлд гарч ажилласан албан хаагчдаас үүрэг гүйцэтгэх хугацаанд нийтдээ 210 тээврийн хэрэгсэл шалгаснаас 600 шуудай, 2.5 шоометр мод тээвэрлэж явсныг илрүүлэн торгуулийн арга хэмжээ авсан байна. Партизаны нүхэн гүүр, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг 361-ийн гармын орчмын постын чиглэлд шалгалт хийх хугацаанд нийтдээ 325 тээврийн хэрэгслийг шалгаснаас хууль бусаар 50 шоометр мод, 1470 шуудай мод, 190 ширхэг плак, 10 боодол брус мод илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Нийслэлийн дүүргүүдэд гарсан байнгын постууд нийтдээ 453 тээврийн хэрэгслийг шалгаж, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар тээвэрлэсэн 13 шоометр мод, 990 шуудай түлээний, 18 шоометр палк модыг илрүүлэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Баянхонгор, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймагт нийтдээ 140 шоометр гаруй мод хууль бусаар бэлтгэснийг хурааж, тээвэрлэсэн найман автомашиныг илрүүлэн шалгаж байгаа аж.
Б.Номин
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: