Эд хөрөнгийн бүртгэлийг иргэд биеэр ирж хийлгэх шаардлагагүй болно

Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн салбар үүсч хөгжсөний 15 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын орлогч дарга Х.Цэцэгээгээс тодрууллаа.

-Ойн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Өнгөрсөн лхагва гарагт Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төсөл болон УБЕГ-аас хамтран “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт семинарыг зохион байгуулсан.

-Семинарын үеэр ямар асуудлыг ихэвчлэн хөндсөн бэ?

-Семинарын үеэр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн салбарын үүсэл хөгжил, өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьсан. Мөн Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгийн эрхийн төслийн “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн шинэ системийг тогтвортой хэрэгжүүлэх” зөвлөх багийнхан манай улсын эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг эрх зүйн орчинд, бүртгэлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү бүртгэлийн систем, хэрэглэгчийн үйлчилгээ ба мэдээлэл солилцоо, эд хөрөнгийн бүртгэлийн цахим систем ба цахим архив гэсэн чиглэлээр нарийвчлан судалж, үнэлгээ хийсэн тайлангийнхаа үр дүнг танилцуулсан. Түүнчлэн салбарын цаашдын чиг хандлагыг хэрхэн харж буйгаа оролцогчдын дунд нээлттэй байдлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, харилцан санал солилцсон.

-Энэ удаагийн семинарт ямар газруудын төлөөлөл оролцсон бэ?

-Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн газрын алба, Татварын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, USAID-ийн Бизнесийг дэмжих төсөл, Монголын банкуудын холбоо, Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн зөвлөл, Монголын нотариачдын танхим зэрэг төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл өргөн хүрээтэй оролцож эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, санал, зөвлөмжөө солилцсон нь маш чухал ач холбогдолтой уулзалт болсон. Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд бүртгэлийн үйл ажиллагааг байгууллага хамт олны хувьд байнга сайжруулахыг эрмэлзэж ажилласан. Гэхдээ цаашдаа юу хийх ёстой, бидний хийж байсан ажил зарчмын хувьд, эрх зүйн зохицуулалтын хувьд зөв байсан уу гэдийг эргэж харж ярилцах боломжийг уг уулзалт олгосон.

-Бүртгэлийн үйл ажиллагаанд хийж буй Мянганы сорилтын сангийн төслийн хувьд олон улсын стандартад нийцсэн зүйл байна уу?
-Олон улсын стандартад нийцхээр зүйл олон байгаа. Тодруулбал, бүртгэлийн ажил өмнө нь мэдээллийн технологийг ашиглах тал дээр учир дутагдалтай байсан. Учир нь бүх бүртгэлийг гараараа хийдэг. Мөн бүртгэлийн бичиг баримт бүгд цаасан хэлбэрээр байгаа гэх зэрэг олон дутагдалтай зүйл байгаа. Тиймээс үүнийг шинэ шатанд гаргаж дэлхийн нийтийн чиг хандлагын дагуу өөрчлөх гэж байна.

-Аливаа салбарын үйл ажиллагааг шинэчлэгдэхээр иргэдэд бага зэрэг хүндрэл үүсдэг. Тодруулбал, интернет ашиглах боломжгүй байхад заавал ашиглахыг шаарддаг гэх зэрэг хүндрэл гарах уу?
-Эхний ээлжинд өмнө нь цуглуулсан цаасан баримтуудыг цахимжуулах ажил хийгдэнэ. Тиймээс одоохондоо үйлчлүүлэгчдэд ямар нэгэн нэмэлт хүндрэл гараагүй. Харин бүртгэлийн ажилчдад нэлээд ачаалал нэмэгдэж байгаа. Учир нь өдөр тутмын ажлын хажуугаар хуучин баримтыг цахимжуулах хэрэгтэй болсон. Ер нь одоо хийгдэх гэж буй өөрчлөлт шинэчлэлийн дараа иргэд, үйлчлүүлэгчдэд ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж бодож байгаа. Харин ч одоо хийгдэж байгаа бүртгэлийн ажлыг бараг 100 хувь хөнгөвчлөх зорилготой өөрчлөлт хийгдэж байна.

-Эд хөрөнгийн бүртгэлийн салбарт иргэдийг ихээр бухимдуулдаг зүйл нь маш их оочер, дарааллын асуудал байдаг. Тиймээс одоо хийгдэж байгаа шинэчлэлийн дараа энэ асуудал үгүй болно гэж ойлгож болох уу?
-Энэ бүх асуудал хөнгөрнө. Тухайлбал, иргэд заавал биеэр ирж бүртгүүлэх шаардлага байхгүй болно. Хаана байна тухайн газраасаа интернетээр хүсэлтээ гаргаж, бүртгэлээ хийлгэдэг. Хэрэв тухайн үйлчлүүлэгч цахим хэлбэрээр хийлгэх боломжгүй бол өөрийн биеэр ирж бүртгэлээ хийлгэдэг болно.

-Эд хөрөнгийн бүртгэлийн шинэ төрөл их нэмэгдэж байна уу?
-Бүртгэлийн төрлүүд нэмэгдэж байгаа. Тухайлбал, шинээр хөдлөх хөрөнгийн бүртгэл нэлээд өргөн хүрээтэй хийгдэх болж байна. Учир нь хөдлөх хөрөнгийн бүртгэл буюу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн барьцааны тухай хуулийн төсөл хийгдэж байгаа. Мөн бид өмнө нь зөвхөн өмчлөх, барьцаа гэсэн гэрээнүүд хийдэг байсан бол одоо өмчлөх эрхтэй холбоотой гэрээний шинэ төрлүүд зах зээлийн хөгжилтэй холбоотойгоор нэмэгдэж байгаа.

Ж.Отгонмягмар


URL:

Сэтгэгдэл бичих