Наанаа шударга царайлдаг хотын дарга Э.Бат-Үүл цаагуураа харин олигархи байж
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл газрын наймаатай тэмцэхээ удаа дараа мэдэгдэж, үүгээрээ нийслэлчүүдэд бас ч гэж таалагдаж эхлээд байсан юм. Гэтэл ёстой л нөгөө өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж, өрөөлийнх дээр байгаа өвсийг харна гэгч болов. Түүний хүүгийн нэр дээр байдаг компани “Оргил” рашаан сувиллын дэргэд хоёр га газартай болох нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, шуугиан тарилаа.
Өнгөрсөн пүрэв гаригт нийслэлийн ИТХ-ын ээлжит бус чуулганаар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Энэ үеэр нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хотын дарга Э.Бат-Үүлээс дээрх газрынх нь тухай тодруулсан юм. Сандарч мэгдсэн хотын дарга “Эрдэнийн төгөл” хотхоныхоо асуудлыг шалгаж болно гэжээ.
Ингээд маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр Д.Амарбаясгалан хэвлэл мэдээллийнхний хамт “Сонор рекордс” компанийн нэр дээр баригдаж буй дээрх хотхонтой танилцахаар хүрэлцэн очсон нь мэдээллийн сайтууд болон телевизүүдээр гарав. Хотхоны харуул, хамгаалалтынхны хэлснээр уг хотхоны газар болон тэнд баригдаж буй 35 айлын хаус нь Э.Бат-Үүл даргын хүү Б.Чулуудай захиралтай “Сонор рекордс” компанийн нэр дээр байдаг нь лавтай юм байна.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч ИТХ-ын хуралдааны үеэр “хотхоныг очиж шалгаж болно” гэсэн нь өөрийнхөө “юм”-тайг баталсан хэрэг болсон билээ. Хотхоны хашааны хаалган дээрх нохойтой харуул нэлээд сүрхий хамгаалдаг юм байна. Очсон хүнийг оруулах нь бүү хэл, нохойгоо тавихад ч бэлэн сэтгэгдэл төрүүлнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Сонор рекордс” компанитай, гэр бүлийн жилийн 26.1 сая төгрөг гэжээ.
Гэтэл “Эрдэнийн төгөл” хотхоны нэг хаусны үнэ л гэхэд 600 саяас хол давж байгаа сурагтай. Бас ч үгүй дээд зэрэглэлийн тансаг, баячуудад зориулж барьж байгаа учраас энэ бол байх л үнэ гэлцэнэ. Шударга царайлж, ардчилал ярьж гарч ирсэн хотын дарга нь ийм байхад ард иргэд хэндээ, юундаа итгэж амьдрах вэ гэсэн асуулт аяндаа гарч байна. Дээр нь Э.Бат-Үүл хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэргээр хуулийн хариуцлага ч хүлээж мэдэхээр боллоо.
Газрын наймааны эсрэг хатуу чанга тэмцэхээ байнга ярьдаг хотын дарга маань эхлээд өөрийн компанийн нэр дээр авсан газрынхаа талаар үнэн зөв тайлбар өгч, өөрийнх нь хэлдгээр улсад хураалгаж байж дараа нь бусадтай тэмцэх хэрэгтэй. Дээрх хотхоны байдлаас харвал манай хотын дарга маш баян хүн ажээ. Тэгсэн атлаа хөрөнгө орлогоо худал мэдүүлж, хэдэн тэрбумаар тооцогдох их хөрөнгөө нуун дарагдуулж, наанаа шударга царайлж, цаагуураа харин олигархи байж шүү, та минь ээ.
Ц.ЖАРГАЛ
Эх сурвалж: www.UNEN.mn
URL: