Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэв

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Тэрбээр тойргийнхоо иргэдэд УИХ-аас шинээр батлагдсан хууль, Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар нэг их наяд төгрөгийн алдагдалтай хүндхэн төсөв хүлээж авсан. 2013 оны төсвийг батлахдаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг дахин нэмэгдүүлсэн. Мөн хүүхдин мөнгийг чирэгдэлгүйгээр олгож эхэлсэн.Улс орны хэмжээнд 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын 75 орчим хувь нь 2012 онд хэрэгжих байсан хөрөнгө оруулалтын арга хэмжээ  бөгөөд, төсөвт өртгийг дутуу тусгасан байсан учир 2013 онд үргэлжлэн хэрэгжих юм. Баянзүрх, Налайх дүүргийн хувьд 2012 оны төсөв тусгагдсан  ч 2013 онд үргэлжлэн хэрэгжих болон 2013 онд шинээр улсын төсөвд суусан арга хэмжээний төсөвт өртгийн нийт хэмжээ нь 60 орчим тэрбум төгрөг  болж байгаа ” гэсэн мэдээлэлийг тойргийнхоо иргэдэд танилцууллаа.

Зарим иргэд “АН-ын засгийн газрыг сүүлийн өдрүүдэд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах зорилтоосоо ухарлаа гэж 2-3 сонинд бичлээ.Энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой гүтгэлэг үү?, эсвэл  үнэн юм уу?” гэх асуултыг Уул уурхайн сайдаас асууж байлаа.

Тэрээр энэ асуултанд ингэж хариуллаа

-Энэ бол “сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялна  “гэсэн тэдний  үзэлтэй холбоотой  ээлжит гүтгэлэг. Үнэндээ бол Нөгөө “… Айсан хүн адуу үргээнэ” гэдэг л болж байгаа нь тэр. 2008-2012 оны хооронд МАН-ын намын дарга, ерөнхий сайд нарын тэргүүлсэн ЗГ Оюутолгойн гэрээг УИХ-ын 57-р тогтоолын дагуу байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл  57-р тогтоолыг олигтой хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсныг хүмүүүс сайтар санаж байгаа. Өмнөх засгийн газрын увайгүй үйлдэл нь хөрөнгө оруулагчтай хамтарч 57-р тогтоолыг бурэн хэрэгжсэн хэмээн дэлхий, орон даяар мэдэгдэл гаргасан явдал байсан.Энэ талаар би УИХ-ын сонгуулиар иргэд, сонгогчдод  та бухэнд хүргэсэн “Утга учир сэтгүүл”-д хангалттай тайлбарласан.

Тэгвэл шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө

-” Хөрөнгө оруулагчтай ярилцаж тохирсны үндсэн дээр өмнө нь байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах” гэсэн зорилтыг  тусган УИХ-р батлуулсан. Манайд өнөөгийн байдлаар ганцхан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа ба, тэр нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ юм. УИХ-аар батлагдсан энэ зорилтын хүрээнд ЗГ,УУЯ  хөрөнгө оруулагчдад гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хэд хэдэн удаа тавьсан.Гэвч хөрөнгө оруулагчид “өмнөх ЗГ, ЗГ-ын гишүүд чинь тэр 57- р тогтоолыг бүрэн биелснийг албан ёсоор нотолсон” байхад, одоо ингэж ярих нь ойлгомжгүй асуудал гэсэн хариултыг өгч байсан.

Гэхдээ шинэчлэлийн ЗГ, УУЯ уйгагуй ажилласны үр дүнд хөрөнгө оруулагч талтай “гэрээний зарим заалтыг тодорхой болгох хэлцэлийг хийх дээр санал нэгдсэн” юм. Хөрөнгө оруулагчтай Оюутолгой төсөлтэй холбоотой аливаа асуудлаар нүүр тулж уулзах, тэгээд санал нийлсэн асуудлыг бол олон нийтэд хүргэх, санал нэгдээгүй асуудлаа бол хойшлуулах гэсэн хэлцэлийн зарчмыг тохирсон. Яриа хэлцэл ингэж л явагддаг. Энэ нь тэдний талд хувьцаа эзэмшигч, санхүүжүүлэгч, ЗГ-ын талд Монгол улс,олон түмний эрх ашиг байгаа учир ингэж ажиллах нь зохистой.Ер нь энэ мэтээр шинэчлэлийн Засгийн газар өмнөх эрх баригчдын Засгийн газрын зарим алдаа,балгыг арилгах дээр заримдаа ихэнх цаг, заваа гарздаж байна.

Иргэд Тавантолгойн орд, иргэдэд тараагдсан хувьцаа хэзээ борлогдох боломжтой болох талаар гишүүн Д.Ганхуягаас асууж байлаа. Шинэчлэлийн ЗГ-ын эхний ажлын хэсгээ “Таван толгойн ордыг  хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах, ордын дэд бүтэц,  тухайлбал төмөр замын  асуудлыг шийдвэрлэх”зорилгоор байгуулсан.Энэ ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. Ажлын хэсэг санал дүгнэлт гаргаж, Засгийн газраас тогтоол гарсан. Гол шийдвэр нь Эдийн засаг уналттай, нүүрсний хямдарсан ийм үед дэд бүтцэд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн.Шинэ төмөр зам тавигдсанаар хэд хэдэн худалдан авагчтай болсноор, нүүрсээ дэлхийн зах зээлийн унэд ойрхон үнээр борлуулах боломжтой болох юм.Энэ нь таван толгойн ордын үнэ цэнийг ихээр нэмэгдүүлэх болно. Тэгээд нүүрсний үнэ сэргэх тэр үед шинээр хувьцаа гаргаж ордыг ашиглахад шаардагдах санхүүжилтийг босгохоор төлөвлөж байна. Энэ хувьцаа гаргахын өмнө та бүхэн хувьцаа борлуулвал ихэд ашигтай тусах болно хэмээн сайд Д.Ганхуяг хариулж байв.

Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, хомсдолд орохгүйн тулд нөөцийн хугацааг сунгасан. Дэлхийн улс орнуудын ихэнх нь газрын тос, шатахуун импортолдог ба тэдгээр орнууд олон сайн тууштай арга хэмжээг хэрэгжүүлж иржээ. Бид ч чадах болно. Баянзүрх дүүргийн иргэд УИХ-ын гишүүнээс дүүргийн иргэдийн өмнө тулгамдсан цэцэрлэгийн хүрэлцээ муу,  газар өмчлөл шудрага бусаар явагдаж ирсэн,төрийн албан хаагчийн хүнд суртал, СӨХ-ны ажлын хариуцлагагүй байдал гээд олон зүйлийг ярьж байлаа. Уул уурхайн сайд иргэдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч төрийн зүгээс болоод, хувиасаа хийж болох боломжтой бүх л арга хэмжээг авах болно гэдгээ энэ үеэр илэрхийлэв гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих