Засгийн газрын зүрх ард түмнийхээ төлөө цохилохоо болив
Хотын төвд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториар 120 мянган хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай эмнэлгийн барилга тун удахгүй ашиглалтад орох байв. Гэвч Засгийн газар ганцхан өдөр хуралдаад барилгыг эмнэлгийн зориулалтаар бус улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор болгох шийдвэр гаргасан.
Энэ бол арай л хэтийдсэн шийдвэр гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Сая гаруй хүн амтай манай нийслэлд эмнэлэг, тэр тусмаа олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй эмнэлэг маш их хэрэгтэй байгаа.
Гэтэл Хууль зүйн яам, прокурорын 130-хан албан хаагчийн албан өрөө болгох гэж байгаа нь үнэхээр харамсмаар шийдвэр юм. Засгийн газар ард түмнийхээ төлөө байна уу, албан тушаалтнуудын төлөө байна уу гэдэг нь эндэээс харахад тун эргэлзээтэй байгаа юм. Энэ шийдвэрийг олон түмэн маш их эсэргүүцэж байгаа. Олон алдартай эмч, эмнэлгийн ажилтнууд, эхчүүд, төр, нийгмийн зүтгэлнүүд эсэргүүцлээ илэрхийлж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё” эмч нарын хөдөлгөөн хүртэл байгуулагдсан. Уг хөдөлгөөний эмч нар өнөөдөр Сүхбаатарын талбайд “Засгийн газрын зүрхийг чагная” чагнууртай жагсаал зохион байгууллаа.
Жагсагчид “Засгийн газрын зүрх ард түмний төлөө цохилдог уу?”, “Сайд нар эмнэлэгт төрсөн үү? Оффист төрсөн үү?”, “Байрны луйвар шинэчлэл биш”, “Албан тушаалтнууд хилийн чанадад эмчлүүлдэг бол Ард түмэн эх орондоо эмчлүүлмээр байна”, “Эх орондоо чанартай эмчилгээ хийлгэх боломжыг бүү үгүй хийгээч” гэсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлжээ. Засгийн газрын эрхэм гишүүд өнөөдөр хуралдаантай байсан ч хэн нь гарч ирж, эмч нартай уулзсангүй.
Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Н.Удвал нарт ард түмнээсээ эмнэлгийн барилга булаах зүрх байгаа ч тэднийхээ төлөө цохилох зүрх нь зогссон бололтой. Шинэчлэлийн Засгийн газар нийслэлийнхээ сая гаруй иргэдийн эрх ашигт нэн шаардлагатай байгаа эмнэлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглахын оронд Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нарын 130-хан албан тушаалтаны тухлах өрөө болгож байгааг юу гэж ойлгох вэ? Энэ лав хууль шүүхийн шинэчлэл биш байлтай. Энэ шийдвэрээ эргэж харж цуцлах хүртэл тэмцэхээ эмч нар нар мэдэгдлээ.
URL: