Мухар сүсэг бол нийгмийн сэтгэл зүйн хямралын илрэл

Өнөөдөр манай нийгэмд олон нийтийн санаа бодол, сэтгэлзүйг ихээхэн хэмжээгээр эзэмдэж, газар авч буй нэгэн таагүй зүйл бол яахын аргагүй мухар сүсэг байна.

Яагаад мухар сүсэг газар авч байна гэж үзэв гэвэл, өнөөдөр манайд элдэв төрлийн хар дом дэлгэрч, бөө удган нар хаа сайгүй олширч, эгэл олныг энэрч нигүүлсэнэ гэхээсээ, үйлчлүүлэгч нартаа ч илбэ жатгын шинжтэй айдас, цөхрөл хуралдуулж, хүнийг өөрөөсөө нь хөндийрүүлэх боллоо.

Хөдөө хотгүй, дээр дооргүй элдэв төрлийн тахилга тайлга болж, Хурмаст тэнгэрээс хур бороо аргадан гуйж, хурал ном үйлдэхээс эхлэн хүн зоны хөгжил дэвшлийг “даатгах” маяглал хавтгайрлаа.

Бас хутагт хувилгаадыг аймаг хошуу дамжин эрж бэдэрч, хайж сурвалжлан байж тодруулдаг боллоо. Хүн ардын шүтэх бишрэх эрх чөлөөг хаан боогдуулах, хорих тухай энд ярих гээгүй ээ. Гагцхүү, нэгдүгээрт, эдгээр арга хэмжээнд төрийн байгууллага, албан тушаалтнууд, гол төлөв засаг дарга нар, улс төрчид тодорхой зорилготойгоор санаачлан оролцож байгааг зохистой биш хэмээн үзэж байна. Хоёрдугаарт, хүний итгэл бишрэл, мухар сүсэг хоёр бол өөр хоорондоо ялгаатай төдийгүй, тодорхой утгаараа эсрэг тэсрэг зүйл билээ. Нэг нь бидний эрхэмлэх үнэт зүйлст хамаарч байхад нөгөө нь цагийн жамыг даган улирсан сөрөг үнэлэмж билээ. Нэг нь гэгээрэл ариусал тийш уриалан дуудсан хөтөч болдог байхад нөгөө нь хөгжил дэвшилд чөдөр тушаа болж, хүн зоны оюуны мэлмий юуг нь хааж боомилж байна. Энд эдгээр санааг дэлгэрүүлж өгүүлэх гэсэн юм.
Өнгөрсөн оны тавдугаар сарын хориноос хорин нэгэнд шилжих үест дэлхий ертөнц сөнөх тухай элдэв үзмэрч хармарч нар төлгө тавьж олон нийтийг “хошгоруулж” байв даа. Тэгснээ “хойшлуулаад” энэ оны ирэх сарын хорин нэгэн гэж айлгаад байна! Зүсэн зүйлийн фанатууд, мухар сүсэгтнүүд, тэд. Үнэндээ тэд ч, бид ч өнөөдөр шинжлэх ухааны биет үр шимийг алагаараа харж, арваараа тэмтэрч, аз болгон атгачихсан яваа улс л даа. Нөгөө төлөөс, манай нийгэм ч цуурхалд мэдрэмтгий гэж жигтэйхэн. Уг нь бичиг үсэгт нийтээр тайлагдсан, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшсэн, өдий төдийгөөрөө эрдэм ном, шинжлэх ухааны мөр хөөж байгаа гээд яривал мөн ч өөр дүр зураг гармаар билээ? Гэтэл даан ч тийм биш ээ.
Хүний нийгэмд асуудал, бэрхшээл, айдас, зовлон, цөхрөл угаасаа өгөгдмөл шинжтэй аж. Ухаарч үзвэл, эдгээр нь ч хүний амьдралын утга учрын хязгаар болж байдаг. Тийм ч учраас, нэг хэсэг суут сэтгэгч нар хүн байх тухай авч үзэхдээ олон асуудлын зэрэгцээ хүний айдас, цөхрөлийн асуудлыг нэгэн эгнээнд тавин онцолсон буй. Тэгэхээр, тухайлсан эдгээр асуудал ярианы гол сэдэв мухар сүсэгтэй хэрхэн холбогдолтойг тайлбарлах хэрэгтэй болно. Ингэж үзэхэд мухар сүсгийн мөн чанар нь юу вэ, тэрээр төрмөл зүйл юм уу, олдмол зүйл юм уу, өнөөдөр манайд ингэж дэлгэрч буйн учир шалтгаан нь юу вэ, энэ байдлаас гарах арга замыг хэрхэн төсөөлж болох вэ, энд бидний оролцоо ямар байж болох вэ зэрэг асуудал ар араасаа гарч ирнэ.
Эдгээр асуудалд хариулахын урьтал болгож ялигүй онолын үндэслэгээ хийх хэрэгтэй юм. Хүний аливаа үйлдэл, түүний дотор мухар сүсгийн зан үйл ч сэтгэлгээний тодорхой хэв шинжид тулгуурлан хийгдэх нь зүйн хэрэг. Сэтгэлгээний хэв шинж олон янз. Хүний түүхийг авч үзвэл, домгийн сэтгэлгээ, шашны сэтгэлгээ, шинжлэх ухааны, философийн гээд салбарчилж ч болох билээ. Харин өнөөгийн мухар сүсэг нь илбэ домын сэтгэлгээтэй холбогдож, түүнд тулгуурлаж байгаа гэж хэлж болно. Тэгэхээр, илбэ домын сэтгэлгээ гэж юу вэ? Түүх рүү хандаж үзье.
Энэхүү илбэ домын хэмээх сэтгэлгээ анхлан үүссэн, хүмүүний амьдралд зонхилж байсан цаг нь эрт галавын үед, түүхийн өмнөх үед, домгийн сэтгэлгээнээс ч бүр өмнө үед хамаарах билээ. Энэ бол онгон шүтэх ёсон ураг төрлийн барилдлагат нийгмийн зохион байгуулалтын үндсийг бүрдүүлэгч тогтолцоо болж байсан тэр эрт балар цагийн сэтгэлгээ л дээ. Үгийн чанд утгаар авч үзвэл, энэ сэтгэлгээ нь дүрслэн төсөөлөхүйн агуулга бүхий байсан агаад уг сэтгэлгээний онцлог нь ураг төрлийн харилцааны чанга хатуу дэг ёсонд баригдан байгаль ертөнцийн үзэгдэл, юмсыг аргадан гуйж, сөгдөн мөргөж, дом шившлэг үйлдэн залбирч догшин эзэд, лус савдаг, онгод сүнс нарыг эерүүлж номхруулах өргөл тахил /түүний дотор, хүнээр/ өргөх, дайсан этгээд болох сүр хүч, шулмас нарыг хөөн зайлуулах зорилго бүхий элдэв төрлийн хараал жатга тавих, хорио цээрийн тогтолцоог даган баримтлах явдал байв. Эл хорио цээр нь тухайн овог омгийнхны онгон шүтээнтэй шууд холбоотой байх ба чухамдаа айдсын язгууртай байсныг судлаачид тогтоодог. Тэр эртний “харанхуй” цагт ч, эдүгээгийн “гэгээрсэн” цагт ч айдас, түүний шалтгаан тун олон янз ажээ. Тэрээр нийгэм, байгаль, сэтгэлзүйн нөхцөлдөлгөөтэй. Эртний хүмүүс үхэгсдийн сүнснээс ихэд айдаг байж. Элдэв сүр хүчнээс их айдаг байж. Хорио цээрийг зөрчих нь ч өөрөө айдас юм. Өөрөөр хэлбэл, хүн бол, юуны өмнө, сэтгэлзүйн амьтан. Тэр үед ч, одоо ч. Ялгаа нь гэвэл, тэр эрт цагийн хүмүүс айж ичсэнээсээ болоод “сэтгэлээр унан” шууд үхэх нь энүүхэнд байж, харин одоо үед “ичиж үхэх шахдаг” болон арай зөөлөрч тайвширчээ. Тэр цагийн хүмүүс байгалийн элдэв үзэгдлийг амилуулж, сүнсжүүлж, хүнчилж, нэг ёсондоо улам бүр сүр хүч оруулан төсөөлж, энэ бүхэндээ тулгуурласан илбэ домын зан үйл гүйцэтгэдэг байж л дээ. Тэгэхээр эртний хүмүүсийн эрхэлдэг “үндсэн ажил” нь эргэн тойрноо үл үзэгдэн хүрээлж буй аймшигт ад зэтгэрүүд болон энэ тэр үзэгдлийг зай завсаргүй аргадах үйл байсан бололтой. Энэ үйл сэтгэлзүйн их хөөрөл догдлол бүхий аж. Энэ бол түүхийн өмнө үед шүү дээ!
Илбэ домын сэтгэлгээ нь эрт балар тэр цагт жам ёсны байсан бөгөөд моногами, онгон шүтэх ёс зэрэг нийгмийн институттэйгээ учралдан зохицоод, хүн өөрөө өөртэйгөө хийсэн ширүүн тулаан дунд зөн билгийн сэдэлтэй байгалилаг язгуураа давж, шашинлаг, ёс суртахуунлаг, нэг ёсондоо, соёлын ертөнц рүү хөл тавихад нь чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн гавьяатай аж. Харин үүнээс хойш түүхэн хөгжлийн жамаар сэтгэлгээний өөр өөр хэв маяг, шинэ шинэ үнэт зүйлс өртөөлсөн буюу. Нэгэнт дээд эрэмбийн үнэт зүйлсийн тогтолцоо бүрэлдэн дэвшсэн болохоор хуучин үеийн итгэл үнэмшил, сүсэг нь ухамсар, хэрэглээний хүрээнээс шахагдан “мухар” болсон хэрэг. Тэгэхдээ мухар сүсэг нь хувь хүний хувьд тун язгуурлаг бөгөөд соёлын хөгжлийн янз бүрийн шатанд хуучин хэвээрээ, эсвэл, зүсээ хувиргасан байдлаар үүрэг нь суларч, ёс суртахууны болоод бусад дэвшингүй үнэт зүйлсийн хязгаарлалтад орж, өнгөлөн далдлагдаж, “түрэгдсэн” байдалтайгаар оршин байдаг…
Өнөө цагийн асуудалдаа эргэж хандая. Мухар сүсгийн байдлаас нийгэм олныг авч гарах арга замын тухай ярихдаа эхлээд оношоо зөв тавих явдал хамгаас чухал гэдэг нь ойлгомжтой. Мухар сүсгийг үүтгэсэн, өдөөн дэврээгч, нөлөөлөгч хүчин зүйлсийг тооцож үзэх хэрэгтэй болж байна. Эдүгээ манайд мухар сүсэг газар авч буйн шалтгаан олон янз байгаа.
Гэхдээ, нэгдүгээрт, хамгийн гол шалтгаан бол нийгмийг бүхэлд нь хамарсан цочир өөрчлөлтийн үйл явц нийгмийн эрхэмнэл болоод хувь хүний үнэт зүйлсийн тогтолцоог орвонгоор нь эргүүлсэн явдал юм. Үзэл сурталд дулдуйдсан, өнгөн дээрээ шинжлэх ухааны гэмээр дүр төрхтэй байсан үнэт зүйлсийн тогтолцоо нуран унахад нийгэм бүхэлдээ шоконд орж, сэтгэлзүй нь хямарч, нэг хэсгийнх нь итгэл үнэмшлийн чиг баримжаа бүрэн алдарч, ертөнцийг үзэхүйд нь “вакуум” үүсч, амьдралын баримжаагүйдэл бий болсон аж. Тэгснээр тэд итгэл үнэмшлийнхээ анхдагч, зөн билгийн шинжтэй, байгалилаг язгуур хөрсөн дээрээ, өөрөөр хэлбэл, мухар сүсгийн баримжаан дээр бууж очсон хэрэг. Энэ байдалд амьдралын тарчиг дорой байдал ч зарим талаар нөлөөлсөн байх аа.
Хоёрдугаарт, энд онцлон тэмдэглэх учиртай бас нэг хүчин зүйл бол хүн төрөлхтөн дундад зууны үед даван туулж, илүүтэй ёс суртахуун, гэгээрлийн агуулгатай болгоод байсан шашны үзэл суртлыг бидний монголчууд ХХ зуунд атан тэмээний нуруун дээр нүүж орохдоо басхүү мухар сүсгийн байдлаар нь тээж ирсэн явдал юм. Энэ байдал нь манай шинэ сонголтоор сэргэсэн үндэсний сүсэг ухамсрын нэгэн “таатай” орчин болсон юм. Үүний тодорхой жишээ нь хот хөдөөгүй өрнөсөн суврагажих хөдөлгөөн билээ.
Гуравдугаарт, дээр дурьдсан өөрчлөлтийн явцад ирээдүйд итгэх итгэл алдарснаар нийгэмд үүсэн баримжаагүйдсэн оюуны хоосролын далд айдас нь хувь хүмүүст улам бүр лавширсныг далимдуулан зүсэн зүйлийн ид шидтэн, үзмэрч хармарч, мэргэч төлгөч нар ашиг хонжооны зорилгоор элдэв цуурхал тараан энэхүү вакуумыг дүүргэх болоод удаж байна. Тухайлбал, домгийн сэтгэлгээтэй олон түмэн тийм маягийн элдэв цуурхлыг дагаад ханардаг.
Дөрөвдүгээрт, энэ олон тахилга тайлга угтаа монгол хүнийг өөрийг нь өөрт нь биш, харин эзэн биегүй лус савдагт даатгах илбэ домд хөтөлж, мөн чанарыг нь хүнийшүүлж байна. Энэ бол мухар сүсгийг өдөөгч нэг сэдэл мөнөөс мөн. Монгол Улсын удаа дараагийн Ерөнхийлөгчид, алив шатны засаг дарга нар өлзий учрал бүрдсэн өдөр өнө эртний тахилгат их овоон дээрээс ард түмнийхээ түмэн амгаланг айлтгаж, мэндчилдэг, “даатгадаг” болоод удаж байна. Төр, шашны үйл хэрэг ихээхэн хутгалдаж байгаа явдал биш гэж үү.
Тавдугаарт, нөгөө талаас буян нүглийг ялган дэнслэгч, зөв амьдралын зам мөрийг тодруулагч ёс суртахуунлиг тайлбар сургаалтай шашин соёл, гэгээрлийн үйлчилгээ мухар сүсгийн илбэ домыг зарим талаар давж гарч чадахгүй байх шиг санагдана. Шашин номын газрынхны явуулж буй үйл ажиллагаа нь хүн ардын зовлонг нимгэлж, амирлингуй бодь сэтгэлийг өрнөөж байна гэхээсээ буяны худалдаа, айлгах хэрэгсэл болж байна ч гэмээр юм уу. Ер нь манай шашин Бурханы төвийн дэргэдийн гадаад орчин хэтэрхий заваан, хог шороо, үнс тоосонд дарагдсан, дуган хурлын дотоод байдал нь ч жавар хургасан, тоос тортогт баригдсан байдаг нь хүндэтгэл итгэлийг минь төрүүлнэ гэхээсээ, олон түмний сүсэг бишрэлийг үл тоож буй ч юм шиг санагддаг шүү. Тийм болохоор, зон олны үнэлэмж, ёс суртахууны талд үйлчилж, гэгээрэл ариусалд хөтлөх тангарагтай хувраг ламтан нарын үйл хэрэг нь бизнессийн агуулгатай болчихоод горьдлого найдлага төдийлөн төрөхгүй байгаа нь мухар сүсэгт орогнох зай завсар үлдээгээд буй мэт.
Зургадугаарт, мухар сүсгийг тээгчид нь нийгмийн янз бүрийн давхаргынхан байх шиг. Зарим үед, албан бус мэдээгээр, хоёр зуун мянгад хүрдэг гэх гар аргаар ашигт малтмал олборлогч “социаль бүлгийнхний” дунд хар домын зан үйл элбэг байх аж. Төлөвшин буй ёс суртахууны болоод нийгмийн үнэт зүйлс нь мухар сүсэгт автагсдын дотоод ертөнцөд хүрч үйлчилж, итгэл үнэмшил болж чадахгүй байгаа болохоор тэндээс гарах сөрөг үйлдэл, үр дагаврыг тааж хэлэхийн арга үгүй юм. Тухайлбал, Алтны халуурал гэх үзэгдлийг газар дээрээс нь сурвалжилж, “Алтны төлөөх зэрлэгшил” сэдэвтэй олон цуврал нийтлэл бичсэн сурвалжлагч Т.Цогт-Эрдэнэ ийн өгүүлсэн байна. “2-3 настай хүүхдээ тэврээд явдаг эхчүүдийн тухай сонсов…15 мянган төгрөгөөр хүүхэд уйлуулж алт дуудах энэ үйлчилгээг анх Баянхонгорын Дөвөнт, Заамарын нинжа нар оруулж иржээ. Гурван настай охин хүүхдийг нүхний ойролцоо уяад уйлуулна. Хүүхэд зүгээр байж байгаад уйлахгүй нь ойлгомжтой. Ээж нь нарийхан сураар шавхийтэл ороолгоно. Энэ бол алт дуудаж буй хар дом юм. Өөр бас нэг дом байна… Хүн нас барахад нинжа нар бэлгэшээдэг гэнэ… Тухайлбал, нэг нинжа нас барахад цуснаас нь авч “Илжгэн чих” дээрээ дусаана. Энэ нь анчид ан хийгээд цусаар бууныхаа амыг мялаадагтай адил зан үйл юм. Сая Бигэр сумын Алтан ууланд нас барсан залуугийн цусаар “Илжгэн чих”ээ мялаахдаа “Залуу монгол хүүгийн цусны оронд алт өгөөрэй” гэсэн гэнэ. “Илжгэн чих” гэдэг нь алт ухах гол багаж. Нэг талын шүд нь илжигний чих мэт салаалсан жоотуу хэлбэрийн багаж”. Ийнхүү “Монгол улсын хэсэг иргэд хүй нэгдлийн отог омог шиг хүний цус, хүүхдийн уйлаанаар тахил өргөж явааг төр засаг дэмжээд байгаа юм уу” /Өдрийн сонин, 2010.09.29 – 2010.10.01, №229-235/ хэмээн асуулт тавин харанга дэлдсэн билээ.
Тэгэхээр, хийх зүйл тодорхой болж байгаа юм биш үү. Зовлонтой нь биш, зовлонгийн шалтгаантай нь тэмцэх хэрэгтэй болж байна. Юуны өмнө, төр аврагчийн дүрд тоглон, “одоо л сайхан болох гэж байна”, “Оюу толгойг ашигламагц л сайхан болно” гэх зэрэг мөрөөдлийн жаргалаар олон түмнийг амьдруулах гэсэн оролдлогоосоо даруй татгалзах нь чухал санагдана. Уг нь бид ийм үзэл суртлын мунхруулгаар олон жил амьдарсан ”туршлагатай” улс л даа. Төр хүн ардын чанартай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд түлхүү анхаарвал зохистой болов уу. Бид чинь өөрсдийнхөө төлөө л амьдарч байгаа шүү дээ. Нийгмийн нэг хэсгийн хувьд ирээдүй цаг дээр яригдаж буй жаргалаас, өөрөөр хэлбэл, “маргаашийн өөхнөөс” өнөөдрийн уушиг чухал байна.
Нөгөө талаас иргэнийхээ боловсролд дорвитой анхаарч, хүн болох багаасаа хэмээх зарчмыг чанд эрхэмлэн өсвөр балчир наснаас нь л хүүхдэд өөртөө итгэх итгэл, өөрийгөө болон бусдыг хүндлэн дээдэлдэг үзлийг төлөвшүүлэх нь чухал юм. Энэ нь хэн ч биш, “нийгмийн”, “дундаж” хүнийг баримжаалдаг, уламжлалт шинжтэй, хуурмаг хамтач үзэлд дулдуйдсан боловсролын бодлогод эргэлт гаргаж, гэгээрч ухаарсан, оюуны дархлаатай иргэн хүнийг төлөвшүүлнэ гэсэн үг. Ийм хүн л эрх, эрх чөлөөгөө эдэлж чадна. Өөрөөр хэлбэл, аливаа тулгамдсан асуудлыг зовлон, лай ланчиг гэж харан зугтан зайлсхийх, тойрч гарахыг эрмэлзэхээсээ өмнө өөрийгөө илэрхийлэх, хэрэгжүүлэх боломж, амьдралыг утгажуулагч хүчин зүйл, бүр барагтайхнаар хэлбэл, алдрын титэм хэргэмд хүргэх арга хэрэгсэл гэж ханддаг соёл сэтгэлгээг хүмүүст, ялангуяа өсвөр залуу үеийнхэнд суулгаж төлөвшүүлж болохгүй гэж үү? Болохоор барахгүй, боловсролын үүрэг нь энэ гэж үзэж байна. Энэ зорилт шинжлэх ухааны боловсрол, хүмүүнлигийн боловсролын нэгдлийг хангаснаар хэрэгжинэ. Ийм нэгдэл л ухаарал, гэгээрэл, хөгжил дэвшлийг авчирна.
Хулуд Жамъянгийн Отгонбаяр
TSAGTUR

URL:

Сэтгэгдэл бичих