Увертюра хамтлаг “Удиртгал” цомгоо гаргалаа
Монгол поп опера” стилийг санаачлан дэлгэрүүлж буй “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлагийнхан энэ оны 10 дугаар сарын дөрөвний өдөр анхны “Удиртгал” цомгийн баяраа Ард кино театрт нүсэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тэгвэл тус хамтлагийн анхны цомог болох “Удиртгал” цомог Hi-Fi, Orange, UBS зэрэг цомгийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлжээ. Та бидний сонсох дуртай “Өнө мөнх эх орон”, “Тэмээн сүргийн говь”, “Дөрвөн цагийн тал”, “Цагийн аяс”, “Тэнгэрийн хүү”, “Андыгаа дурсана”, “Энд Монгол байна”, “Халуун элгэн нутаг” зэрэг Монгол омгорхлыг төрүүлэх уран бүтээлүүд багтсан байна.
Дашрамд дурьдахад эх оронч залуус маань өчигдөр болсон эзэн богд Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээнд оролцож “Энд Монгол байна” уран бүтээлээ толилуулсан юм. Ингэхдээ тэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, морин хуурын чуулга, Ардын дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрэгтэй найрал, Цохивор хөгжмийн чуулга, Мемори поп оркестр зэрэг 200 гаруй уран бүтээлчидтэй хамтран “амьдаар” дуулсан нь үзэгчдийн таашаалд нийцсэн. Одоо тус хамтлагийнхан арлын Японыг зорьж тоглох гэнэ. Үүнээс гадна цөөнгүй уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөн завгүй яваа аж. Бид тус хамтлагийн уран бүтээлийг цаг алдалгүй хүргэх болно.
URL: