“Паркаа аваръя” хөдөлгөөнд ахмадууд нэгдэв
Нийслэл хотод газрын маргаантай асуудал нэмэгдсээр л байна. Саяхны нэгэн өдөр “Паркаа аваръя” хөдөлгөөнийнхөн парк болон бусад газрын маргаантай асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулж байсан.
Тэгвэл өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Монголын залуучуудын холбооны анхны үүсгэн байгуулагчид болох ахмадууд “Бид ч гэсэн газрын маргаантай асуудалтай тэмцэх болно” хэмээж байлаа.
Энэхүү хуралд Монголын залуучуудын байгууллагуудын ахмадын холбооны тэргүүн С.Даш, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмад ажилчин З.Туул, Т.Бавуудорж, Л.Цасчихэр зэрэг ахмадууд оролцлоо.
Монголын залуучуудын байгууллагуудын ахмадын холбооны тэргүүн С.Даш “Монголын залуучуудын холбооноос хүүхэд, залуучуудын соёл амралтын газрыг зориулалтаар нь ашиглахын төлөө тэмцэнэ. Монголын залуучуудын анхны байгууллага болох Монголын хувьсгалт залуучуудын эвлэл нь 70 жилийн түүхтэй юм.
Тус эвлэлийн мянга мянган гишүүд Монголын аж, үйлдвэрийн багана болж ирсэн Аж үйлдвэрийн комбинат, Атар газар эзэмших хөдөлгөөн, Дарханы бүтээн байгуулалт, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэргийг байгуулахад гар бие оролцож байсан. Үүний зэрэгцээ залуучуудын соёл, спорт, сургалтын материаллаг баазыг байгуулах, зориулалтаар нь ашиглахад анхаарч ирсэн.
Мөн Пионерийн ордон, Залуучууд зочид буудал, номын сан, Хуримын ордон зэрэг 100 орчим барилга байгууламжийг эвлэлийн гишүүдийн татвар, залуучуудын дэмжлэгээр барьсан. Гэвч сайны хажуугаар саар гэдэг. Сүүлийн 20-иод жилд соёл, спортын сургалтын материаллаг баазыг бизнес эрхлэх, мөнгө хураахад ашиглаж байгаа нь байж боломгүй явдал. Нэн ялангуяа Үндэсний соёл амралтын хүрээлэнг нийтийн эзэмшил болгоно. Энэ тал дээр Улаанбаатар хотын хотын захиргаа арга хэмжээ авахгүй байна. Иймээс цаашид ямар нэгэн газрын асуудалд хатуу анхаарал тавин ажиллах шаардлагатай” гэлээ.
Б.Батбаатар
Эх сурвалж: “Нийслэл Таймс”
URL: