Ц.Дамдинсүрэн: Чингисийн тухай чухам үнэнийг олох нь чухал

1962 оны тавдугаар сарын 13-нд их эзэн Чингис хааны мэндэслний 800 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай эрдэмтэн, мэргэд хуралджээ. Тэрхүү хурал дээр бичгийн их хүмүүн Цэндийн Дамдинсүрэн гуай Чингис хааны тухай товч бөгөөд тодорхой хэдхэн зүйлийг хэлсэн байх юм. Ингээд түүний 50 жилийн өмнө буюу их эзэн хааны мэндэлсний 800 жилийн ойг ташралдуулан ярьсан зүйлийг бүрэн эхээр нь хүргэе.

Чингис хааны тухай өнөөдөр их ярьж байна. Чингис хаан буюу өөр ямар ч түүхт хүмүүсийн тухай ярихдаа чухам түүхэн үнэнийг олох зорилгыг тавих хэрэгтэй. Чингис хааныг хэтэрхий магтаж, хэтэрхий муулах аль нь ч бидэнд хэрэггүй. Чухам үнэн л хэрэгтэй. Чухам үнэнийг олох судлал бол чухам марксист судлал болно.

Учир нь үнэн ба марксизм бол хоёр өөр зүйл биш нэг л юм. Манай түүхч Нацагдорж, Далай, Бира нарын илтгэлийг сонсоход эд нар Чингисийн тухай чухам үнэнийг олох гэж багагүй оролдож байгаа нь мэдрэгдэж байна. Зохиолч түүхч нарын бичсэн Чингис хааны тухай ном олон бий. Гэвч эдгээр ном бүрт Чингис хааны үнэн дүр нь гараагүй гэж бодож байна.

Үүнд баримт болгож хэдэн зохиолын тухай өгүүлсүгэй. Монголын зохиолч В.Инжинааш “Хөх судар” гэдэг түүхэн роман бичжээ. “Хөх судар”-ын гол баатар нь Чингис хаан юм. Гэвч В.Инжинаашийн Чингис хаан бол жинхэнэ үнэн Чингис хаан биш, Инжинаашийн өөрийн бодож гаргасан Чингис хаан юм. Инжинааш феодализмын ялзралын үед амьдарч байжээ.

Тэр зохиогчийн үед хар феодал ноёд нь ард олныг дарлаж мөлжихөөс өөр юу ч мэдэхгүй этгээд байсан ба шар феодал лам нарын олонхи нь амьдрал ертөнцөөс хэтэрхий тасархай, эртний хоосон онолыг үгширтэл цээжилснээс өөр юм мэдэхгүй, ард олонд тус хүргэхгүй этгээд байж. Ийм ялзарсан феодализмын нийгмийн дотор нэг гайхамшигт баатар эр гараад бүх нийгмийг хөрвүүлэн засаасай гэж В.Инжинааш мөрөөдөж байжээ.

Зохиолч тэгээд өөрийн мөрөөдсөн баатраа Чингис хаан болгож зохиосон шиг байна. Тэгэхээр В.Инжинаашийн Чингис хаан бол үнэн Чингис хаантай хавьтахын аргагүй өөр дүр болжээ. Түүнчлэн Зөвлөлтийн зохиолч Яны “Чингис хаан” гэдэг романы Чингис хаан бол бас үнэн Чингис хаан биш, зөвхөн зэрлэг дайсан юм. Зөвлөлт улсад Германаас дайсан халдан ирж магадгүй байгаа үед ард түмнийг эв нэгдэлтэй сонор сэрэмжтэй болгон хүмүүжүүлэх нь чухал байжээ.

Гадаадаас дайсан халдаж ирэхэд дотоодод эв нэгдэлгүй зөрчил хямралтай байвал ямар их аюул болохыг Ян романдаа сайхан үзүүлсэн байна. Энэ талаарЯн их гавьяатай сайн хэргийг бүтээжээ. Гэвч Чингис хаан ба түүний хавийн юмыг цөм хав хар муу муухайгаар үзүүлсэн нь баахан хэтэрч үнэн байдлаас холдсон байна. Жишээ нь, Чингис хаан “Бөөвийсөн муусайн морьдоо унаад, жартгай ярдаг хатнаа дагуулаад” гэх зэрэг бичсэн байх юм.

Чингис хаан Хамаг Монголыг, бүх Азийг эзэлсэн хаан байсан тул аль сайн морийг шилж унаж, аль сайхан хүүхнийг шилж авч явсан байх л даа. Тэгэхээр Чингис хааны хатныг тийм царай муутай, морийг нь тийм өөдгүй юм байсан гэж би итгэхгүй байна. Зохиолч Ян манайхны хар нүдтэй, улаан хацартай хүүхнийг муу муухай гэж боддог юм бол бид тийм хүүхнээ сайхан гэж боддог. Бид баруун зүгийн хонгор зүстэй, ногоон нүдтэй хүүхнийг муу муухай гэж ямар ч зохиолдоо яасан ч доромжлохгүй.

Монголын морь муу ч гэсэн энэ морийг унаж яваад монголчууд дэлхийг донсолгосон юм шүү. Эрдэмтэн ГруммГржимайло Чингисийн тухай цөөнгүй хуудсыг бичсэн хүн билээ. Энэ зохиолч Чингис хааныг суут жанжин ертөнцийн их баатар эр, төрийн гайхамшигт зүтгэлтэн гэх зэргээр магтаж бичсэн байдаг. Ийм их баатар эр, ийм их билигтэй хүн зэрлэг нүүдэлчин монголчуудын дотроос яагаад төрөв гэж их гайхаж бичсэн байна.

Тэгээд Чингис хаан цэнхэр нүдтэй, цайвар үстэй өндөрлөг биетэй хүн байсан гэдэг түүхийн мэдээг олж үзээд “Энэ чинь шар арьстан хүн биш, цагаан арьстан хүн байжээ” гэж шийдвэрлэсэн юм. Эрт цагт Европоос динлин гэдэг цагаан арьстан аймаг Азид нүүж ирсэн тухай домгийг олж үзээд Чингис хаан ба түүний овог боржигиныг цагаан арьстан байсан гэж номложээ. Энэ үндэс баримтгүй онолд үнэний хэлтэрхий ч байхгүй, марксизмын үнэр ч байхгүй.

Якубовский гэдэг түүхч Монголын нэг боть түүхийг бичихэд оролцож байсан юм. Нүүдэлчин аймаг бол суурьшсан аймгийг үргэлж сүйтгэж байдаг харгис хүч мэтээр Якубовский бичиж байна. Нүүдэлчин аймаг ялангуяа монголчууд бол элсэн цөлийг эзэмшиж мал үржүүлэн хад, хахир газраас мах сүү гаргаж байгаагаараа хүн торөлхтөнд гавьяат үүргийг биелүүлж байгаа юм. Якубовский, Чингисийг бичиг огт мэдэхгүй хагас зэрлэг хүн байсан гэж бичдэг, үүнд ямар ч баримт байхгүй шүү дээ.

Бас Хархорин хотыг барихад нэг ч монгол хүн оролцоогүй, монгол хүн нэг ч тоосго тавиагүй юм гээд бичиж байдаг. Хархорин хотыг байгуулах үед Якубовский дэргэд нь зогсож байсан юм биш биз дээ. Монголын дотор төмөрч, модоч зэргийн уран дархан хүн байсан мэдээ “Нууц товчоо”-нд байдаг тул Хархорин хотыг барихад монгол хүн оролцсон байх ёстой гэж бодож байна.

Зөвлөлтийн эрдэмтэн Бартольд, Владимирцов нарын шавь нар жинхэнэ марксист түүхч нар гарч Монголын тухай марксист судлалыг хийж байна. Бартольд, Владимирцов хоёр бол Монголын тухай, Чингис хааны их амьдралын тухай, чухам нарийн судалгааг хийж чухал зохиолуудыг бичсэн их эрдэмтэд юм. Энэ хоёр эрдэмтний зохиол бүтээлийг улам нарийн судлах хэрэгтэй байна.

Т.Зөнбилэг
Эх сурвалж: “Үнэн.мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих