МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМҮҮЖИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Н. УДВАЛ НАРТ
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон, “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё“ хөдөлгөөнийхний хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэсэн халуун сэтгэлд талархаж эмэгтэйчүүд, ээжүүд бид дэмжиж байгаагаа илэрхийлэн энэхүү шаардлагыг та бүхэнд илгээж байна.
Хотын төвд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториар 120 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай эмнэлгийн барилга ашиглалтад орох өдрийг бид сэтгэл догдлон хүлээж байсан.
Гэтэл сүүлийн үед улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яамны албан контор болгон өөрчлөх тухай сонсоход Монголын өнөөдрийн Засгийн газарт ард түмнээ гэсэн СЭТГЭЛ байгаа эсэхэд эргэлзэж байна.
Монголын хүн амын дийлэнх олонхи нь ардчилал, зах зээлийн чөлөөт нийгэмд дундаж болон дундаас доод амьдралтай хүндхэн амьдарч байна. Эмнэлгийн нарийн оношлогоо, шинжилгээ хийлгэх төлбөр мөнгөгүйн улмаас эрт оношлогоонд орох боломжгүй шалтгаанаар өвчнөө хүндрүүлж, эцсийн шатанд орсон хүмүүсээ хэд хоног ч гэсэн амьдруулахын төлөө асран шаналах ээжүүд, эмэгтэйчүүд цөөхөн байгаасай гэж бид хүсэж байна.
Иймд ард иргэдийнхээ үгийг сонсож, гаргасан шийдвэрээ эргэн харж орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн зориулалтаар нь тоноглож барьсан барилгыг эмнэлэг чигээр нь үлдээж өгөхийг бид шаардаж байна.
Бидний шаардлагыг монголын мянга мянган ээжүүд, эмэгтэйчүүд дэмжиж байгаад талархаж байна.
URL: