Залуу сайдын үйлдэл 130 гаруй мянган хүнийг золиосонд гаргах уу

-Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь үлдээе-

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг прокурорын оффис болгох шийдвэр гаргасан  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг шүүхэд өгөхөөр болжээ. Тэрбээр тус эмнэлгийн өргөтгөлийг хууль, шүүхийнхний оффисын байр болгож, салбарынхнаа нэг дор төвлөрүүлнэ хэмээн ярьж эхэлснээс хойш эмнэлгийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн ч өдийг хүртэл ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй л яваа.  Сайд  өөрийн гаргасан шийдвэрээ зүтгүүлсээр Засгийн газрын арваннэгдүгээр сарын 3-ны  өдрийн хуралдаанаар батлуулсан. Эл шийдвэрийг эсэргүүцсэн эмнэлгийн ажилчид болон тэдний өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол нар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд энэ удаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс гадна Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.  Ингэхдээ Хууль зүйн сайдыг эрхээ хэтрүүлэн, бусдын барилга булаах гэсэн, Ерөнхий сайдыг хууль бус 122 дугаар тогтоолыг гаргасан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Мягмарыг эмнэлгийнх нь тоног төхөөрөмж цацраг идэв­хит бодистой хэмээн  худ­лаа гүтгэсэн гэсэн үндэслэлүүдээр шүүхэд хандахаар болсон аж.  Эдгээр хүмүүсийн нийлж, гаргасан Засгийн газрын 122 дугаар тогтоол хэрэгжсэнээр олон хууль зөрчигдөх, их хэмжээний үргүй зардал гарч, иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх зөрчигдөх болно  гэдгийг хэвлэлийн хурал хийсэн эмч нар хэлж байсан юм. Мөн 122 дугаар тогтоол гарахаас өмнө Хууль зүйн яамны удирдлагууд тус эмнэлгийн хамт олон болон ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдаж, тус эмнэлгээр үйлчлүүлдэг төрийн тусгай албан хаагчид, үйлчлүүлэгч жирийн иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж үйлчилгээ авах эрх, Үндсэн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг зөрчиж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тарааж, эмнэлгийг татан буулгах, байрыг нь авах зорилгоор санаатайгаар олон нийтэд удаа дараа ташаа мэдээлэл тараасан гэдгийг энэ үеэр хэлж байсан юм.
Энэ эмнэлгийн барилга минийх, чинийх гэд хэлэлцэж байх үед гарч ирсэн сонирхолтой нэг асуудал нь Хууль зүйн яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга н.Мягмарын хийсэн мэдэгдэл юм. Тодруулбал, төрийн албан хаагчдын эмнэлэгт  суурилуулсан оношлогооны аппаратууд нь “аюултай, цацраг ялгаруулдаг, тэсэрч дэлбэрч болзошгүй тул хотын “А” зэрэглэлийн бүсэд байх боломжгүй. Энэ байдлыг ТЕГ тогтоосон” гэх мэдэгдэл. Олон хүнийг айдаст автуулсан энэхүү мэдэгдлийг худал гэдгийг хурлын үеэр тус эмнэлгийн өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол батлан хэлсэн юм. Тэрбээр “Энэ эмнэлэг шинэ барилга бариулах төсөл боловсруулж эхлэх үеэсээ суурилуулах тоног төхөөрөмжөө нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн Монголд байхгүй эмнэлгийн тоног төхөөрөмж болох АНУ-ын СЕ Неаlthсаге компанийн “Орtimа СТ660” 128 зүслэггэй С1 аппарат, “Вrivo МR 366” 1.6 тесла МRI аппарат нийт 3.4 тэрбум төгрөгөөр суурилуулсан. Энэхүү аппаратуудыг суурилуулахдаа “Пролианс” компаниар зуучлуулсан. Тус компаниас ирүүлсэн техникийн тодорхойлолт болон гүйцэтгэх захирал Б.Уянгын ирүүлсэн тайлбараар энэ аппарат нь бусад ижил төрлийн аппаратуудтай харьцуулахад өвчтөнд очих цацраг туяаны хэмжээ 40 хувь, цахилгаан зарцуулалт 60 хувь хүртэл буурсан гэж мэдэгдсэн. Мөн “ Вrivo МR 366” 1.6 тесла МRI аппарат нь тэсэрч дэлбэрэх, болон хортой нөлөөлөл байхгүй гэдгийг  баталсан. Х.Тэмүүжингийн гаргасан энэ шийдвэр бол залуу сайдын сэтгэлийн хөдлөлөөр хийгдсэн ажил гэж үзэж байна. Эхнээсээ л эмнэлгийн зориулалтаар зураг төслийг нь гарган барьж эхлээд барилгын ажил нь 80 хувьтай яваа энэ газрыг оффис болгоно гэдэг байж болшгүй зүйл. Бидний тэмцэл үүгээр дуусахгүй” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: www.mminfo.mn

Г.ТҮМЭНТОГОС

URL:

Сэтгэгдэл бичих