Эхлээд эхнэрээ дарга болгоно, дараа нь дүүгээ, хамгийн сүүлд та нарыг…

Ингэж байгаа бол өөрөөр ярина шүү, АН-ын дарга нараа. Яахаараа МАН-ыг Засгийн эрхэнд дураар дургиж байх үед байраар нь өдөр шөнөгүй гүйлдэж, ардчиллын муусайн новшнуудыг яаж дарах вэ хэмээн тоо бодож, толгойгоо гашилгаж байсан дуракууд ардчиллын өнгөн дээр айхавтар том дарга нар болцгоодог юм бэ. Яахаараа тэр Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэтэн Монголын цахилгаан шуудан компанийн ерөнхий захирал болдог юм. Яахаараа тэр Салдангийн Одонтуяагийн нөхөр МАН-ын бага хурлын гишүүн Өлзийбүрэн Газрын тосны газрын дарга болдог юм. Яахаараа тэр Ядамдорж гэж Д.Одбаярын даалгавраар өдөр шөнөгүй ардчиллынхныг мөрдөн мөшгиж байсан амьтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болдог юм. Ёстой хуцлаа л байна шүү, Ерөнхий сайд аа. Ардчиллын төлөө амь нас, бие сэтгэл, байгаа бүхнээ зориулж, эхнэр хүүхдээ хүртэл заналхийлүүлж, МАН-ын дарга нарыг шүүмжилсэн нийтлэлийнхээ төлөө шөнө дунд машины зогсоол дээр хар машинтай МАН-ын залууст хашуулж, аргаа барахдаа автирэкээ бариад машинаасаа бууж байсан залуус өнөөдөр гудамжинд алхаж, “Бид уг нь мэдлэг боловсролоороо дутахгүй дээ” гэсэн юм яриад та нарын үүдийг сахиж суухад биднийг дэвсэж алах төлөвлөгөө зохиолцож суусан новшнууд Ардчилсан засагт дарга болцгоогоод байгаа юм бэ. Энэ бүхнийг би Их хурлын дарга З.Энхболдоос, Ерөнхийлөгчөөс, Ерөнхий сайдаас, бусад сайдуудаас асуумаар байна. Их улс төрд муудалцсан ч эргэж хараад тэврэлддэг соёл байдгийг би мэднэ. Нөхрөө ойрхон байлга, дайснаа бүр ч ойрхон байлга гэсэн үг байдгыг ч би мэднэ. Гэхдээ эд нар дээр лав биш.
Одоогоос 10 жилийн өмнө, ардчилал шон дээр бүү хэл шороон дээр ч байхгүй болчихсон тэр цагт буюу 2002 оны арваннэгдүгээр сарын 26-ны орой ардчиллыг тууштай дэмжигч бидний хэдэн нөхөд нэг муу хоолны газар /өөр орох газар ч бидэнд байгаагүй/ цуглаад улс тунхагласны ойг тэмдэглэж суухдаа “Ардчилсан хүчин маань ахиад хувь заяа байгаад Засгийн эрхийг барьж үзвэл энэ муу……. хэнийг тэр цагт тэтгэвэрт гарсан байсан ч хамаагүй, ардчилалд гай тарьсных нь төлөө ял хэлэлцэх юм шүү” хэмээн ярьж суусан юм. Тэрхүү хэн гэдгийг нь өнөөдөр жишээ нь З.Энхболд шахаж байгаад томоос том дарга болголоо. Тэр нөхөр одоо ардчиллын төлөө амиа өгөхөөс буцахгүй явсан нөхдийг минь дээрээс хараад инээж суугаад үнэндээ хорсож байна, Их хурлын дарга аа, Монгол улсын Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа. Үүнийг гэрчлэх олон ардчиллын зүтгэлтнүүд өнөөдөр Оюуны өмчийн газар, Цэвэр агаар сан… зэрэг газруудад бяцхаан ажил хийгээд явцгааж л байна. Саяны сонгуулиар АН-д 50 сая төгрөг хандивласан хэрнээ МАН-д 300 саяыг өгсөн нөхөр бас нэг чухал газрын дарга болоод сууж байна. Би ардчилалд үнэн голоосоо хайртай. Хэлмэгдэж буудуулсан өвөөгөө бодсон ч, сэхээтний төөрөгдлөөр нутаг заагдан насыг барсан өндөр боловсролтой аавыгаа бодсон ч, ганц төлөг гарзадсаны төлөө шоронд сууж байсан нэгдлийн малчин ахыгаа бодсон ч…
Өнөөдөр АН-ын төрийн өндөрлөгт байгаа дарга нар минь ингэж битгий шившигээ хутга. Ах дүү, амраг саднаа улс төрийн золиос битгий болго. АН гэдэг чинь аав ээжийн дүүгийн салсан эхнэрийн хоёр дахь нөхрийн урьдын эхнэрийн дагавар хүүхдийн… гэсэн хэрээсээр, хэн нь мэдэгдэхгүй амьтдыг том дарга болгохоос өөрийг хийхээ байчихсан газар болсон юм уу. Ардчиллыг ингэж гутаахгүй шүү, АН-ын өнөөдрийн дарга нар аа. УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ах С.Баярбат Эрчим хүчний яамны газрын дарга боллоо. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн ах Ш.Төмөрбаатар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга боллоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дүү Х.Хулангаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болголоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Нээрээ л өөрийн гэсэн багаа бүрдүүлэх хэрэгтэй болдог юм байлгүй” гэж бодохоор Ц.Нямдоржийн багт ажиллаж байсан З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлзийг хуучин албан тушаалд нь хэвээр үлдээлээ. УИХ-ын даргын эхнэр маань өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга байсан. Одоо ч тэр хэвээрээ л байна. Ц.Нямдоржийн багт ажиллаж байсан. Ц.Нямдорж буюу МАН-ын шазууртай бурхи хүртэл энэ муу бэлтрэг З.Энхболдын авгайг бөөрөндөө наагаад байсан байж шүү. Явж явж энэ МАН-ынхан чинь хүний чанартай, юм үзэж нүд тайлсан ууч хараагаар төр, засгийн ажлыг явуулж байжээ. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн эхнэр Хөдөө аж ахуйн яамны газрын албаны дарга боллоо. Яршиг зүгээр өнөөдөр АН-аас УИХ-ын гишүүн, сайд болсон бүх хүмүүс эхлээд эхнэрүүдээ, дараа нь дүү нараа газрын дарга болгоцгоо. Тэгээд ийм эрэмбэ тогтоо. Эхлээд эхнэр минь дарга болно, дараа нь дүү минь… үүний дараа та магадгүй гээд АН-ын гишүүддээ хэл, нийтэд зарлацгаа.
Том дарга болоод байгаа энэ олон хүмүүсийн хэн нь тэгээд ардчиллын төлөө хуруугаа, хумсаа хөдөлгөсөн юм бэ. Н.Энхбаяр хаан байх үед хэн нь цор цор хийж байсан юм бэ. Янхийсэн өвлийн хүйтнээр трактортай жагсаал болж бид бүгдээрээ цагдаад баривчлагдаад, цалингаа хасуулаад, 72 цагийн саатуулахад сууж байхад дэмжиж түүгээр үзэгдсэн ганц хүн энэ олон том дарга нар дотор чинь байна уу. Тэр үеийн бид өнөөг хүртэл ардчиллыг 10, 20 жил цээжээрээ, байгаа бүх боломжоороо хамгаалж чадсан юм. Ахиад цэвэрлэж, жинхэнэ гэгээн тунгалаг залуусыг энэ удирдлагад гаргах ариун тэмцэлд мордож чадна шүү. Тэр үед тэвхийсэн том дарга царайлаад байгаа та нар л эвгүйтэнэ шүү. Та нарыг энхийн цагаан тагтаа биш гэдгийг эрх биш дотор чинь явсан хүний хувьд барин тавин мэднэ. Надад алдах юм байхгүй. Би хэнээс ч хамааралгүйгээр амьдарч сурсан хүн. Надад үнэнч, надтай хамт хорвоогийн сайн мууг туулсан нөхөд минь байна. Хэнээс чинь ч гуйхааргүй мөнгө байна. Хэний чинь ч дор орохооргүй мэдлэг боловсрол, авьяас чадвар надад байна. Юу гуйх юм бэ. Хэнд би нээнтэгтэй юм бэ. Энэ удаад би нэрээ нууцаллаа. Эргэж харж алдаагаа засахгүй бол нэг мөр ил тод гараад дайрахад хэнийг чинь хэнтэй хагаралдуулж дайсан болгох оо, наад Засгийн газрыг чинь яаж хэврэгшүүлэх ээ, бүх жор нь надад байна. Зөвхөн цахим үнэмлэхний ард хэн байж, яаж мөнгө хийсэн, хэрхэн луйвар хийсэн нарийн үйлдлийг чинь би нарийн ширийн бүхэнтэй нь тавих төдийд л та нар ганхана. Үүнийг дэмжээд, тэтгээд, дөгөөгөөд явах МАН цаана чинь зогсч байна. Аятайхан байцгаа, алдаагаа зас, Ардчиллын дайснуудыг орон гэрээсээ хөөж явуул. Үүнийг хийхгүй бол маргааш амаа барив.

АН-ын гишүүн, тууштай дэмжигч Ш.Ш


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих