ХОЁР ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛМААЗ ЗАВШЖЭЭ

Зимбабве дахь Маранж ордоос 2008 оноос хойшхи хугацаанд хоёр тэрбум долларын үнэ бүхий алмааз эрдэнэ хулгайд алдагджээ. Үүнд Ерөнхийлөгч Роберт Мугабэгийн тойрон хүрээлэгчид оролцсон болохыг Африк-Канадын түншлэл /Partnership Africa Canada/ гэдэг хүний эрхийг хамгаалах байгууллага илрүүлсэн тухай “Америкийн дуу хоолой” мэдээллээ.

Зимбабве улсын Уул уурхайн сайд Оберт Мпофу алмаазын ордуудыг хувийн хэрэгцээндээ зориулан олборлох зөвшөөрлийг цэргийнхэн болон аюулгүй байдлын албаныханд олгосон хэмээн дээрх байгууллага үзэж байна. Олон зуун сая доллароор үнэлэгдэх алмааз эрдэнийг хуулийн дагуу болоод хууль бусаар арилжан үрэн таран болгосныг Канадад төвтэй ашгийн бус тус байгууллагаас гаргасан 36 хуудас бүхий илтгэлд дурджээ. Харин Зимбабвегийн засгийн газар үүнд ямар ч хариу өгөхгүй байгаа гэнэ.

2008 онд Зимбабвегийн цэргийнхэн Маранж ордыг хяналтандаа авах үеэрээ олон зуун бичил уурхайчдын амийг хороосон байж магадгүй гэсэн хардлага байгаа ажээ. Дэлхий дээр явагдаж буй алмаазын худалдааг хянадаг Кимбэрли Процесс /Kimberley Process/ байгууллагаас 2009 оны 9-р сард Маранж ордоос олборлосон алмаазанд экспортын хориг тавьсан хэдий ч хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг үл хайхран хоёр жилийн дараа хоригийг хүчингүй болгожээ.
Л.УРАНГУА

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих