ИХ ХААНЫ МЭНДЭЛСНИЙ ОЙГ БЭЭЖИН ДЭХ МОНГОЛЧУУД ТЭМДЭГЛЭВ

Энэ сарын 12-нд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам тус улсын түүхч,  монгол судлаач эрдэмтэд, Монгол улсад ажиллаж амьдарч байсан ахмад дипломатууд БНХАУ-д ажиллаж амьдарч байгаа өөрийн орны дипломатууд болон төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид болон оюутан сурагчид, хэвлэл мэдээллийн албаныхныг урьж, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан ярилцлага,  хүлээн авалт зохион байгууллаа. Ойд зориулсан арга хэмжээг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ, Монгол улсын Засгийн газраас  “Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр” болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснийг УИХ-аас хэлэлцэж, хууль болгон баталгаажуулсныг танилцуулав. Мөн ЭСЯ-ны элчин зөвлөх, Түүхийн шинжлэх ухааны доктор Ц.Батбаяр сүүлийн жилүүдэд МонголУлсын Түүхийн шинжлэх ухааны хүрээлэн болон түүх судлаач эрдэмтдийн Чингис хаан, Чингис судлалын талаар хийж буй ажил, гаргасан бүтээлүүдийн тухай дэлгэрэнгүй танилцууллаа.

Арга хэмжээний үеэр 11 дүгээр сарын 14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүндэт зочноор уригдсан, Синьхуа агентлагийн сурвалжлагч, ахмад дипломатч Ван Имин гуай одоогоос тавин жилийн тэртээ 1963 онд Монгол Улсад ажиллаж байхдаа Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаанд оролцож, сурвалжилж байснаа дурсан сонирхолтой яриа өрнүүлэв. Тэрээр яриандаа, Тэрхүү үйл явдал миний санаанд маш тод үлдсэн юм гээд ойн арга хэмжээг Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болсны дараа Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал, академич Ц.Дамдинсүрэн зэрэг эрдэмтэд их хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн түүний нэр хүнд түүхэн байр суурийг өсгөх хүсэлтийг тухайн үеийн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Төмөр-Очир дэмжин намаас хязгаарлагдмал хүрээнд хэрхэн тэмдэглэхээр төлөвлөснийг өгүүлж байв. Мөн тэр үеийн ЗХУ-ын “Правда” сонинд хурцаар буруушаасан нийтлэл гарч, нийтлэлийн дараа тус улсын удирдлагаас Ю.Цэдэнбал даргад даалгавар өгч, ойн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, ойн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буй хүмүүст арга хэмжээ авах тухай зарлигдаж байсныг дурсан ярив. Тэрээр энэхүү үйл явдалыг зохион байгуулахад оролцож байсан 130 гаруй хүн ямар нэгэн байдлаар ял шийтгэл авсныг мөн дурслаа. Үүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгч, доктор профессор н.Болдбаатар өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байрлах,  Их эзэн Богд Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог, Чингис хааны дурсгалын хөшөө зэрэг түүхийн дурсгалт газрууд болон байгалийн үзэсгэлэнг харуулсан өөрийн зургийн цомогийг үзүүлж тайлбар хийв. Ойд зориулсан ярилцлагын дараа ЭСЯ-аас зочид төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барилаа.
Бээжин хот. Ж.Ариунболд

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих