Даатгалын мөнгө угаасан банкны захирлыг сонгуулиас хасах уу?
Чингис хаан банкны Дархан дахь салбарт мөнгө угаасан хэрэгт холбогдож байсан Г.Ганболд МАН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн байна. Нийгмийн даатгалын мөнгийг өндөр хүүтэй байршуулан зөрүүг нь бэлнээр авч байсан удаа дараагийн үйлдэл гарах үндсэн нөхцөл болсон гэрээ байгуулж гарын үсэг зурсан нэг тал, ард түмний мөнгийг завших тэр бүх бололцоог олгосон банкны захирал хариуцлагаас мултарчээ. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Дархан дахь Чингис хаан банкны хооронд Харилцах дансны үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2007 оны 6 дугаар сарын 1-нд байгуулж, 0,73 хувийн хүүтэй байршуулсан мөнгөнөөс 0,33 хувийг нь завшиж байсныг гэрчүүдийн мэдүүлэг, санхүүгийн баримтуудаар нотолсон юм.
Хүмүүсийн хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ шингэсэн нийгмийн даатгалын шимтгэлийг банкинд байршуулахдаа 0,4 хувийг нь төсөвт тушаагаад, 0,33 хувийг нь завшин авсаны хохирол 213 сая төгрөг болжээ. Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа, ерөнхий нягтлан Б.Хастуяа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурсан нөгөө тал, мөнгө байршуулан завшуулсан банкны захирал Г.Ганболд ямар ч хариуцлага хүлээсэнгүй, яг одоо иргэдийг чин шударгаар төлөөлнө гээд явж байна.
Яллагдагч Б.Хастуяа “Г.Ганболдтой гэрээ байгуулаад, надад данс нээлгэн, зөрүү мөнгийг нь даргатай хоёулаа тавь тавин хувиар хувааж авдаг байсан гэх зэргээр мэдүүлж хэргээ хүлээжээ. Хэлтсийн дарга П.Баяраа “Сар бүрийн эхэнд би Хастуяагийн мессенжер хаяг руу “Чингис” гэж бичээд мөнгөө ав гэдэг байсан. Мөнгөө Чингис хаан банкны логотой, бор цаасан ууттайгаар хүлээж авдаг байсан. Гэрээ нууц болохоор манай хэлтэст хувь нь байхгүй″ гэх мэтээр мэдүүлсэн байна. “Манай банкны захирал, нягтлан хоёр Б.Хастуяад мөнгийг нь өг гэхээр нь Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад нь аваачиж өгсөн, П.Баяраа даргын гэрт нь сонинд боодолтой хүргэсэн, өөрөө хаалгаа онгойлгоод авсан” гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлэг бий. Банкны кассын нярав бэлэн мөнгө хүлээлгэж өгдөг байснаа, захирал Г.Ганболд заримдаа өөрийн дансаа ашиглаж хувийг нь олгодог, Б.Хастуяатай өрөөндөө уулзаж, Нийгмийн даатгалын хэлтсийн нягтлан авлигаа уутанд хийгээд авч гарсан хөдөлшгүй нотлох баримт хавтаст хэрэгт авагджээ.
Г.Ганболд нь Дархан-Уул аймгийн МАН-ын залуучуудын холбооны дэд тэргүүний сонгууль албатай, гол түрийвч нь болсон хүн юм. Хүн амын ажил хөдөлмөрийн хөлс шингэсэн мөнгийг банкинд байршуулахдаа сарын 0,4 хувиас хэтрүүлэхгүй байршуулах журам зөрчин, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх үндсэн нөхцөл бололцоо олгосон, хувийн данс, албан өрөөгөө ч ашиглуулан хамтарсан Г.Ганбодд иргэдтэй ямар нүүрээрээ уулзах вэ? Түүнийг хэн хэргээс мулталж, нэр дэвшүүлсэн бэ? Дарханыг аалзны торны шүлс хэрж, Д.Хаянхярваагийн багийнхны холбогдсон албан тушаалын хэргүүд шил дараалан цуварч байна. Д.Хаянхярваа эх орны хишгийг сонгуулийн хувь болгон ашигласан, Төсвийн байнгын хорооны дарга байхдаа “Шарын гол” компанид үнэгүй шилжүүлсэн спорт заалыг Сангийн сайд болоод буцааж худаддаж авсан, түүнд нь аймгийн МАН-ын дарга С. Насанбат шууд хамтарсан, Засаг дарга байхад нь Х.Баатархүү хэмээх байхгүй хүний нэрээр төсвийн мөнгө 45 удаагийн үйлдлээр дөрвөн жилийн туршид шилжүүлэн авсан, 9 жилийн өмнөх хуучин зураг үзүүлж байгаад төрийн яамыг хууран зам засварын хөрөнгө завшсан зэрэг хэрэг явдал үргэлжилсээр байна. Дарханы дарга нар даварсаар, дахин дахин хуурсаар байгаа баримт үргэлжилсээр…
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
URL: