Орон нутагт цахим үнэмлэхний тараалт 95.7 хувьтай байна
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний цахим үнэмлэхий олголтыг эрчимжүүлэх ажлын хүрээнд төв, орон нутгийн хэмжээнд Бямба гариг бүр ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгож байгаа билээ.
Мөн үүнтэй холбогдуулан аймаг, сум, хорооны засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн болон бүртгэлийн ажилтнууд цахим үнэмлэхээ биечлэн авах боломжгүй иргэдэд гэрээр цахим үнэмлэхийг нь олгож байна.
Цахим үнэмлэхийн олголттой холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газар аймаг, нийслэлээс долоо хоног тутам явцын тайлан мэдээ авч нэгтгэн улмаар дүн шинжилгээ хийж явц тааруу байгаа аймаг, дүүрэгт чиглэл, зааварчилгаа өгдөг. Тэгвэл энэ сарын 8-ны өдрийн байдлаар иргэний цахим үнэмлэхийн явц улсын хэмжээнд 95.3 хувьтай буюу 1.784.277 иргэн цахим үнэмлэхээ аваад байна. Үүнээс нийслэлд 94.9 хувь буюу 779.787 иргэн цахим үнэмлэхээ аваад байгаа бол хөдөө орон нутагт 1.449 мянган иргэн цахим үнэмлэхээ авсан нь 95.7 хувьтай байна.
Иргэний цахим үнэмлэхийн олголт нийслэлийн есөн дүүрэг, 19 аймагт 95-аас дээш хувьтай байна. Харин Баян-Өлгий, Өвөрхангай аймагт цахим үнэмлэхийн олголт тааруу байгаа юм. Иймээс үүнтэй холбогдуулан УБЕГ-ын холбогдох дарга нар тус аймгуудад ажиллаж байна.
УБЕГ-аас иргэний цахим үнэмлэхийг орон нутгийн сонгууль хүртэл олгоно. Иймээс иргэд орон нутгийн сонгуульд зөвхөн цахим үнэмлэхээр саналаа өгөх тул аваагүй байгаа иргэд өөрийн оршин суугаа харъяаллын дагуу цахим үнэмлэхээ авахыг зөвлөж байна.
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: