1,2 КМ УРТ “НАПОЛЕОН” ХИЙЖЭЭ

Дэлхийд хамгийн томд тооцогдох “Наполеон” гэдэг нарийн боовыг швейцарьчууд хийжээ. 25 тогооч сайн дурынхантай хамтран хийсэн амттан 1221 метр урт, 4,2 тонн жинтэй аж.
Швейцарийн мэдээллийн АТС агентлагийн мэдээлснээр, энэ ер бусын амжилтыг Гиннесийн дээд амжилтын номд албан ёсоор бүртгэжээ. “1992 онд Бельгид тогтоосон өмнөх дээд амжилтыг эвдсэнийг мэдээлэхэд таатай байна” гэж Женевт болсон намрын үзэсгэлэн худалдааны үеэр уг номын албан ёсны шүүгч Анна Орфорд мэдэгджээ.
Шинэ “Наполеон” нь өмнөхөөс 183 метрээр урт аж.
Сүүлийн 20 жил эвдэгдээгүй байсан амжилтыг эвдэхэд 864 литр цөцгий, 576 литр сүү, 600 кг гурил, 432 кг масло шаардагдсан байна.
Дээд амжилт тогтоох санаачилгыг тогооч Жиль Депланш гаргажээ. Тэрбээр өөрийнхөө нэрээр нэрлэсэн компанийнхаа 25 жилийн ойг тэмдэглэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. “Наполеон” -ыг 30 мянган хэсэг хувааж борлуулаад 100 мянган франк буюу 105,4 мянган долларын орлого олсон ажээ. Энэ орлогоо хөхний хорт хавдартай хүмүүст тусалдаг сангуудад шилжүүлсэн байна.
З.Амгалан

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих