ЯПОНЫ ЭДИЙН ЗАСАГ УНАЛТАД ОРЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн худалдааны зах зээлд ажиглагдах болсон сөрөг хандлагын улмаас Японы эдийн засаг энэ оны гуравдугаар улирлаас эхлэн уналтын үед оржээ.
Японы Засгийн газраас мэдээлснээр, тус улсын ДНБ долдугаар сараас есдүгээр сарын хооронд жилийн үзүүлэлтээс 3,5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь сүүлийн гурван улирлын хугацаанд ДНБ-ий үзүүлэлт буурч байгаа анхны тохиолдол ажээ.
Тус улсын эдийн засаг үндсэндээ өнгөрсөн жил болсон газар хөдлөлт болон цунамийн дараах сэргээн босгох ажилд зарцуулж буй улсын хөрөнгө оруулалт дээр тогтож байгаа юм.

Гэхдээ еврогийн бүсийн өрийн хямрал, АНУ-д тулгараад байгаа эдийн засгийн асуудлууд болон Хятадын ДНБ-ий өсөлтийн хурдац саарсны нөлөөгөөр Японы гуравдугаар улирлын экспорт өнгөрсөн улирлынхтай харьцуулахад 5 хувиар буурчээ. Мөн хувийн хөрөнгө оруулалт болон тус улсын ДНБ-ий 60 хувийг бүрдүүлдэг хэрэглээ буурсан нь шинжээчдийг түгшээж байна. Сүүлийн үед япончууд бараа таваар, ялангуяа автомашин болон цахилгаан бараа худалдан авах нь эрс багасчээ.
Эдийн засгийн сул үзүүлэлтүүд нь Токиогийн хөрөнгийн биржүүдийн энэ долоо хоногийн эхний арилжаанд нөлөөлж эхэлсэн байна. Токиогийн хөрөнгийн биржийн гол үзүүлэлт болох Никкейгийн индекс сүүлийн сарууд дахь хамгийн доод түвшинд хүртэл унажээ. Өглөөний арилжаа дуусах үед Японы томоохон 225 компанийн хувьцааны ханшийг илэрхийлдэг энэ индекс 0,74 хувиар буурсан байна. Уг индекс 64,31 пунктээр буурч 8693,29 пункт болжээ. Никкейгийн үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нэг гаруй хувиар буурсан байна.
Өглөөний арилжааны үеэр мөн ТОПИКС индекс 0,74 хувиар буурчээ. Биржийн нэгдүгээр зэрэглэлд хамаардаг бүх компаниудын хувьцааны ханшид нөлөөлдөг уг индекс 5,37 пунктээр буурч 725,37 болсон байна.
Түүнчлэн гуравдугаар улиралд хэрэглээний барааны эрэлт буурсан үзүүлэлттэй гарсан нь их дэлгүүрүүд болон худалдааны бусад сүлжээний ханш унахад хүргэжээ. Иений евротой харьцах ханш өндөр байгаагийн улмаас автомашин үйлдвэрлэгч болон цахилгаан бараа үйлдвэрлэдэг компаниудын хувьцааны ханш хямдарсан байна.
Эдийн засаг нь хямралын үед орж эхэлснийг Японы Засгийн газар үндсэндээ хүлээн зөвшөөрчээ. “Улс орны эдийн засаг бүтцийн хувьд уналтын байдалд орсныг үгүйсгэх аргагүй” гэж тус улсын үндэсний стратегийн төрийн сайд Сэйзи Маэхара Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Д.Жаргал

Montsame


URL:

Сэтгэгдэл бичих