Улстөрийн дампуурал
УИХ-ын гишүүн С.Одонтуяа «Улстөрийн амьдрал дампуурчхаад байна», УИХ-ын гишүүн Ц.Нямдорж «Монголын улстөр дампуу тал руугаа л яваад байна» гэж ярилцлага өгчээ.
Хууль батлах дээд байгууллагынхан дундаа арай гайгүй жин дардаг хоёр гишүүн иймэрхүү л бодолтой явна. Ингэж хэлээгүй ч үүнээс базаахгүй бодолтой яваа УИХ, Засгийн газрын гишүүн цөөнгүй байгаа. Монголын улстөр буруу замаар, тэгэхдээ тун ч хорлонтой «оюуны хоосрол, эдийн засгийн хомсхон мэдлэг» нь хувааж идэх булхайтай тохиролцоотойгоо хавсайдаж, урагшаа нэг алхаж, хойшоо хоёр алхсаар улстөрийн дампуурал руу дөхөж явна.
Улстөрийн холион бантан хутгагчид буюу тоотойхон улстөрчид нь өөрсдөө найруулж, намчирхан тэмцэлдсэн бохир тоглоомынхоо учрыг олохоо больж, эхнээсээ гараа өргөж эхэлснийг дээрх хоёр эрхэм тодорхойлж өглөө.
Сүүлийн 20 жил хэд хуваагдаж, улсын төсөв, ард түмний татварын орлого, эх орны байгалийн баялгийг намын нэрээр хуваан идэгчдийн хэрүүл тэмцэл нь одоо УИХ-ын сонгуулиас хальж, орон нутгийн сонгуульд «түүхэн «ач холбогдол өгч дээр дооргүй хуйвалдаж байгаагаар тов тодорхой илэрч байна.
Хэдхэн жилийн өмнө орон нутгийн сонгууль болдог эсэхийг мэддэг хүн цөөхөн байлаа. Мэддэг хэд нь ч өнөөдрийнх шиг үхэлдэн тэмцэлдэж, их багагүй хор хутгаж гүйлддэггүй байв. Ямарваа сонгууль нь улстөрийн үйл явц хэдий ч өнөөдрийн манай сонгуулийн тогтолцоо, түүнд хандах хандлага, эцсийн үр дүн нь улсаа дампууруулахад тулж ирээд байгааг дээр дооргүй нухацтай ярилцах цаг болжээ.
УИХ, НИТХ, улмаар орон нутгийн сонгуульд олонх болж, бүх шатны төсөв мөнгөнд захиран зарцуулах эрх олж авахын төлөө улайран тэмцэлдэж байгаа нь цаагуураа Монгол Улсын эдийн засаг сүйрлийн өмнө тулж ирээд байгааг л хамгийн энгийнээр сануулаад байгаа хэрэг юм.
2013 оны улсын нэгдсэн төсвийг «Түүхэндээ байгаагүй том төсөв баталлаа» гэж цээжээ дэлдэцгээж байгаа ч хамгийн их буюу 360 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хэрхэн яагаад, хаанаас үүсэн гарсныг ард түмэндээ ойлгогдохоор тайлбарлахгүй байна.
Ард түмнийхээ эрх ашиг, Монгол Улсын ирээдүйг бодолцохооc илүү эрх баригч улстөрийн нам, хүчнүүдийн эдийн засаг, бизнесийн сонирхол, хуйвалдан хувааж идэх тохиролцоонд далдуур үйлчилсэн 2013 оны төсвийн нийт орлого 7.088.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.2 хувь, төсвийн зарлага 5.975.087.2 сая төгрөг байгаа нь эдийн засагчдын үнэлгээгээр тун ч хангалтгүй үзүүлэлт юм.
Хоёр сая найман зуухан мянган иргэнээ 50-иад сая малынхаа хямд үнэтэй махаар хангах төвөггүйхэн шийдэлд хүрчхэж чадахгүй байгаа эрх баригчид нэг тонн
нүүрсээ өмнөд хөрш рүү 70 мянган төгрөгөөр ачуулаад байгаа хэрнээ хаяанд байгаа Багануурын нүүрсийг нэг тонныг нь 80-100 мянган төгрөгөөр худалдан авч бүлээцэж суугаа дотоодын хэрэглэгч олны учрыг олтол мөн ч өдий.
Эдийн засаг бизнесийн бүлэглэл үүд, мөнгө санхүүтэй бүх талаараа хутгалдсан Монголын улстөр, улстөрчид намчирхсан хуйвалдаандаа цэг тавьж, улс орны ирээдүйн төлөө зоригтой шинэчлэлт хийхгүй бол Монгол Улс Грекийн араас ороход бага хугацаа үлдлээ. Сонгуулиас сонгуулийн хооронд ямар ч хэтийн төлөвлөгөө, нягт нямбай төлөвлөлтгүй өдөр өнгөрөөж аргацаасан байдлаар улс орныг удирдсан болж байгаа улстөрийн ямар ч үзэл баримтлалгүй намуудыг татан буулгахад ч буруудахгүй.
«Зуун ямаанд жаран ухна» гэгчээр улстөрийн үзэл баримтлал гэх юмгүй, тогтвор суурьшилгүй энэ олон намуудын санхүүжилт, бүх төрлийн сонгуульд зарлагадаж байгаа хөрөнгө мөнгө нь Монгол орны эдийн засгийг доройтуулж, ирээдүйн хөгжлийг гацаасаар олон жил болсон.
Улс, эх орноо ямар чиг баримжаагаар хөгжүүлэх талаар алс ирээдүйг харсан ухаалаг мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж, ард олныхоо итгэлийг хүлээх ёстой улстөрийн намууд өнөөдөр нэг нь нөгөөгөөсөө ялгарах өчүүхэн ч зүйлгүй болжээ.
Монголын нийгэмд улстөрийн намуудын гүйцэтгэж байгаа хамгийн гол үүрэг нь эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх, эдийн засаг, санхүүгийн ноёрхол тогтоох, ингэснээрээ цөөн тооны улстөрч, эрх мэдэлтнүүд хэтэрхий баяжиж, нийгэмд баян, ядуугийн ялгаа өдөр шөнө шиг болоход хамгийн бодитойгоор нөлөөлж байна.
Эрх баригч улстөрийн намуудад Монгол Улсын хууль тогтоомж үйлчилдэггүй болох, хүссэн үедээ өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоомж баталдаг, улстөрийн зорилгоор хууль, хүчний байгууллагуудыг дарамтлан ашигладаг нэг ёсондоо эрх мэдэл, хуулийн ард нуугдсан улстөр, бизнесийн бүлэглэлүүд Монголын улстөрийг намын нэрээр ээлж дараалан барьж, ард түмнээрээ даажигнан тоглоцгоож сууна. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход Монголын улстөр хамгийн бохир, зарим талаар дампуурлын ирмэгт ирчхээд байгаа нь өнөөдрийн бодит үнэн юм. Улстөрийн томилгоо бүхний цаана тухайн ажлыг арван хуруу шигээ мэддэг жинхэнэ мэргэжилтнүүд нь сугаран үлдэж, намын нэрээр шургалсан ямар ч мэдлэг боловсрол, ажлын арга туршлагагүй дарганцарууд бүх л шатны удирдлагуудад хувалж шиг шигдсэн нь өнөөдөр хамгийн том гамшиг болчхоод байгаа.
Улстөрийн намаар халхавчлагдан Монгол орны маргаашийн хөгжил, хувь заяаг тодорхойлох чухал эрх мэдэлтэй даргын суудалд залрагсад эхнээсээ салбарын ажлыг шороотой хутгаж, өөрсдийнхөө ямар өчүүхэн нөхөд гэдгийг таниулаад эхэлсэн. Үүний тодорхой жишээ нь Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ц.Жадамбаа. АН-ын нарийн бичгийн даргаас суга дэвшин XXI зууны Монголын мэдээлэл технологийн салбарыг авч явж дөнгөнө гэж үзсэн энэ дарга салбарынхаа талаар наад захын мэдлэггүйгээ нотолж, төсвөөсөө хоёр тэрбум төгрөг тануулчхаад сууж байна. Иймэрхүү балагтай томилгоо Монголын улстөр, эдийн засгийн салбарт ёстой л өрөмний өт шиг язганалдаж байгаа.
Монголын улстөр нэг л биш дээ. Хуйвалдаж, хулгайлж идсээр дотроосоо өтөж байгааг анхаарах сүйхээтэй улстөрч, эрх мэдэлтэн байдаг болов уу. УИХ-ын гишүүн Ц.Одонтуяагийн дүгнэснээр «Монголын улстөр дампуурчхаад байна». Одоо яах вэ.
Д.Түвшин
URL: