“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн Ерөнхий сайд, хотын захирагч нарт хүсэлт тавилаа
Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлээд буй “Паркаа аваръя” хөдөлгөөний хүрээнд холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат паркийн газрын асуудалтай холбоотой нэр бүхий компаниудын захирлуудад тодруулга хүсэх албан бичгийг явуулсан бөгөөд хариу мэдэгдлийг өнөөдөр танилцууллаа.
Албан ёсоор паркийн 76 хувийг “Бодь” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК 24 хувийг эзэмшдэг байна. Мөн нийт 35 га газартай бөгөөд түүний ердөө 4 га газарт нь л тоглоом хийжээ. Мөн паркийн газрын 1,1 хувийг “Мон Уран” компани ашиглаж байгаа бөгөөд бусад компаниуд газраа шударгаар өгсөн тохиолдолд манай компани ч бас газраа чөлөөлнө хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн гэж МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Нээлттэй хэлэлцүүлгийн дараа нэр бүхий компаниуд паркийн газрын талаар тодруулга бүхий албан бичиг явуулсан бөгөөд “МАК” ХХК ямар ч газар эзэмшдэггүй гэдгээ мэдэгдсэн бол паркийн зүүн урд байрладаг “Шунхлай” ШТС-ын газар паркийн эзэмшилд анхнаасаа байгаагүй, паркийн газартай холбоогүй гэдгийг Нийслэлийн газрын албаны албан бичгийн хамт хавсарган илгээжээ. Хамгийн том газар буюу 31 га газрыг “ҮСАХ” ХХК эзэмшдэг бөгөөд 4 га газарт нь тоглоом байрлуулж, үлдсэн газар нь хоёр ширхэг таван одтой зочид буудал барихаар төлөвлөсөн байгаа нь батлагдчихсан байгаа аж.
Мөн “М Си Эс” ХХК паркийн хойд хэсэгт Шангри-Ла зочид буудал барьж байгаа бөгөөд уг цогцолборт газрын нэгээс таван давхарт хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагт зориулсан үзвэр үйлчилгээний төвүүд, усан бассейн, кино театр, электрон тоглоомын газар, түргэн хоолны сүлжээ зэрэг амралт зугаалгын орчин бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дурьджээ. Харин “Сөүл” рестораны хувьд тодорхой тайлбар өгөөгүй юм байна.
Тус хөдөлгөөнийхний зүгээс одоо Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт албан ёсоор хандаж, энэ асуудалд анхаарлаа хандуулан “Бодь” болон “ҮСАХ” ХХК-ийн асуудлыг нээлттэй ил тод болгож өгөөч гэсэн хүсэлт тавилаа.
Тус хөдөлгөөнд өдгөө нийгмийн идэвхтэй олон залуус тун нааштайгаар хүлээн авсан бөгөөд паркаа аврах сэтгэлтэй залуусыг уг хөдөлгөөнд нэгдэж, Засгийн газраас хэрэгжүүлэн явуулж буй “Хүүхдээ сонсъё” аяны хүрээнд нийт эцэг эхчүүддээ хандан 1111 дугаарт хандан паркийн асуудлаар хүүхдүүдийнхээ хүсэл бодлыг дамжуулж өгөх болон өөрсдийн санал бодлоо хэлэн дэмжиж буйгаа илэрхийлэх мөн Фэйсбүүкийн “Паркийн газрыг чөлөөл” групп, Твиттерээр уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байгаа юм.
А.Цацрал
URL: