Монгол Улсад амьдардаг хүмүүс монгол нэртэй байх ёстой

Өдрөөс өдөрт өөдөлж яваа үндэстнүүдийн их гэр бүлд багтагсдад зориулсан нэгэн түгээмэл ёс заншил бий. (Даяармал гэсэн ч болно) Сайн орон бараадсан хэн боловч тэр орныхоо ёсыг дагах нь ёс оо. Энэ бол нэр хэл хоёр юм. Хэрэв та Японд сумо барилдахаар бол эхлээд нэрээ солино. Орос, Хятадын иргэн болсон бол тэр л ард түмний хэллэгээр дуудагдана. Гадаад ертөнц дэх олон сая элэг нэгтнүүд бүгд тэр жамыг дагаж яваа. Тэглээ гээд нэрний эзэн хийгээд уг үндэстний цаад эх орон нь хэл ам хийж байсан удаагүй. Хаяад голоод явчихсан иргэдээ араас нь өмөөрдөг улс орон байтугай нутаг жалга ч байдаггүй.

Ер нь ч тэгээд цаашилбал тухайн орныхоо шашинд нь ордоггүй юм аа гэхэд хүндэтгэдэг байх ёстой. Энэ бол үндсэрхэг үзэл огт биш шүү. Манай орон ч бас энэ талаар сайхан уламжлалтай байлаа. Өмнөд хөршөөс ирэгсэд Заяат, Далай, Даашинхүү гэх мэтээр нэрээ өөрчилж байсан бол оросуудаа Болоож (Володя), Сэсээр (СССР) гээд л өөриймшүүлээд авчихдаг байв. Түвдүүдийн хувьд угаасаа шашин нэгтэй учир нэр өөрчлөх зовлонгүй.

Хэрэв манай Монголд өөр үндэстэн байдаг, амьдардаг бол тэр үндэстнийхээ нэрийг сольж монгол болгох ёстой. Хүнийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхахыг таслан зогсооход энэ арга хэмжээ маш ач холбогдолтой гэдэг өнцгөөс хэлж байгаа юм шүү. Ингэлээ гээд монголчууд өөр үндэстэнд уусна уу, уусгана уу хамаа алга. Чаддаг юм бол уусгана л биз.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих