“Цогших” компани зохион байгуулалттай гэмт хэрэг үйлджээ
Барилгын салбартай холбоотой гэмт хэрэг сүүлийн үед иргэдийн дургуйцлыг ихээхэн хүргэж байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө ар өврөөр гүйж, мөнгөөр далайлган, хууль бус газрын наймаа хийж, энгийн иргэдийг хохироодог энэ салбарынхан дэндүү даварчээ. Хуулийг гууль болгон уландаа гишгэж, иргэдийг хохироосон балмад үйлдэл энэ сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт гарсан аж.
Эх сурвалжийн өгүүлснээр уг хэрэг өнгөрөгч сарын 30-ны өдөр “Цогших” компанийн хөөсөнцөр ачсан машины жолооч осол гаргаж цахилгааны шон гэмтээснээс үүдэлтэй аж. Тухайн үед тог тасарснаас болж 30 айлын цахилгаан бараа их бага хэмжээгээр шатаж 12 сая орчим төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ үед компанийн удирдлага өөрийн биеэр ирж хохирсон гэх айлуудын гэрээр орж нэг ёсны шалгалт явуулжээ. Утаа нь хүртэл уйгиж дуусаагүй байхад ирсэн удирдлага хэлэх үгүй болсон нь лавтай. Ингээд “Хохирлыг 24 цагийн дотор барагдуулж өгнө” гээд цахилгаан станц руу залган иргэдийг цахилгаанаар хангажээ. Харин иргэд хөөсөнцөр ачсан портер машинийг барьцаа болгон авч үлджээ.
Гэсэн ч “Цогших” компанийнхан энэ сарын 2-ны өдөр хохирол барагдуулах нэрийдлээр ирсэн ч зохион байгуулалттай гэмт хэргийн нарийн төлөвлөгөө боловсруулсан байжээ. Компанийн менежер н.Доржпалам гэгч хохирол барагдуулна гэж гарын үсэг зураад “Надад одоо энд мөнгө байна. Их хэмжээний хохиролтой нь хамт яваад мөнгөө авчих” гэсэн аж. Ийнхүү “Портер” машины урд талд биеэ хамгаалах чадваргүй хохирогч Б-г суулгажээ. Энэ үед менежер залуу бусад хохирогчтой хамт үлдсэн бөгөөд машин компанийн байршлаас өөр зүг рүү явсанд иргэд сэжиглэн хохирогч Н,Б,Т,Ч нар машиндаа суун уг машиныг мөшгөсөн байна. Гэтэл 15-60 улсын дугаартай ногоон өнгийн “Сонота” маркийн машин тэдний замд хөндөлсөн “портер” машины араас дагахыг болиулахыг завджээ. Эх сурвалжийн мэдээллэснээр тус машинд компанийн нягтлан бодогч сууж явсан гэнэ.
Удалгүй машин Их тэнгэрийн ам хүрэх замд зэлүүд газар зогссон аж. Гэтэл тухайн газар гурван залуу зогссон тэднийг хүлээж байх нь тэр. Ийнхүү хохирогч Б-г боож унагаад хөөсөнцөр ачсан машинаа авч зугтаахаар завджээ. Энэ үед бусад хохирогчид ирж тусалсан бөгөөд компанийн ажилчид тэднийг ч мөн заналхийлж биед нь гэмтэл учруулсан байна. Улмаар хохирогч Т цагдаа дуудсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн компанийн ажилчид машиндаа суун зугтжээ. Дуудлагын дагуу тус машиныг Маршалын гүүр өнгөрөөд явж байхад нь саатуулсан ч дотор нь иргэдийг хохироосон гэх гурван залуу байхгүй байжээ. Эл хэргийг санаатайгаар үйлдсэн гэх компанийн менежер н.Доржпалам гурван залууг энэ хэрэгт ямар ч холбоогүй манай найзууд би дуудсан хэжмээн мэдүүлжээ. Энэ хэргийн талаар эргэн сурвалжлах болно.
Б.Ширнэн
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: