ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг. Гэсэн хэдий ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хойш компанийн нөөцийн хэмжээ шинэчлэгдээгүй, энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын тоо нэмэгдсэн, шатахууны хэрэглээ өссөн учраас нөөц бүрдүүлэх компаниудын нэрс, нөөцийн нэр төрөл, хэмжээг шинэчлэх шаардлагатай болжээ. Иймээс Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байсныг Засгийн газраас улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүргэж нийт 60 хоногийн нөөц болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг 2013 оны 3 дугаар сарын 1-ний дотор хангуулж, жил бүрийн 8 дугаар сард гүйцэтгэлийг хэлэлцдэг байхаар тогтлоо.
Арга хэмжээ авахыг үүрэг болгов
Өнгөрсөн долоо хоногт “НИК” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн яаравчлан мэдээлэл хийж, зарим газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалт хийсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд
1. Өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд даалгав.
2. Зах зээл дээрх давамгай байдлаа урвуулан ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, олон нийтэд буруу мэдээлэл өгөх замаар аж ахуйн нэгж, иргэд болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулах санаатай үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг судлан, хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасан байна.
3. Мөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодруулж, цаашид хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн салбарын болон аймаг, нийслэлийн түвшний хэлэлцээр байгуулахаар болов
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийнгурван талт хэлэлцээрийг пүрэв гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Тус хорооныхон уулзалтын үеэр Ерөнхий сайдад хандан, бүх шатанд хэлэцээрийн хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг тавьсан билээ. Зөвхөн салбар яамны хэмжээнд яригдаад өнгөрдөг, бусад яам, агентлаг, аймаг, нийслэл энэ хэлэлцээрийг төдийлөн анхаардаггүй гэдгийг хэлж байсан юм. Засгийн газрын хуралдаанаас уг хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн салбарын болон аймаг, нийслэлийн түвшний хэлэлцээр байгуулах арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгожээ.
Зүүн аймгуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ 7 хоногийн эхний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажилласан. Засгийн газрын хуралдаанаар тус аймгуудын иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, баталлаа. Тодруулбал Дорнод аймагт газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, “Тосон-Уул” XIX талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгах ажлыг үргэлжлүүлэхийг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгожээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн цэгийг тогтоож, Газрын тосны газар, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нэгдсэн ойлголтод хүрсний дараа “Тосон-Уул” XIX, Тамсаг-XXI ашиглалтын талбайн зөвшөөрлийг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны үйл ажиллагаанд шаардлагатай ажилчдыг орон нутгаас хангах, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол ажилчдын цалинг 2013 оны 1 дүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны 11, 12 дугаар сарын цалингийн нэмэгдлийг нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.
Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн 287 км замыг 2013 онд, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийг холбосон 177,9 км хатуу хучилттай замыг 2014 онд ашиглалтад оруулах, Баруун-Урт-Эрдэнэцагаан-Бичигтийн боомттой холбосон 290 км хатуу хучилттай авто замын зураг төслийг 2013 онд боловсруулж дуусгахыг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо. Хэнтий аймгийн хувьд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын байдлыг судлан холбогдох асуудлыг шийдвэрлэж, “Чингис хааны цогцолбор”-ын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, борлуулагчдын агуулах, зоорьны асуудлыг судалж, шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
· Монгол Улсын Ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осорын мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 12 дугаар сард тэмдэглэхээр боллоо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн болон ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, арга хэмжээг 2012 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгав.
· “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрыг төлөөлөн Жандармерийн ерөнхий командлал хоорондын Бэлтгэл, сургалтын хамтын ажиллагааны протокол”-ын төслийг зарчмын хувьд дэмжиж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
· 2012 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, тус бүрэлдэхүүнийг батлахыг Эрүүл мэндийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Н.Удвалд даалгав.
· Тамхины хяналтын тухай хуулийн 10.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэмд өөрчлөлт оруулсан байна.
· Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд агентлагийн орон тооны бус гишүүд ажил байдлын улмаас өөр ажилд шилжсэн, томилогдсонтой холбоотойгоор тус газрын орон тооны бус гишүүдийг шинээр томилов. Орон тооны бус гишүүнээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга А.Нэргүй, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарбаяр нар томилогджээ.
· Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хүрэлбаатарын Ганцогтыг томиллоо. Тэрээр тус яамны газрын даргаар ажиллаж байсан юм.
URL: