Морьтон Монголчууд (Аяллын тэмдэглэл)
Ойрд манай сайтан дээр Монголын талаарх мэдээлэл, мөн аяллын тэмдэглэл нийтлэгдэж байгааг байнгын хэрэглэгчид маань анзаарсан байх. Энэ зун хөдөө аймгуудаар, ялангуяа сум болон багуудаар эмнэлгийн үзлэгээр явж байгаа тул илүү “монгол” нийтлэлүүд тавигдаж байгаа бөлгөө.
Энэ долоо хоногийн 2 дахь өдөр буюу 8-н сарын 28-нд Баянхонгор аймгийн Баянбүрд багт үзлэг хийсэн юм. Энэхүү баг өмнө нь бие даасан сум байсан тул бусад багуудыг бодвол эмнэлэгтэй, бас бага сургуультай нэлээн том баг байв. Янз бүрийн байгалийн өвөрмөц хэлбэртэй чулуун хадан дунд орших уг багийн баруун энгэртээ морьны хөшөө болон суварга сүндэрлэх нь нар жаргахад үнэхээр сайхан харагдаж байсныг үгээр илэрхийлэхэд хүндхэн байна шүү.
Уг бага сургууль нийтдээ 22 сурагчтай аж. 1-р ангиас эхлээд хэд хэдэн бага ангитай. Баянбүрд багийн бага сургуулийн багш түрүү жилээс эхлэн “Морьтон Монголчууд” гэдэг өдөрлөгийг зохион байгуулдгийг дуулаад нэлээн сэтгэл хөөрөв. Учир нь өдрөөс өдөрт мориор бус харин мотоциклээр хөл дүүжлэх болсон хөдөөгийн малчин иргэдэд, ялангуяа ирээдүйн бяцхан иргэдэд мориороо “гангарах” сайхныг таниулан мэдүүлэхийн төлөө багахан хүрээнд боловч өргөн цар утга агуулгатай үйл ажиллагаа явуулдагт нь баярлаж буйгаа илэрхийллээ.
Нээрээ ч үнэхээр хөдөөд морь унасан хүн ховор болжээ. Үзлэгт ирж байгаа хүмүүсийн ихэнх нь мотоциклтой эсвэл машинтай ирнэ. Хамт ажиллаж буй гадаадын мэргэжилтэн хүртэл надаас морьтой хүн хэзээ ирэх бол хэмээн ёжтойхон асуусан шүү.
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шиг мотоцикл унасан малчинаас морь унасан нь илүү сайхан, хийморьлог харагддаг шүү гэж тэмдэглэлийнхээ төгсгөлд хэлмээр санагдаж байна.
URL: