Үндэсний бөхөд үймээн дэгдэв
Эрийн гурван наадмын нэг үндэсний бөхөд шунан дурлагсад цөөнгүй бий. Эдгээр хүмүүсийг бөхийн хорхойтнууд хэмээн хочилдог. Тэгвэл үзэгчдийн уухайн түрлэгээр хүч бяр нь тэгширдэг бөхчүүд маань хэл ам, хэрүүл шуугианд орооцолдож нэгнийхээ идсэн ууснаар нь илчилж эхлэв. Энэ бүгдээс харахад үндэсний бөхөд үнэнч шударга барилдаан байна уу даа гэх эргэлзээг иргэдийн дунд үүсгэж орхилоо.
Өнгөрсөн жилийн өдийд “Монголын үндэсний бөхийн холбооныхонд гомдохоос илүү бүр гутардаг” хэмээн улсын гарьд П.Сүхбат хэвлэлд үгээ дайж зодог тайлсан юм даг. Тэгэхээр тус холбоонд гомдоллож, гоморхож явдаг бөхчүүдийн тоо үүгээр дуусдаггүйг улсын арслан Х.Мөнхбаатар нотлоод өгөв. “Ноёнтой өшөөтэй хүн толгойгүй, нохойтой өшөөтэй хүн хормойгүй” гэгчээр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой улсын арслан Х.Мөнхбаатар нэгийгээ үзэж нэхий дээлээ зулгаалцахаар шийдсэн бололтой.
Тэдний тэмцэл өнөөх гайхал сэргээшээс үүдэлтэй. Сэргээш хэмээх шинэ тэр томьёо бөхчүүдийн дунд тархаад хэдэн жилийг ардаа үдсэн. Жил бүрийн улсын их баяр наадмаар сэргээшийн асуудал сөхөгддөг ч хэсэг хугацааны дараа мартагддаг улиг болсон асуудал. Энэ жилийн хувьд сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг “хав” дарснаас хамаг хэрэг мандав. А сорьцоос сэргээш илэрсэн тохиолдолд давтан шинжилгээ буюу Б сорьциор баталгаажуулдаг. Наадмын комиссын шийдвэрээр бол сэргээш хэрэглэсэн бөхийг ард түмэнд зарлаж, цол, чимгийг нь хураах учиртай.
Сэргээшийн асуудал сөхөгдөж эхэлсэн үеэс л улсын арслан Х.Мөнхбаатар хулээн зөвшөөрөхгүй давтан щинжилгээний дүн гартал чимээгүй байхаар “шийдсэн” Гэтэл Монголын үндэсний бөхийн холбооноос сэргээш хэрэглэсэн Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарыг илчилж орхив. Үүнээс болж Р.Нямдорж, Х.Мөнхбаатар хоёр “Би, чи” дээ тулж их хэмжээний мөнгөний асуудлыг сөхчихлөө. Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар хэн нь хэнтэй барилдсаныг цухас хүргэе.
Улсын арслан Х.Мөнхбаатар тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагын даваанд улсын начин Ж.Амартүвшинг, долоогийн даваанд улсын харцага Т.Санчирыг давсан ч наймын даваанд улсынарслан Д.Рагчаад өвдөг шороодсон. Харин Б.Сугаржаргал дөрвийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг давж, тавын даваанд Б.Соронзонболдоор начны болзол хангасан “түүхтэй”. Ийнхүү сэргээшийн асуудал сэдэрсэн болохоор эдгээр бөхчүүдийн даваа, өвдөг шороодолт нааш, цааш болох нь дамжиггүй.
Түүгээр ч зогсохгүй олны үг ортой гэдэгчлэн нөгөөх “найраа” гээч наймааны хэргүүд ил болж мэдэхийн. Сүүлийн жилүүдэд даваа наймаалцах асуудал газар авч мөнгөтэй нэгэндээ өвдөг шорооддог “хулхи” барилдаанууд олширсон. Зүлэг ногоон дэвжээн дээр хүч чадлаа гайхуулан барилдах бөхчүүд хэн нэгний аман мэхэнд автаж авлига гээчийг далд хэлбэрээр цэцэглүүлж эхэлсэн гэхэд болно.
Нэгэнт л үндэсний бөхтэй холбоотой асуудал сөхөгдсөн болохоор муу нуухаар, сайн илчилвэл яасан юм бэ. Хэдийгээр хоёр бөхийн сэргээш хэрэглэсэн, холбооны тэргүүний 70 саяын асуудал сөхөгдсөн ч бусад бөхчүүдэд хамаатай. Үндэсний бөхөөр овоглож, өөрсдийн мэргэжлээ болгосон хэн ч болов энэ газарт бугшсан асуудлыг эмхлэж цэгцлэх хэрэгтэй.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: