Шоовдорлогдсон давхаргынхан

Баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг хол зөрсөн өнөө нийгэмд дундаж гэдэг ойлголт ч шат шатанд зөрүүтэй байх болжээ. Амьдрал ямар байгааг орон нутагт нэр дэвшиж байгаа 19 мянга орчим эрхэмд нэг дуулгамаар санагдлаа. Мэдээж 19 мянга гаруй нэр дэвшигчдээс тал хувь нь биш юмаа гэхэд гуравны нэг нь энгийн иргэдийн амьдралыг мэддэг байх гэж найдаж байна. Нуршлаа гэж түвэгшээхгүйгээр орон нутагт, тэр дундаа нийслэлд нэр дэвшигч эрхмүүд таалан уншчихвал баярлана шүү. Амьдрал ямар байна вэ? гэж бид бие биенээсээ байнга л асуудаг. Амьдралаа энгийн жишээгээр дурдъя.

Тухайлбал, Болдоор жишээлье. Тэднийх хоёр хүүхэдтэй, ам бүл дөрөв. Нөхөр, эхнэр хоёул дээд боловсрол эзэмшсэн, төсвийн байгууллагын ажилтнууд. Болд байгууллагынхаа хэлтсийн дарга Эхнэрийн тухайд жирийн ажилтан. Том хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд, бага нь цэцэрлэгт явдаг гэе. Харин энэ хоёр аав ээжийнхээ хашаанд гэр барин амьдардаг. Өөрсдийн үндсэн үл хөдлөх хөрөнгөгүй. Нөхөр сард 500 мянган төгрөг, эхнэр 350 мянган төгрөгийн үндсэн цалинтай байг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ХАОАТ-т цалингаасаа суутгагдаад тэдний гар дээр нийтдээ 650 мянган төгрөг өрхийн төсөвт төвлөрчээ.

Цалингаараа гэр орондоо цахилгаан хэрэгслийн бараа, орчин үеийн ТV, хөргөгч зэргийг авчихна Бүүр цаашлаад 2.2 жилийн хугацаанд машины лизинг авчих боломжтой. Тиймээс Болд саяхан хэрэглээний автомашин лизингээр худалдан авсан. Машиныхаа лизингэд cap бүр 250 мянган төгрөг төлж байна. Банкнаас лизинг авсан болохоор шинэ автомашин худалдан авч. Хөл дүүжлэх унаатай болоод ойр зуурын ажилд хүний гар харахгүй, ажлаа хурдан амжуулж байгаа ч автомашины лизинг төлөхөөс гадна бензин шатахуун гээд зарлага ихтэй. Төсвийн ажилтнууд ажлаа тараад оройдоо халтуур хийж, бензиний мөнгө олно гэж худлаа юм байна гэдгийг тэд машин худалдан авсан хэдхэн сарын хугацаандаа мэдэрчээ. Тэднийх ирээдүйдээ орон сууцанд амьдрахаар төлөвлөдөг. Банкнаас орон сууцанд хамрагдахаар судалтал урьдчилгаа мөнгөнөөс гадна үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа өөрийн худалдан авах байшин дээр нэмж орон сууц барьцаалах шаардлага тавьж. Тэгээд ч жилийн хүү нь өндөр юм. Тиймээс боломжтой үеийг хүлээн ажлаа хийж, амьдрал үргэлжилж байтал Засгийн газрын бодлого хэрэгжин Болдын албан газарт орон сууцанд хөнгөлөлттэй үнээр хамрагдах хэдхэн квот ирж, түүнд нь мань эр багтжээ. Гэвч орон сууцаа судлан, худалдан авах гэтэл урьдчилгаа мөнгө шаардлагатай болсон байна. Харамсалтай нь тэдэнд урьдчилгаа мөнгө байсангүй. Иймээс квотоо бололцоотой нэгэндээ өгсөн байна.

Энэ өрхөөс манай нийгмийн дундаж давхаргынхны дүр зураг харагдаж байгаа байх. Дээд боловсрол эзэмшсэн, ажилтай өрх бүрийг дундаж давхаргад хамруулна. Өнгөрсөн жилүүдэд манай нийгмийн нэг хэсэг нь хэт баяжин, сүлжээ компани байгуулан, хэтэвч төдийгүй хөрөнгө чинээ нь зузаарч, гадаадад гарч, галуу шувууны мах идэх төдийгүй хаус худалдан авч, мөнгөө үрж ядсан зарим нь хөлөг онгоц үнэ хаялцуулан худалдан авч байна. Далайд гарцгүй манай орны хувьд гадаадаас хөлөг онгоц худалдан авах хэрэг байна уу, тэр хөлөг онгоцоороо эх орондоо сэлээд ирэхгүйгээс хойш гэх нэгэн ч байна. Өөрийн хөдөлмөр зүтгэлээр амьдралаа босгосон хүмүүсийг энд хэт баяжлаа гэж илүү харж, билүү долоогоогүй юм шүү. Өөрсдийн хүчээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн, түүнийгээ эдүгээ том компани болгон өргөжүүлж, хэдэн мянган хүнийг ажлын байраар ханган, амьдралыг нь авч яваа хөдөлмөрч хүмүүс манай нийгэмд байна аа.

Нийгэм эдгээр хүмүүсээр бахархан хүндэлдэг бол төрийн мөнгөнөөс завшиж, тэр хэрээрээ баяжин, алтаар бороо оруулсан ч шунал нь дийлдэхгүй бүлэг байгааг үгүйсгэх аргагүй. Тэгвэл нөгөө хэсэг нь нэн ядуу, төрийн халамж харан, ажил төрөлд ч орж чадахгүй, хог дээрээс лааз шил цуглуулан хоногийн хоолоо арай ядан олж байх. Өнгөрсөн жилүүдэд төрөөс амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд чиглэсэн халамжийн бодлогыг тууштай явуулж ирсэн. Наанадаж л олон улсын тусламжийн бараа сэлт, будаа гурил цаашлаад хүйтний улиралд түлээ нүүрсийг ч бага гэлтгүй хорооноос бэлтгээд өгнө. Өнөөдөр хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг cap бүр олгож байгаа нөхцөлд нийгмийн эмзэг бүлгийнхэн хоногийн бор хоолоо ч төрөөс даалгачихсан гэхэд болно. Гэвч энэ бүлгийнхний ихэнх хэсэг өрх бүлээрээ архинд донтсон байдаг. Cap бүрийн дундуур банкнаас хүүхдийн 20 мянган төгрөгийг аваад ажилгүй иргэд мөнгөндөө дугаарлан зогсож, банкнаас гараад шууд л архины мухлагийг зорих жишээтэй. Тэгээд л сарын дундуур энд тэндгүй согтуучуудын тоо олшрох. Өнгөрсөн жилүүд шиг. Баярын өдрүүд ингэж их сунан үргэлжлээд байна уу гэтэл тийм биш юм аа. Ер нь энэ иргэдийг албадан ажил хийлгэсэн ч яадаг юм, төрийн хатуу бодлого тэдэнд хэрэгтэй гэж бодогдох үе ч гарах юм.

Харин дундаж өрхүүдийн хувьд тэр бүр нийгмийн халамжид хамрагдаад байдаггүй, ер нь хамрагддаггүй гэж болно. Хороон дээр очихоор танайх ажилтай төрөлтэй, амьдралаа авч яваа айл гэнэ. Харин төрөөс олгож байгаа орон сууцны зээл энэ тэрд хамрагдах гэхээр өрхийн орлого чинь хүрэлцэхгүй гээд буцаачихна. Үнэндээ аав ээжийнхээ хажуу өрөөг хөлслөөд эсвэл хашаанд нь амьдарч байгаа айлд юуных нь үл хөдлөх хөрөнгийн барьцаа байх билээ. Банкнаас зээл авахаар баахан барьцаа нэхнэ. Хэрвээ өнөөдөр өөрсдийн орон сууцтай байсан бол юунд 10-20 жилээр банкаар барьцаалуулан байшин худалдаж авах гээд зогсож байх вэ? Ер нь улс орныг нийгмийн дундаж давхаргынхан буюу хөдөлмөрчин анги авч явдаг гэсэн. Өөрсдийгөө амьтнаас доогуур орохгүй, сайхан амьдрал мөрөөдөн нийгмийн дундаж давхаргад хамруулан сэтгэл хангалуун явсаар өнөөг хүртсэн.

Зөвхөн нийслэлээр жишээлье. Өнөөдөр төрийн албан хаагчид болоод иргэдэд орон сууцны урт хугацааны зээлээс гадна гэр хорооллыг хөгжүүлж, хороолол хаус болгоно гэж байна. Хороолол хаус, “ганнам” хаус болгох мөрөөдөлд хөтлөгдсөн хүмүүс ч олон байна. Нийслэлийн дундаж давхаргынхны ихэнх нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллынхон бид амины орд харштай баячуудыг яаж гүйцэх вэ. Гэхдээ л “бор гэртээ богд хар гэртээ хаан” гэдэг шиг жилийн дөрвөн улиралд хашаа байшингаа арчилж тордон, хавраас намар хүртэл хашааны зэрлэгээ зулгааж, модон хашаагаа блокдон, борооны ус нэвтэрдэг дээврээ засч тордон, бас ч хэрэндээ л дүнзэн байшингаа амины хаус болгох гэж чармайдаг.

Ер нь тэгээд жилийн дөрвөн улирлын гуравт нь амины өмч болох 0.07 га газраа тохижуулж, хүнсэндээ хэрэглэх ногоо, хашаагаа чимэх цэцгийн мандал, мод зүлэг суулган, навтгар байшингаа давхарлах, тоосгодох, дотоод засал хийх, болж өгвөл усан санд холбох гээд үндсэн ажил, эзэмшсэн мэргэжлийнхээ хажуугаар зогсоо зайгүй ногоочин, барилгачин, засварчин, цэцэгчин, цэвэрлэгч гээд амьдралыг хөөж, төрөл бүрийн мэргэжилд суралцана. Зарим нэг нь ч дипломыг нь аваагүй болохоос бус мэргэжлийн хүнээс хувь илүү хийчихнэ шүү. Одоо “Цэвэр агаар” төслөөс гэр хорооллынхонд халаалт тавьж байна. Харамсалтай нь үүнд хамрагдах хүмүүс нь “тусгай”. Энгийн хөдөлмөрчин мань мэтэд нийслэлээс хэрэгжүүлж байгаа халаалтын тоног төхөөрөмж үнэгүй байтугай үнэтэй нь ч олдохгүй байна.

Саяхан уг төслийг хэрэгжүүлэх багийнхан гэр хорооллын айлаар явж халаалтаа тавьжээ. Өнөөх төсөлд хамрагдан халаалт тавиулсан айл нь зуслангийн бүсэд, хауст амьдардаг эрхмийнх байсан гэнэ лээ. Уг нь энэ төслийг хотоос захдуу зусланд тухалдаг хаустай эрхэмд бус их хотын иргэдийг угаараар бохирдуулаад байгаа гэр хорооллынхонд зориулсан л байлтай. За тэгээд олон улсын томьёолсноор нийгмийн дундаж давхарга гэдэгт ажилтай, мэргэжилтэй, авсан цалингаараа машин төдийгүй байр орон сууц худалдан авах чадвартай өрхийг хамруулдаг аж. Жирийн иргэдэд ингээд л зээл олдохгүй байгаа юм даа. Жирийн иргэд бид улсаас хэрэгжүүлж байгаа зээлд хамрагдахыг хүсдэг ч олдоц нь ховор. Ёстой дээгүүрээ хуваагаад авчихдаг гэдэг шиг. Тэгвэл дээр жишээлсэн Болдынх энэ стандартад багтаж чадах нь уу. Өнөөдөр ийм Болдууд нийгмийн дийлэнхийг эзэлж байна. Ингэхээр бид нийгмийн доод давхарга руу аль хэдийнэ гулсан оржээ.

Учир нь нийгмийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч яваа хөдөлмөрчин ангийнхны амьдралын түвшин өнөөдрийн байдлаар дундаж амьдралтай гэх олон улсын стандартыг хангахгүй байна. Хэрвээ энэ хөдөлмөрчин анги буюу нийгмийн дундаж давхаргынхан байхгүй болбол улс орон мөхлийн ирмэгт ирэх нь тэр. Энэ нь муу амлаад байгаа зүйл биш л дээ. Хэт баяжилт, хэт ядуурал дундаас дундаж давхаргаа хамгаалах, аварч гарах төрийн бодлого боловсруулахгүй бол Монгол Улс баян, ядуу гэсэн хоёр туйлд хоёрхон сая хүнээ хуваах нь байна шүү.

Н.Энхлэн
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих