Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ажил онд эхэлнэ

 ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхтэй уулзаж ирэх он жилүүдэд хүнд үйлдвэрийн салбарт хийх бүтээн байгуулалтын ажлын гол цөмийн нэг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаар тодруулсан юм.

-“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК байгуулсан. Цаашид энэ ажлыг эрчимжүүлэх зорилготой сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ч байгуулагдсан гэсэн. Ямар яамд оролцож байгаа юм бэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны аравдугаар сарын 6-ны 76 дугаар тогтоолоор “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлийг байгуулсан. Зөвлөлийн даргаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, гишүүдэд Гадаад харилцааны сайд Л.Болд, Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нар орж байгаа. Энэ зөвлөлийн нарийн бичгийн дарга нь ’’Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-ийн захирал А.Ганзориг.

-Төсөл нь бол хэдийнэ бэлэн болчихсон биз дээ?
-Цогцолборын төслийг зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болсон.

-Хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай байна вэ?
-Одоогийн байдлаар тоо гараагүй байна. Буруу тоо өгч болохгүй. Мастер төлөвлөгөөнд орсон хөрөнгө санхүүгийн хэмжээг дахин ярилцаж байгаад энэ цогцолборыг барьж байгуулахад төд орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна, үүнээс эхний ээлжинд 2013 онд ийм хэмжээний төсөв хэрэгтэй гэдгийг Засгийн газраар батлуулж авсны дараа бодитой тоо өгнө.

-Хөрөнгө нь хаанаас гарах юм бол?
-Хөрөнгө оруулалтаар ярьж байгаа асуудал нээлттэй шүү дээ. Гадныхан болон манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгө оруулж болно. Мөн төрөөс гаргах ямар боломж байгааг ашиглаж, Хөгжлийн банк болон концессын гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэх юм. Аль боломжтой хувилбарыг ашиглана.
-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын усны нөөц тогтоох, цуглуулах, хайгуул хийх гээд чамгүй их ажилтай гэсэн. Энэ бүхнийг хэдийд хийх вэ?
-Усны хайгуул, судалгааны ажил эхэлсэн. Харин усны судалгааны нарийвчилсан хайгуулын ажил, цас, борооны ус хуримтлуулах болон хойд нутгаас ус шилжүүлэн урсгах боломжийн талаар судалгааны ажлыг 2013 онд хийхээр төлөвлөж, хөрөнгийн тооцоог гаргасан. Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлтгэж яамдаас санал авч дууссан. Судалгааны ажлыг 2013 онд багтаах юм.

-Барилга бүтээн байгуулал­тын ажил нь хэзээ эхлэх бол?
-2014 оны эхээр газар шороо, дэд бүтцийн ажил эхлэх боломжтой.

-Цогцолборын ашиглалтад орох хугацааг хэдийгээр гэж тогтсон бэ?
-Эхний үйлдвэрүүд 2018 онд ашиглалтад орно гэж мастер төлөвлөгөөнд туссан. Нэг үйлдвэр баригдахад дор хаяж гурваас дөрвөн жил болдог. ТЭЗҮ-ээс гадна нарийвчилсан зураг, ажлын зураг, дараа нь газар шорооны ажил, техникийн нийлүүлэлт гээд гурав дөрвөн жил заавал шаардлагатай.

-Дархан, Сэлэнгийн төмөрлөгийн үйлдвэр, нүүрс шингэрүүлж шингэн түлш гаргах үйлдвэрүүд байгуулах тухай бас ярьж байсан. Энэ бүгд ажил хэрэг болно биз дээ?
-Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн металлургийн цогцолбор барьж байгуулах тухай Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Уг цогцолборын Техник эдийн засгийн үндэслэлийг хийх санхүүжилтийг Дэлхийн банкны шугамаар хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төсөл гаргаж ажил нь эхэлсэн. Энэхүү ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар шинэчлэн байгуулж байна.

-Боловсруулах чиглэлээр өөр ямар үйлдвэр Монголд шаардлагатай байна вэ?
-Шаардлага гэхээс өмнө эхлээд түүхий эдийн хувьд барьж болох хувилбаруудыг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулан катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах, Молибдений баяжмалыг боловсруулах үйлдвэр, Зүүн бүсийн полиметаллын ордуудаас олборлосон түүхий эдийг боловсруулан цэвэр металл үйлдвэрлэх гээд хэд хэдэн чиглэлээр боловсруулах үйлдвэр байгуулна. Эдгээр үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийсний дараа ямар технологио боловсруулах, ямар хүчин чадалтай байх нь тодорхой болно. Мөн үнэхээр энэ үйлдвэрүүдийг барих шаардлагатай эсэх нь улам тодорхой болох юм. Мөн нүүрс шингэрүүлэх чиглэлээр “Thuussen Krupp“ ба Монголын аж үйлдвэрийн корпорацийн Төв аймгийн Баян сумын Төгрөг нуурын төсөл, “Цэцэнсмайнинг” компанийн Төв аймгийн Цайдам нуурын төсөл, “MCS” компанийн Багануурын төсөл, “МАК” компанийн Дорнод аймгийн Хэрлэн сумын Адуунчулууны ордын төслийг ярьж байна.

-Эдгээр үйлдвэрийг барьсны дараа Монголын эдийн засагт нөлөө нь ямар хугацааны дараа мэдрэгдэх бол?
-Монголын эдийн засаг боловсруулах үйлдвэр байгуулагдсаны дараа буюу 2021 он гэхэд ДНБ 10 тэрбум буюу 45 хувиар өснө гэсэн тооцоог “Бостон консалтинг” группээр хийлгэсэн.

www.topmedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих