Гүйцэтгэгч компанид хийсэн аудитын шалгалт Сэлбэ голын хувь заяаг шийднэ
Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, эргийн дагуу тохижуулах төслийн ажил хөрөнгө, мөнгөний асуудлаас болж зогссон. НИТХ-ын төлөөлөгчид цаг агаар хүйтэрч, ажиллах нөхцөлгүй болсон учир ирэх оны хавар дахин үргэлжлүүлэх санал оруулснаар энэ оны төсөвт тусгагдсан зардал нь хасагдсан.
Мөн Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, тохижилтын ажил хийгдэхгүй болсонд Сүхбаатар дүүргийн удирдлагуудын шийдвэр нөлөөлжээ.
Учир нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 856 дугаар захирамжаар уг төсөлд 500.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр баталж, зохион байгуулах, хянах явцыг Сүхбаатар дүүрэгт шилжүүлэн өгсөн байна.
Тохижилтын эхний үе шат амжилттай хэрэгжиж, үргэлжлүүлээд хоёрдугаар ээлжийн ажлыг эхэлжээ. Гэтэл зураг төсөлд тусгагдаагүй, нэмэлт ажлыг дүүргийн удирдлагууд оруулж хэрэгжүүлсэн байна.
Нэмэлт ажлын зардлыг дүүргийн хөрөнгөөр хийх ёстой ч, гүйцэтгэгч компани гэрээт ажлын хөрөнгөөр хийсэн аж.
Үүнд далангийн түшиц ханыг боржин чулуугаар өнгөлөх, чулуун багана суурилуулах, явган зорчигчийн замыг байгалийн чулуугаар өнгөлөх, гэрэлтүүлэг нэмж суулгах зэрэг ажил багтсан байна. Энэ нь тооцоолсон хөрөнгөөс давсан зардал бий болгож, санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар бүтээн байгуулалтын ажил зогсоход хүргэсэн гэж болно. Хамгийн чухал нь зуны гурван сарын турш буюу бүтээн байгуулалтын гол улиралд нь төсөв хөрөнгөгүйгээс тохижилтын ажил гацсан.
Хэдийгээр тохижилтын ажлыг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай зардлын тооцоог дахин гаргаж, энэ оны төсөвт тусгасан ч НИТХ-аар дэмжигдээгүй юм.
Түүнчлэн өнөөдрийг хүртэл хоёрдугаар ээлжийн тохижилтыг хийх компанийн сонгон шалгаруулалтыг хийгээгүй, гэрээнд заасан хугацаанд төлөвлөгөөт ажлаа дуусгахгүй байх, хөрөнгө мөнгөө зарцуулсан тоо баримт хангалтгүй зэрэг зөрчил байжээ.
Энэ мэтчилэн ойлгомжгүй асуудал олон байгаа учир эхний ээлжинд тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Норбу” компанид нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас аудитын шалгалт хийлгэж байгаа аж.
Энэхүү шалгалтын дүн төслийг цааш үргэлжлүүлэх, үгүйг шийдэх гэнэ.
О.Номин-Эрдэнэ
ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: