Д.Арвин хэсгийн хороодын дарга нарыг дайлжээ
УИХ-д чухам хэн нь орж ирэх нь тодорхойгүй таван суудал бий. Түүний хоёрт нь дахин санал хураалт явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн 22, 25 дугаар тойрог тус бүр гурван мандаттай. Энэ хоёр тойрогт тус бүр нэг мандат нь хуульд заасан хувийн санал авч чадаагүй юм. Хуулиараа нийт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй. Тэгвэл 22 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг 24.66, 25 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр 26.9 хувийн санал авч гурав дахь мандатад бичигдсэн ч УИХ-ын гишүүн болж чадаагүй. Тиймээс дээрх хоёр тойрогт дахин санал хураалт явуулахаар болж, мандатын тооноос хоёр дахин илүү тооны нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Налайх дүүрэгт МАН-аас Б.Батзориг, Д.Арвин, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар дахин өрсөлдөх юм. Дахин санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч 28 хувиас дээш санал авлаа ч санал тэнцвэл мөн л дахин санал хураалт явуулж, хамгийн олон санал авсаныг нь УИХ-ын гишүүнээр сонгох аж. Дээрх хоёр тойрогт явуулах дахин санал хураалтыг энэ сарын 21-нд болох орон нутгийн сонгуультай зэрэг явуулахаар төлөвлөөд байсан ч 26 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах боломжгүй болжээ. Уг нь тус тойргийн хорооныхон “Энэ сарын 21-нд сонгуулийн санал хураалт явуулахаар товлосон. Гэхдээ шүүхээс шийдвэр гарахыг хүлээж түдгэлзүүлээд байна” гэж мэдэгдэж байсан ч өчигдөр тэд дахин хуралдаж, ийм шийдвэр гаргасан байна. Учир нь тус тойргийн маргааныг шүүхээр шийдээгүй байгаа гэнэ. Нөгөө талаар АН Л.Эрхэмбаярыг санал хураалтгүйгээр шууд гишүүн болгох арга саам эрэлхийлж байна гэх хардлага олны дунд байгаа. Ямартай ч шүүхийн шийдвэр гарсны дараа дахин санал хураах талаар эсэхийг шийдэх бололтой. Харин УИХ-ын 22 дугаар тойргийн дахин сонгууль энэ сарын 21-нд болох юм. УИХ-ын дахин сонгуулиар ямар нэг сурталчилгаа явуулахгүй хэмээн сонгуулийн тухай хуулинд заасан байдаг. Гэтэл Баянзүрх, Налайх дүүргээс нэр дэвшигч Д.Арвин Баянзүрх дүүргийн хороодын зарим хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг иргэдээ өөрийнх нь төлөө санал өгүүлэхийг ятгаж, дайлж, цайлж байгаа аж. Тэрбээр Сүхбаатарын дүүрэгт байрлах “Од плаза” үйлчилгээний төвийн кароекед тэднийг авчирч цайллага хийнгээ гарын бэлэг гардуулжээ. Баянзүрх хүн амьнхаа тоогоор Сонгинохайрханы дараа ордог нийслэлийн томоохон дүүрэг. Тэгэхээр хамгийн олон хүнтэй дүүргийн хэсгийн ахлагч нарыг ятгаж чадвал Б.Батзоригийг ялах магадлалтай гэж тэрбээр тооцоолсон бололтой. Дан ганц үүгээр зогсохгүй түүнийг УИХ-ын сонгуулийн үеэр хууль бус сурталчилгаа явуулсан гэж үзэх хүн олон байгаа. Мөн түүнийг одоо ч дахин санал хураалтын дүнд нөлөөлөх зорилгоор иргэдийг амралтад явуулах гэх мэтээр хууль зөрчиж байгааг зарим иргэд хэлж байгаа юм. Хэрэв энэ үйлдэл нь баригдвал түүнийг дахин санал хураалтаас нэрийг нь хасах хуультай аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL: