МАН-ын “Хөзөр” АН-ыг биш ард түмнийг нам дарлаа
Уржигдраас монголчууд шатахууны “өлсгөлөн”-д нэрвэгдэж эхлэв. “Петровис” тэргүүтэй нефтийн импортлогчид ШТС-ууд дээрээ “Засвартай” гэсэн бичиг хадаж, эсхүл “Нөөц дууссан” хэмээн түгээлтээ зогсоож үзэв. Харин өчигдрөөс шатахуунаа алаг цоог түгээж эхэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө “Шатахууны үнийг тогтвортой байлгана” гэсэн Засгийн газрын тэргүүний үг уржигдар орой ямар ч олон хүний ой ухаанд сэргэв дээ.
“Роснефть”–ээс л болж “Петровис” тэргүүтэн үнээ нэмсэн гэх өмөөрөл хаа нэгтээгээс дуулдав.
Харин бодит байдал огт өөр зүг рүү чиглүүлж байна.
Оросын тал өнгөрсөн сард тонн тутмыг нь 44 ам.доллараар нэмсэн ч “Петровис” нарын компани дагаж нэмэлгүй тэсэж тэвчсээр өнөөг хүрсэн юм байх. “Роснефть” нефть экспортолдог улсуудаасаа ганцхан Монголыг сонгож ийн үнээ нэмжээ. Гэхдээ энэ учиртай гэнэ. Эртний түншүүд нь албан тушаалаасаа буусан. Унасан хүн ууртай. Тиймээс ил далд яриа хэлэлцээрээр хийгдэж байгаа ажил гэж ойлгож болох нь.
Уржигдар Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Энэ өдөр шатахууны хомсдол эхэлсэн нь тохиол уу, зохиол уу гэдэг асуулт гарч байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэд хоногийн өмнө “Манай Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгана” гээд амлачихсан байдаг. АН-ын даргын алба хашдаг Н.Алтанхуяг яг өнөөдөр бол Засгийн газрын тэргүүн бус намын дарга гэдгээрээ харагдаж байгаа. Тиймээс сонгуулийн сурталчилгааны эхний өдөр үүссэн шатахууны хомсдол шууд утгаараа түүнд, намд нь зориулсан бэлэг болон харагдаж байна.
Үүнээс гадна хэвлэлийн од болоод байгаа У.Хүрэлсүх нам дээрээ очих сураг бий. МАН-ын аппарат дотор ч иймэрхүү яриа байгаа бөгөөд “шинэ” удирдлагыг хүлээж авах бэлтгэл ажлаа МАН-ынхан битүүхэн хангаж байгаа гэх. Орон нутгийн сонгуулийг албан бусаар удирдан, улмаар намын удирдлагыг гартаа авах алсын бодолтойгоор З.Энхболдод өргөдөл тэрлэсэн У.Хүрэлсүх өдийд юу ч төлөвлөлгүй, хийлгүй сууж байгаа гэвэл худал.
Намаа унаж босохыг “хар нялх”-аасаа үзэж өссөн У.Хүрэлсүхээс баргийн PR-чны сэтгээгүй санаа гарна. Н.Алтанхуяг, О.Магнай, бас хотын мэр Э.Бат-Үүл нарын “фон”, дээрээс нь төрийн жолоо атгаж буй эрх мэдэлдээ дулдуйдан олж авсан нэр хүнд, байр сууриараа ноёлж буй АН-ыг яаж ганхуулах вэ гэдгийг тэр бодож л байсан байж таарна.
Энэ утгаар У.Хүрэлсүх нам дээрээ очсоноо ингэж мэдэгдсэн хэрэг. Өнөөдөр Монголын нефть импортлогчдын 80 шахам хувь нь өмнөх засаглалын үеийн хайр, халамжид байсан. Өөрөөр хэлбэл, цөөн хэдэн компани нефтийн нийлүүлэлтийг базаж байдаг. Тэд одоохондоо монополь гэдгээ ч бас мэдрүүллээ.
МАН өнөөдөр төрийн эрхийг барихгүй ч ард түмний амин судсыг атгасан хэвээр байна гэдгийг олон нийт мэдэж авав. Нэг үгээр хэлбэл, МАН-ын эхний “хөзөр” АН-ыг биш ард түмнийг нам дарлаа.
Зангууны үлгэр адил “Роснефть”, “Петровис”, “Сод Монгол” зэрэг манай импортлогчид, МАН, бас АН хэмээх хэд дамнасан ашиг орлого хийгээд ашиг сонирхлын төлөөх тэмцэл, зөрчилдөөний хөлд ард түмэн үрэгдэж дуусах нь.
Энгийнээр ойлгоё гэвэл, “Петровис” зэрэг цөөн хэдэн компани Оросын “Роснефть” компаниас шатахуун импортолсноо бидэнд дамладаг. Ингэж дамлахдаа улсын томоохон үйлдвэр, аж ахуйн газруудад бөөнөөр нь шахна. Шахахад нь тусалдаг бүлэг улстөрч бий. Тэр нь МАН-ын засаглалын үеийн лидерүүд. Саяхнаас энэ мэтийн булхай луйвар нь бүр ил болж байгаа. “МИАТ”-д гэхэд л литр тутамд нь зах зээлийн үнээс даруй 200 төгрөгөөр илүү “шахаж” байсан нь ил болж байна. “Эрдэнэс тавантолгой”-д нийлүүлдэг дизелийн түлш Өмнөговьд зарагдаж байгаагаас литр тутамдаа 200 төгрөгөөр илүү үнэтэй болдог аж. Бараа бүтээгдэхүүний бөөний үнэ гэдэг жижиглэнгээсээ хямд байдгийг бид зах зээлийн хууль гэж ойлгож ирсэн. Харин Монгол дахь нефтийн бүтээгдэхүүний монополь зах зээл дээр эсрэгээрээ. Бөөнөөр ихээр авч байгаа төрийн өмчийн компаниудаас илүү үнэ авч, татвар төлөгчдийн мөнгөөр тоглодог жишиг тогтжээ. “Эрдэнэс тавантолгой”-д илүү үнээр бензин шахдаг асуудлаас болоод нэлээдгүй хүн АТГ-ын хаалга татахад хүрээд буй сураг дуулдаж байна. Эндээс, бид хэдэн төгрөгөөр үнэлэгдэх шатахууныг хэдээр аваад байгаагаа ойлгож болохоор.
Ер нь тэгээд ингэж дамын шатахуунаар амиа зогоож, бас их ашиг олж байгаа цөөн хэдэн импортлогчдод дарамтлуулахгүй байх арга бас байна.
С.Баярын Засгийн газрын үед “Роснефть” манай улсад 100 шатахуун түгээх станц барьж, шатахуун борлуулах сонирхлоо илэрхийлж байлаа. Манайхан тэр үед яаж эсэргүүцэж, тэмцэж байж болиуллаа даа. Одоо бодоход, хэрэв Оросын ШТС-ууд байрлуулчихсан бол цөөхөн хэдэн хүний эрх ашиг л зөрчигдөх байж.
Одоо ч гэсэн үүнийг сэргээж яагаад болохгүй гэж. Тухайн үед Орос манайд санал тавьж байсан бол одоо бид гуйя. Тэртэй тэргүй нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ Оросоос хараат бусаар зохицуулж чадахгүй бидэнд үүнээс өөр сонголт ховор. Орос ШТС-уудаа бариг. Ядаж л машиндаа хийх бензин монгол импортлогч, тэднийг ивээдэг том нам гэсэн дундын дарамтгүй ирнэ. Энэ хамгийн гол нь. Бас нефтийн бүтээгдэхүүний импортыг дагасан авлига устаж, хэдхэн хүний асар их ашиг үгүй болно.
Эрх мэдэл, албан тушаал юу байдгаа өнгөрсөн сонгуулиар өрсөлдөгчдөө алдсан МАН одоо юу ч хийхэд бэлэн болжээ. Тэдний гарт үлдсэн цөөн хэдэн хөзрийн нэг нь энэхүү нефтийн бүтээгдэхүүний импортын монополь эрх.
Улс төр гэдэг бохир. Тэртээд байгаа Дорж, дэргэд байгаа Алимаатай яриад суух шиг ил юм биш. Дандаа хөшигний ард болдог тоглоом ажээ.
Б.Онон
URL: