Н.Энхбаяр өршөөгдөж, Засгийн газарт өндөр албан тушаал хашна
МАН болоод МАХН цаашид улс төрийн хамтран зүтгэгчид болно. Гэхдээ тэд улс төрийн нэг хүчин болж, намаа нэгтгэхгүй. Энэ бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын тохиролцсон эхний асуудал. Хуулийн байгууллагаас дөрвөн жилийн ял сонсч, сайд нарын II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа Н.Энхбаярыг Ө.Энхтүвшин нөхрийн ёсоор эргэж очсон удаатай. Тиймдээ ч Ө.Энхтүвшин “Бид хамтдаа их зүйлийг туулсан хоёр шүү дээ. Бидний дунд итгэл, үл итгэл, тэгээд дахин итгэл ч байлаа. Хүмүүсийн явуулгаар хоорондын харилцаанд ан цав үүсэж, түр тар гэх үе байсан ч намаа гээд хамтарч ажиллаад явж л байж” хэмээн дурссан юм. Үнэхээр ч тэд төөлбөл бие, тоолбол нас чацуу нэгэн үеийн андууд. Олон жил нөхөрлөж явсаныг нь эл хүрээнийхэн ч андахгүй.
Ардчилсан хүчин ялсан 1996 оны наймдугаар сарын 26-нд Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр, С.Баяр нар намын даргын суудалд өрсөлдөж байлаа. МАХН-ын Бага хурлаар Н.Энхбаяр намын ерөнхий нарийн бичгийн даргаар, Ө.Энхтүвшин нарийн бичгийн даргаар сонгогдсон түүхтэй. Мөн оны аравдугаар сард Орон нутгийн сонгууль болж, МАХН-ын нарийн бичгийн дарга бөгөөд нийслэлийн МАХН-ын хорооны даргын албыг давхар хашиж байсан Ө.Энхтүвшин намаа сонгуульд удирдахад Н.Энхбаяртай гар нийлэн ажиллаж, ялалт авчирсан. Тэд ингэж л нэг намын удирдлагад нэгэн зэрэг гарч, нэг шугаман дээрээс нэгэн зүг харж, нэгэн үзүүрт зорилго, итгэл үнэмшлээр гар нийлэн тэмцэж явсан хоёр. Ямартаа л, Н.Энхбаярыг тавдугаар сарын 12-ны орой АТГ-ынхан сүр дуулиантайгаар оймстой нь өргөөд явсны дараа Ө.Энхтүвшин түүнийг өмөөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, намынхаа бүлгийн гишүүдтэй “тангараг” тасарч байлаа. Тэр ч бүү хэл, Намбарын хүүг өмөөрч, намынхаа удирдлагуудтай ч ам мурийсан юм.
Тэдний энэ хувиршгүй нөхөрлөл МАН-ын даргын албан тушаалд хүчтэйгээр нөлөөлсөн гэлцдэг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгийн дараахан МАН-ын бага хурал болж, удирдлагууд нь албан тушаалаасаа огцров. Үүнтэй зэрэгцэн ууган улс төрийн хүчний намын дарга хэн болох вэ гэх марафон ах намд өрнөсөн. Тухайн үед олон хүний нэрс чих дэлсэж байснаас УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин сонгогдсон юм. Өмнө нь С.Батболдын эсрэг танхимаас өөрийнхөө нэрийг дэвшүүлж байсан түүнд бага хурлын гишүүд тийм ч таатай хандаагүй гэдэг. Гэвч Н.Энхбаярын санааг эргүүлэх цорын ганц хүн түүнээс өөр байхгүй хэмээн үзэж, олонхиороо гараа өргөсөн аж. Үнэндээ ч намын даргын суудал хөндөгдөх өмнө Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаяр руу гүйдэлтэй болсон байлаа. Ойр ойрхон уулзаж, учир явдлаа хэлэлцдэг байсан ч гэлцдэг. Мөн Н.Энхбаярыг өмөөрсөн үг хэдэнтээ унагаж, намынхаа удирдлагуудтай ам мурийж байсан үе ч өнөөгийн МАН-ын даргад бий. Өдгөө ч тэрбээр шүүхийн шийдвэрийг буруушаасан үг, өгүүлбэрийг унагадаг нэгэн.
Гол нь тэр эгзэгтэй мөчид, хуучны андтайгаа уулзсан явдал. Хуулийн байгууллагаас дөрвөн жилийн ял сонсч, арга нь барагдаж байсан Н.Энхбаярыг эмнэлэгт очсон нь ч юу юунаас чухал үйл явдал байлаа. МАХН, МҮАН-ынхан албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй өөр зуураа хэмлэлдэж байхад Н.Энхбаярт хэн нэгний туслалцаа үгүйлэгдэж байсан үе. Нэгэнт АН-ынхан Шударга ёс эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгууллаа гээд Н.Энхбаярыг өршөөхгүй нь тодорхой боллоо. Энэ үед найзыгаа гээд очсон Ө.Энхтүвшингийн үйлдэл Н.Энхбаярын сэтгэлийг уяраасан бололтой. Тэд Орон нутгийн сонгуулиар нэгнийхээ эсрэг биш харин хамтдаа АН-ын эсрэг тоглолт хийхээр болсон байна. Гэхдээ ил биш далд байдлаар. Мөн ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гар нэгтэй ажиллахаар тохиролцжээ. Улмаар МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Ерөнхийлөгч хамгийн түрүүнд Н.Энхбаярыг өршөөхөөс ажлаа эхэлнэ. Тэр ч бүү хэл, Н.Энхбаярыг Засгийн газарт өндөр албан тушаалд “томилох” гэнэ.
Үүний тулд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг уусгах. МҮАН-ын гишүүн Ц.Цолмонд МАХН-ын батлах өвөртлүүлдэг шиг парламентад байгаа гишүүдийг нь соронзох даалгаварыг Н.Энхбаяр намынхандаа өгсөн аж. Энэ ажиллагаа ганц МАХН-д ч биш МАН-д ч хэрэгжиж буй. Ц.Цолмонгийн дараагийн хүн нь Д.Батцогт. Түүнийг урвуулах хүн нь МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга С.Бямбацогт гэнэ. Нэг айлын базууд санаа бодлоо ойлголцоход дөхөм гэдгийг ч хоёр намын лидерүүд тооцоолсон байна. С.Бямбацогтыг ах намынхан өөд татаж эхэлсэн шалтгаан нь энэ. Түүнчлэн Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаярт амласан амлалтаа биелүүлээд эхэлсэн гэнэ. Тэр нь өдгөө нийгэмд шуугиан тариад буй үйл явдал.
Мөн ах нам парламент дахь суудлынхаа тоог цөөрүүлэх биш нэмэгдүүлэх даалгавартай. Одоогийн 25 суудал дээрээ Өвөрхангайн хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хоёрыг нэмээд 29 болгох юм. Энэ тоон дээр МАХН-ын тодотголтой зургаа дээр нь МҮАН-ынхныг урвуулж чадвал 11 суудлын тоо нэмэгдэх юм. Ингэснээр нийт 40 суудалтай болно. Хэрэв хоёр Э-гийн бичсэн сценар амжилттай хэрэгжвэл АН олонхи болж чадаагүй тул МАН-д хадаг барихаас өөр аргагүй нөхцөл байдал бий болж, МАН-МАХН-ын нэгдэл Засгийн газарт харьяалагдаж, баярын бялуу хуваана. Ингэж Н.Энхбаяр ч гүйцэтгэх засаглалын танхимд багтахаар төлөвлөжээ. Энэ бол эртний андуудын нөхөрлөлөө бататгасан улс төрийн тохиролцоо.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: