ХАКЕРУУД ОРОСТ КИБЕР ДАЙН ЗАРЛАВ

Хакеруудын “GhostShell ” гэдэг бүлэглэл Орос улсад кибер дайн зарлаж байгаагаа мэдэгдэн, төрийн, хуулийн, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 2,5 сая орчим аккаунтын мэдээлэл болон янз бүрийн баримт бичгийг нийтэлжээ. “Project BlackStar” гэж нэрлэсэн өөрсдийн үйлдлийг Оросын Засгийн газрын эсрэг чиглэгдсэн гэж хакерууд мэдэгдсэн байна.
Хакеруудын бүлэглэлийн мэдэгдлийг кибер халдлагынхаа тухай мэдээлэл хийхэд ашигладаг “pastebin.com” цахим хуудсанд нийтэлжээ. Энэ цахим хуудсанд мөн хулгайлсан мэдээллүүдээ тавьдаг байна.
“GhostShell ” бүлэглэлийнхэн өөрсдийн үйлдлийг “Орос улс удаан хугацаанд дарангуйлын улс байсаар ирсэн бөгөөд авлигад идэгдэж, ард иргэд нь ертөнцөөс тусгаарлагдмал амьдарч байгаатай” холбон тайлбарлажээ. “Хэдийгээр тус улс хүнд үеийг даван туулж, олон хүн өлсч зовж байгаа боловч Оросын Засгийн газар тагнуулуудыг санхүүжүүлэх эх үүсвэрийг олсоор байна” гэж хакеруудын мэдэгдэлд дурдсан байна. Мөн АНУ-аас Орос руу хууль бусаар микроэлектроник экспортолж байгаа хэргийг сөхчээ.
“GhostShell ” бүлэглэл өнгөрөгч зургадугаар сард ийм кибер дайныг Хятад улсад зарласан юм. Тус бүлэглэлийн хакерууд мөн АНУ-ын боловсролын системд дургүйцэж байгаагаа илэрхийлэн дэлхийд тэргүүлэх 100 их сургуулийн цахим хуудсанд халдана гэдгээ мэдэгджээ.
Д.Жаргал

Montsame


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих