“Хөдөлгөөнгүй эргүүлтэй” Б.Билэгт дарга
Цагдаагийн Ерөнхий газрын хэнэггүй дарга Б.Билэгт Хөдөлгөөнт эргүүлийн газрыг татан буулгачихдаг юм байна. Тэрбээр нийслэлийн хэв журам сахиулах анги нэгтгэлүүдийн удирдлагатай нэгдсэн хурал хийсэн. Энэ үеэрээ хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар шиг ажлаа хийдэггүй, хамар доор нь гарсан гэмт хэргийн хажуугаар нүдэн балай давхиад байдаг урагшгүй амьтад алга гэж баахан зандарсан сурагтай.
Хөдөлгөөнт эргүүл гэсэн эрээн алаг машин уначихаад хаа сайгүй сүлжиж байдаг эргүүлийн цагдаа нар өөрсдийн хариуцсан дүүрэг, тойрог, хэсгээ л тойрч эргэлдээд байдаг юм байх.
Харин тэдний харьяалалгүй газруудад гарч байгаа гэмт хэрэгт огтхон ч анхаарал хандуулахгүй байгаагаас үүдэн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа гэнэ.
Хорооны хэсгийн байцаагч нараа тоодоггүй, тэдэнтэй ажлын уялдаа холбоогүй гэсэн хатуухан шүүмжлэлийг “бүдүүн дарга”-аасаа сонссон хөдөлгөөнт эргүүлийн 1000 гаруй алба хаагч нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтэс, албадад хуваарилагдан очсон. Ингэснээр Б.Билэгт даргын албатууд “хөдөлгөөнгүй эргүүл”-ийн журмаар ажиллах бололтой юм.
Одоогоос дөрвөн жилийн өмнө ЦЕГ-ын дарга хошууч генерал Д.Сандаг-Очир нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, Эргүүл хамгаалалтын газрыг нэгтгэн Нийгмийн хэв журам хамгаалах газар байгуулж байсан түүхтэй. Тэгсэн чинь “Сахил хүртээд шал дордов” гэгч болж, нийгмийн хэв журам хамгаалагдах биш энд, тэнд харанхуй гудамжны мухар, хүний хөлөөс зайдуу газар онц ноцтой гэмт хэргүүд ар араасаа цувран гарах болж, муу нэртэй “Хөдөлгөөнт эргүүл”-ийн газар үгүйлэгдээд эхэлсэн билээ.
Тэгээд яах вэ дээ. Улаанбаатар шиг гэрэлтүүлэг муутай, харанхуй нүх сүв олонтой хотын иргэдэд цагдаа, сэргийлэхийн тусламж хамгийн хурдан хүрч болох арга хэлбэр нь “Хөдөлгөөнт эргүүл” юм байна гэж дээр дооргүй зөвшилцөлд хүрч, хөдөлгөөнт эргүүлийхнийг дахин байгуулсан юм даг.
Орой бүр шахуу зурагтын дэлгэц дүүргэн малилзаж, цагдаагийн ажил ярьж суудаг хурандаагийн “Улаанбаатар хотын хувьд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарын гүйцэтгэж байгаа үүрэг асар их. Ямарваа хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан хэрэг зөрчилд цаг алдалгүй хүрэлцэн очиж байдлыг хяналтад авах зэрэг маш олон давуу талтай” хэмээх талархлын үг Б.Билэгт даргын үед ингээд эргээд түүх болов оо хө.
Уг нь гэмт хэрэг зөрчлөөс айхтар сүрхий урьдчилан сэргийлж гийгүүлдэггүй юм аа гэхэд хөдөлгөөнт эргүүлийн машинууд гудамж замаар сүлжилдэн давхиж байгааг харсан иргэдийн айдас түгшүүр бага ч болтугай замхардаг байсан үе ард үлдэж байна. Тун удахгүй Утаанбаатарын түнэр харанхуй өдрүүд эхлэх гэж байдаг.
Утаанбаатарын захын дүүргүүд Толгойт, Баянхошуу, Яармаг, Хайлааст, Улиастай гээд тас харанхуй гудамж, нүх жалга ихтэй. Хөдөөнөөс нүүдэллэн ирэгсэд голдуухан амьдардаг борчуудын хороолол одооноос эхлээд цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн барааг харах нь битгий хэл сургийг нь сонсохгүй гэсэн үг. Энэ өвөл зутруухан, хүйтэн болно гээд байдаг.
Магадгүй. “Орифлеймчин”, сүнс судлаач авгай нарын айлдсанаар наран мандахгүй харанхуй дээрээ тас харанхуй гурав дөрөв хонох ч юм бил үү. Тэгвэл ч ёстой завхарсан юм болно доо. Тас харанхуй Утаанбаатарын захын дүүргүүд тэр үед жинхэнэ аймшгийн талбар болохгүй гэх газаргүй. Муу нэртэй хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар үзэгдэхгүй. Харин олз ашиг хайсан дээрэмчин, тонуулчид газар сайгүй хөлхөлдөөд эхэлбэл “хөдөлгөөнгүй эргүүл”-тэй Б.Билэгт дарга та ямар арга хэмжээ авах бол.
Тэртэй тэргүй одооныхоо хүн хүчийг багтааж шингээх байр сав тааруухан байгаа нийслэлийн есөн дүүргийн Цагдаагийн хэлтэс, албадууд хөдөлгөөнт эргүүлийн 1000 шахам алба хаагчийг хаанаа багтаан шингээж, алба үүргийн уялдаа холбоогоо хэрхэн яаж зохицуулах талаар эрхэм Б.Билэгт дарга та бодолцож үзсэн үү.
Өөрийн амьдардаг дүүргээр аваад үзэхэд л Баянзүрхийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд Улиастайн гэр хорооллын харанхуй нүх сүв бүрээр давхиж очоод гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлээд байж дөнгөхгүй. Чулуун-Овоо, Ботаникийн эцсийн буудлын тас харанхуй гудамжийг одоо ямар гээч цагдаа нь хяналтдаа байлгаж, орой үдшийн цагаар согтуу хөлчүү агсарч яваа хүн дүрстэй араатнуудаас охид бүсгүйчүүдээ хамгаалах вэ.
Хөдөлгөөнт эргүүл нэрнээс нь бодсон ч Улаанбаатарыг хөндлөн гулдгүй хэрэн давхилдаж, ард олныхоо амгалан тайван байдлыг чадах чинээгээрээ хамгаалж байсан эргүүлийн цагдаа нарын ажлыг одоо чухам хэн гээч нь гүйцэтгэх болж байна. Хөдөлгөөнт эргүүлийг “хөдөлгөөнгүй” болгосон ЦЕГ-ын хэнэггүйхэн дарга аа, тун удахгүй Утаанбаатарын харанхуй өдрүүд эхэлнэ. Харин гэмт хэрэг зөрчил “хөдөлгөөнгүй” болж, нийслэл хот амар тайвандаа жаргахгүй л болов уу. Та энэ талаар юу гэж бодож байна Б.Билэгт дарга аа.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: