Доналд Жон Трамп

Доналд Жон Трамп 1946 оны долдугаар сарын 14-нд дөрвөн хүүхэдтэй айлд төрсөн. Тэрбээр багадаа их хэцүү хүүхэд байсан бөгөөд сургуульд ороод дүрсгүй зангаасаа болж багш нарын эрлэг гэгдэх болжээ.
Улмаар түүнийг 13 хүрэхэд эцэг эх нь Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар илгээсэн нь хүүгээ дэг журамд сургах зорилготой байв. Энд сурах хугацаандаа Доналд өрсөлдөөн ямар чухал болохыг мэдэрч, хүссэндээ хүрэхийн тулд бага зэрэг догшин авиртай байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон гэдэг. Ирээдүйн тэрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь. Тэд зан аашийн хувьд усны дусал шиг ижилхэн байсан гэдэг.
Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. Бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө залуу Доналд эцгийнхээ үгийг дагаж коллежид суралцахаар болов. Тэрбээр 1964 онд Фордхамийн их сургуульд орж хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Дональд Трамп ердийн нэг оюутан байсангүй. Архи огт уухгүй, тамхи ч татахгүй, харин нэлээд хойно хүүхэмсэг зангаараа алдаршсан гэж болно. Гэвч хичээл сургууль түүний хувьд гол зүйл байсангүй. Эцэгтээ бизнест нь туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож хэзээ нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөдөж байв.
Сурч байх үедээ тэрбээр эцэгтэйгээ зөвлөлдсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдаж авлаа. Сонирхолтой нь Трампуудын авсан энэ цогцолборыг улсаас санхүүжүүлсний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн зарсан аж.

Энэ амжилттай наймаа ирээдүйн барилгын магнатад тун их урам хайрласан гэдэг. Гэхдээ түүний ажил хэрэг үргэлж анхных шигээ амжилттай байгаагүй аж. Тэрбээр зөн совингоороо Нью-Йорк руу тэмүүлдэг байсан бөгөөд энэ хот түүний мөнгөний уурхай болно гэдгийг мэдэрдэг байжээ. Энд ирснийхээ дараа Нью-Йоркийн зүрхэнд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Манхеттэнд хэр тааруухан байр хөлсөлж суув. Гудамжаар алхахдаа тэрбээр барилга байшингийн хэв загварыг анхааралтай судалдаг байсан аж. Энэ нь ч түүнд хожим их хэрэг болсон юм.

Дээдсийн хүрээлэнгийнхэнтэй холбоо тогтоож, баян үйлчлүүлэгчтэй болохын тулд Доналд Трамп улс төрчид, банкны эзэдтэй нөхөрлөхийг эрмэлзлсэн ч туршлагагүй залуу тэр бүр амжилтанд хүрэхгүй л байлаа. Гэсэн хэдий ч зорилгодоо үнэнч Доналд шантарсангүй. Ингээд 28 хүрсэн жил нь Нью-Йорк хот түүнд анхны том боломж олгов. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газар дээр бизнес төв барилаа. Мөн баячуудын гэгдэх “Commodore” зочид буудлыг завсарлах тендерийг ч авч чадлаа. Энэ бүхний дараа Доналд Трамп гэдэг нэрийг хүмүүс тогтоох болж тун удалгүй Нью-Йорк хотын барилгын салбарт энэ хүн тодорхой байр суурьтай болов.
Харин 1979 онд Тавдугаар авенюд 58 давхар, доороо үнэтэй дэлгүүртэй, гаднаа 80 фут өндөр усан оргилууртай “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгосон аж. Түүний “Trump Tower”-т Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд байр худалдаж авсан нь бүр ч сайхан сурталчилгаа болж, Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг түгээжээ. Түүний өрсөлдөгчид нь байрныхаа үнийг бууруулж байхад Доналд Трамп үнийг улам өсгөдөг.Тэгэх тусам нь хүмүүс түүнээс л байр худалдаж авахыг зүтгэдэг байв. Учир нь баян хүмүүст мөнгө гол биш харин имиж, нэр төр гол нь гэдгийг Д.Трамп мэдрэмжээрээ ойлгодог аж.
Дараагаар нь Трамп Атлантик-Ситид амралт зугааллын төв барихаар шийдэв. Ингээд 1982 онд 250 сая ам.долларын өртөгтэй “Harra” цогцолбор нээгдлээ. Дараагаар нь Атлантик-Сити дахь казино-зочид буудлыг худалдан авч “Trump Castle” болгон нэрийг нь өөрчлөв. Мөрийтэй тоглоомын бизнес ашигтайг ойлгосон тэрбээр 1990 онд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй казино болох “Taj Mahal”-ыг худалдаж авсан юм. Энэ үе түүний амжилтын оргил цаг байсан бөгөөд 1989 оны байдлаар Доналд Трампын эзэнт гүрний төсөв нэг тэрбум ам.долларт хүрч байжээ. Түүний эзэмшилд казино, барилгын цогцолборуудаас гадна, агаарын тээврийн “Trump Shuttle Airline” компани, хөлбөмбөгийн “New Jersey Generals” клуб мөн баячуудад зориулан барьсан хэд хэдэн асар өндөр өртөгтэй байшин байв.
Гэвч мандан бадралтын дараа уналт ирдэг ёс Доналд Трампыг ч тойрсонгүй. Хэвлэл мэдээллээр Нью-Йоркын хамгийн алдартай магнатын ажил хэрэг төдийлөн сайн биш байгаа талаар шуугих болв. Үүнээс гадна Д.Трампын хувийн амьдралд ч ан цав гарч эхэллээ.
Доналд Трампад тодорхой ажлын стратеги, төлөвлөгөө байгаагүйгээс түүний бизнес хямралд орсон гэж зарим хүн үздэг.
Гэвч одоо 60 настай Д.Трамп Америкийн хамгийн алдартай тэрбумтан хэвээр байна. Түүнээс их хөрөнгөтэй Уоррен Баффет, Тед Тернер нараас илүү Доналд Трампыг америкчууд илү сайн мэддэг.
“Forbes” сэтгүүл түүнийг “мандан бадралтаа өнгөрөөсөн ч алдарын оргилд үлдзж чадсан” гэж бичсэн юм. Энд түүний алдар нэрд дуртай байдал, наснаасаа залуу харагдаж өөртөө анхаарал тавьдаг нь ч тусалсан биз ээ.
Өнөөдөр Трамп гэдэг овог нэг ёсны брэнд болсон. Энэ нэр амжилт, эд баялгын баталгаа тул худалдаж авахыг хүсэх хүмүүс ч бий. Жишээлбэл,нэгэн барилгын компани Сөүлд барьсан зочид буудал дээрээ “Trump Tower” гэдэг бичиг тавих эрхийг таван сая ам.доллараар худалдан авсан юм.
Казино, үл хөдлөх хөрөнгөөс гадна Доналд Трамп “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч. Энэ тэмцээнийг жил бүр дэлхийн 90 оронд 2,5 тэрбум хүн үздэг. Бараг 700 гаруй гадаад, дотоодын телевизийн суваг тэмцээнийг дамжуулах эрхийг худалдан авдаг. Гэвч энэ бүхэн Доналд Трампад бас л бага байгаа гэнэ. Тэрбээр 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд авсан.
Энэ жил Доналд Трамп тав дахь удаагаа эцэг болсон юм. Түүний гурав дахь эхнэр Словенийн загвар өмсөгч Мелани Кнаусс 60 настай тэрбумтанд хүү төрүүлж өгсөн. Хүүгээ төрснөөс хойш 20 минутын дараа Д.Трамп ярилцлага өгсөн бөгөөд дахид ч хүүхэдтэй болох бодолтой байгаа гэж сэтгүүлчдийг хөгжөөжээ.
Анхны эхнэр Ивана Трампаасаа тэрбээр Доналд, Иванка, Эрик гэсэн насанд хүрсэн гурван хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр Марла нь Тиффани гэдэг охин төрүүлсэн. Тэрбумтаны тав дахь хүүхдэд зориулсан ёслолын арга хэмжээн дээр Элтон Жон өөрийн биеэр ирж дуулсан юм. Ер нь Доналд Трамп хүүхдүүддээ гар татдаггүй. Өнгөрсөн жил л гэхэд том хүү Доналдынхаа хуримыг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

URL:

Сэтгэгдэл бичих