Хүсэхэд хясдаг тавиланг тойрч гараасай бүсгүйчүүд минь
Хэн нэгний чин сэтгэлийн гүүр нь болж баяр, гуниг, ганцаардал, сургамжийг уншигчидтайгаа хуваалцдаг Mailbox булангийн маань энэ удаагийн дугаарт editor@uptown.mn хаягаар маань нэгэн бүсгүйн чин сэтгэлийн захиас ирсэнийг бид дамжуулж байна. Хүний амьдралын эрээн бараан, амжилт ололтоос бидэнд авах, хаях ч зүйл их байдгийн адилаар энэхүү захидлаас та нэгийг ойлгож хоёрыг тунгаана гэдэгт итгэлтэй байна.
Сайн байцгаана уу. UPTOWN сэтгүүлийн уншигч эмэгтэйчүүд болон охиддоо захидлыг минь дэлгэн унших тэр мөчийн мэндийг хүргэе. Та бүхэнтэй өөрийнхөө амьдралын нэг хэсгээс хуваалцахын хамт бусдад сургамж болохоор зүйлийн талаар захидалдаа бичихийг хүслээ. Би 30 насны босгоор алхан ороод удаагүй байгаа ч өөрийнхөө үеийн цовоо цойлгон бүсгүйчүүдийн хажууд дэндүү намба суусан эмэгтэй. Би ингэж л өөрийгөө тодорхойлдог юм. Хажуу хавийнхан маань ч тэгж хэлдэг. Өмнө нь хоёр ч удаа гэрлэсэн боловч бүтэлгүйтсэн. Одоо надад ахин амьдрал зохионо гэдэг их далайд сэлүүргүй завьтай гарах шиг л санагддаг юм. Миний хоёр гэрлэлт хоёулаа хүүхэдтэй болдоггүй шалтгаанаас маань болсон юм.
Намайг эмч хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэж оношилсон. Ямар ч эр хүн үр удмаа үлдээж, халуун дулаан гэр бүлийн амьдралыг мөрөөддөг. Гэтэл хүүхэдтэй болж чадахгүйгээс хойш миний хичнээн гоо сайхан, саруул тунгалаг царай төрхтэй байгаад ч яах юм билээ дээ. Олон эмнэлэг, олон ч лам, бөөгөөр уйгагүй явсан ч бүгд л бүтэлгүйтсэн дээ. Амьдралын хамгийн том аз жаргал хүүхэд гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.
Хүүхэд үрчилж аваад өсгөе гэсэн бодол хааяа орж ирдэг ч хүний хүүхдийг өөрийн юм шиг бодож өсгөж чадах болов уу гэсэн ахархан бодолдоо ээрэгдээд одоог хүртэл тийм алхам хийж зүрхлээгүй л байна. Уг нь орчин үед юм бүхэн хөгжөөд хиймлээр үр тогтоодог гэж сонссон. Тэр талаар ч бас явж эмчилгээ хөөцөлдөнө гэж бодож байгаа. Яаж ч бодсон хүний хүүхэд хайрласнаас илүү өөрөө гаргасан мах цусны тасархайгаа хайрлах нь илүү биз гэж би бодож байна. Зарим хүн намайг хэтэрхий хатуу хүн байна гэж дүгнэж байж мэдэх л юм. Гэхдээ арван сар тээж ангир уургаа амлуулсан үрээ хүнд өргүүлэх, эсвэл юу ч биш хог шаар шиг гудамжинд хаядаг хүмүүсийг би их гайхдаг.
Саяхан нэг телевизийн чатаар найман сартай гэдсэндээ байгаа хүүхэддээ сайн эцэг эх хайж байна гэсэн зар явж байхыг хараад үнэхээр гол руу минь хүйт дааж байсан. Би хүний хүүхдийг өөрийн хүүхэд шигээ хайрлаж өсгөж чадах болов уу гэж бодож суухад тээж яваа үрээ хайрлаж чадах хэн нэгэнд зүгээр л өгчихнө гэдэг үнэхээр зоригтой л хүний гаргах шийд байх даа. Тэгээд тэр нь бүр тв чат байсан нь миний харамслыг үнэхээр их төрүүлсэн. Энэ хорвоо дээр эх хүн болох гайхамшигтай тэр аз жаргал, ариун хэвлий, ангир уургийг бурханаас ямар их зовж зүдрэн байж олж авдгийг мэдэхгүй. Ямартаа ч асар их хувь тохиолоор олдсон энэ сайхан бүхнээ юу ч биш мэтээр тооцож үнэгүйдүүлэх монгол охид минь нэгийг ухаараасай.
Нэгэн сайтад ахиад л нэг тийм захидал байж байсан. Тэр зүгээр л гадаадад суралцахын төлөө хүүхдээ хүнд өргүүлэх тухай ярьж байна. Хичнээн их хүсээд, хүсээд үр хүүхэд заяахгүй байгаа хүмүүсийн хажууд тэд тийм харгис үйлдэл хийж байгаагаа даанч мэдэхгүй байгаа нь харамсалтай. Чамд хүүхэд заяахгүй нь, чи хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэдэг дэндүү гашуун үнэнийг цагаан халаад өмссөн эмч нарын амнаас зүрхээ зүсүүлэн байж сонсч, хүмүүсийн итгэл бишрэлээр цалинждаг лам, бөөгөөс үрийн заяа гомдсон гэдэг үгийг гашуун нулимсаараа даруулан байж сонсох ямар байдгийг мэдрэхгүй байгаа хүмүүс даанч олшроод байгаад дэндүү их харамсах юм даа.
Хүүхдэд буруу байхгүй шүү дээ. Эцэг болж чадахгүй бол, эх болж чадахгүй бол хүүхэдтэй болох, болохгүйн тухайгаа жаахан бодож байгаасай. Магадгүй би нэг талыг харж хэтэрхий их шүүмжилж байж мэдэх юм. Та бүхэнд миний эдгээр үгсээс авахыг нь аваад хаяхыг нь хаях саруул ухаан байгаа гэдэгт итгэж би эдгээр үгсийг бичиж байна. Энд тэндэхийн уул овоо, элдэв төрлийн эм бэлдмэл гээд хүсээд байхад хясаад байдаг энэ тавиланг өөрчлөхийг би дэндүү их хүссэн. Гэвч санаснаар үнэхээр л болдоггүй хорвоо юм билээ. Надад тохиолдсон шиг гашуун зовлонг бусад эмэгтэйчүүд минь битгий амсаасай билээ. Хүний хүүхдийг өсгөн торниулах нинжин сэтгэлтэн олон ч гэлээ төрсөн эцэг эх шиг сайхан зүйл хаана байхав дээ. Захидлыг минь дуустал уншсан танд баярлалаа. Амьдралд тань аз жаргал хүсье.
Уншигч Г
uptown
URL: