У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдөх үү?
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын дарга З.Энхболдод гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Одоогоор албан ёсоор зарлагдахгүй байгаагийн учир нь УИХ-ын даргын зөвлөл уг асуудлыг авч үзээд, УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
Хэдийгээр албан ёсны өргөдөлдөө : ” Ар гэрийн гачигдал гарч, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухад хүндрэлтэй болсон тул” гэж бичсэн ч үнэндээ “МАН-ын нэрийг солиод ялагдвал би толгойгоороо хариуцна” гэсэн амлалтандаа хүрч буй нь энэ аж.
Учир нь УИХ-ын сонгуулийн дараа хөдөө орон нутагт ажиллах үеэр нь МАН-ын ахмад гишүүд түүнээс ам асууж, уг саналыг гаргах сэдэл төрүүлж байсан гэнэ.
С.Баяр, С.Батболд нар татгалзсанаар Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАН-аас нэр дэвших хүн хэрэгтэй болсон, бүр Б.Бат-Эрдэнэ аваргыг хүртэл дэвшүүлэх хувилбар яригдаж буй тухай хэвлэлүүд бичих болсон билээ.
Тэгвэл У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзаж,намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээсэн шиг хүлээчихээд дараа жил гишүүдийнхээ дэмжлэгээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буй тухай ч эх сурвалж өгүүлж байна.
Харин зарим улс төрчид У.Хүрэлсүх Харвардын Их Сургуульд суралцах гэж байгаа хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэж буй юм.
Юутай ч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзаж, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний тангаргаа өргөх нь үнэн аж.
Өмнө нь Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Н.Жанцанноров нар өөрсдийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байжээ.
Э.Мягмардорж
URL: