Өмнөх Засгийн газар саалийн үнээгээ нядлаад, иргэддээ үмх, үмх мах тараачихжээ
Баруун, Зүүн Цанхийг нийлүүлж үнэлэхгүй бол хувьцааны нэгж үнэ 933 төгрөгт хүрэхгүй
Монгол түмний итгэл найдварыг өвөртөлсөн Таван толгойн ордод өрнөх бүхий л үүргийг төрийн өмнөөс нь хүлээсэн “Эрдэнэс Таван толгой” компанийг тойрсон олон асуудал байдаг. Тухайлбал, нүүрсээ тээвэрлэх төмөр замаа хэзээ, ямар хөрөнгө оруулалтаар барьж эхлэх, боловсруулах үйлдвэрээ яаж барих, усан хангамжаа хэрхэн зохицуулах гэх зэрэг. Харамсалтай нь, өдгөө энэ бүх ажил зуун задгай байгаа. Хамгийн сүүлд “Эрдэнэс Таван толгой” компанийн IPO-г дахин хойшлуулсан. Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Я.Батсуурьтай ярилцлаа.
-Хонконгт болсон Монголын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр “Эрдэнэс Таван толгой”-н IPO дахин хойшилсон тухай тус компанийн Уул уурхай хариуцсан дэд захирал Грэм Хэнкок мэдэгдсэн байна. Яг ямар шалтгааны улмаас хувьцаа гаргах ажлыг хойшлуулсан юм бэ?
-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал IPO хийхэд тохиромжгүй байна. Тиймээс энэ асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа юм.
Эдийн засгийн хямралтай үед IPO хийхэд худалдан авах чадвар муу байдаг учраас манай компанийн хувьцаа үнэд хүрэхгүй, улмаар бид мөнгө босгож чадахгүйд хүрэх эрсдэл өндөр байна гэж ойлгох хэрэгтэй.
-Хятад, Еврогийн бүсийн эдийн засгийн хямралаас болж энэ ажил хойшиллоо гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Яагаад гэвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа. Энэ тохиолдолд Хятад болон Еврогийн бүсийн эдийн засгийн хямрал зайлшгүй нөлөөлнө. Тиймээс манай IPO хариуцсан компаниудын зөвлөсний дагуу ирэх оны дунд үе хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан.
-Таван толгойг эргэлтэд оруулах ажил түүхий хэвээрээ байгаа. Тодорхой дэд бүтцийн ажлуудыг хийхэд шаардлагатай хөрөнгө бий юү?
-Таван толгойн ордыг тойрсон хэд хэдэн том төслийг хэрэгжүүлэх асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, Гашуун сухайт, Сайншандын төмөр замын ажил. Хоёрдугаарт, цахилгаан станцын төсөл. Бүс нутагт, өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгойн орд газруудаас гадна. Өмнөговь аймгийн төв Даланзадгад зэрэг эрчим хүч шаардлагатай олон газар бий. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих төслийн ТЭЗҮ-ийг гаргаж байна.
Үүнтэй холбогдуулан Германы тоног төхөөрөмжийг авах тухай яриа хэлэлцээр хийгдэж байсан. Гэвч тус улсын тоног төхөөрөмжийн үнэ хэт өндөр учраас манайд авах боломж хомс болсон. БНСУ, Япон, БНХАУ зэрэг орноос үнэ хямд ч Германынхаас дутахааргүй чанартай тоног төхөөрөмж оруулж ирэх боломж бас байна. Тиймээс санхүүгийн хүндрэлтэй үед энэ талаар эргэн ярилцах шаардлагатай. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 600 орчим сая ам.доллараар барих тооцоо гарсан байдаг.
-Нүүрс боловсруулах үйлдвэрийн ажил яагаад таг болчихов?
-Хэд хэдэн чухал төсөл бий гэж дээр хэлсэн. Эдгээрийн гурав дахь төсөл нь олборлосон нүүрсээ угаах, баяжуулах үйлдвэр байгуулах ажил. Ирэх дөрвөн жилийн хугацаанд жилд 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөөд байна.
Дөрөв дэх төсөл нь нүүрс боловсруулах үйлдвэр, цахилгаан станцыг усаар хангах явдал юм. Харамсалтай нь, энэ төслийн ажил удаашралтай байгаа. Таван толгойг ашиглахад шаардлагатай усыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуураас татах төсөл боловсруулсан. Гэтэл орон нутгийн удирдлагууд Балгасын улаан нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын усан хангамжийг Балгасын улаан нуураас авах боломжгүй болсон гэсэн үг.
-Нүүрс тээврийн асуудал хэл ам таталсан хэвээр байна. Сүүлийн үед “Энержи Ресурс”-ийн зам эвдэрсэн учраас танай компани шороон замаар тээвэр хийж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Манай компанийн хувьд “Энержи Ресурс”-ийн замыг ашиглаж байгаа. Тодорхой эвдрэл гэмтэл гарсан. Гэхдээ засвар хийж байна билээ. Өөр нэг асуудал нь энэ замаар нүүрсээ тээвэрлэхэд нэг тонн тутамд таван ам.доллар төлөх тарифтай. Энэ нь хэтэрхий өндөр үнэ. Таван ам.долларын үнийг “Энержи Ресурс” компани дангаараа тогтоох ёсгүй. Концессын гэрээний дагуу баригдсан зам учраас харьяалах төрийн захиргааны төв байгууллага буюу Зам тээврийн яамнаас үнийг нь зөвшилцөж тогтоох ёстой. Энэ асуудлыг бид Зам тээврийн яаманд тавьчихаад хариуг нь хүлээж байна.
Замын өртөг өндөр байгаа учраас бусад жижиг компаниуд шороон замаар явж, байгаль орчноо сүйтгээд байгаа нь үнэн.
-Засгийн газар “Хөгжлийн банк”-аар дамжуулан 680 сая ам.доллар босгосон. Үүнийг эргэн төлөх учраас нэн шаардлагатай ашгаа өгөх дэд бүтцийн төслүүдэд зарцуулах ёстой. Танай компанид өгсөн 100 сая ам.долларыг юунд зарцуулж байгаа вэ?
-“Эрдэнэс Таван толгой” компани үйл ажиллагаагаа эхлээд хоёр жил болж байна. Үйл ажиллагаагаа эхэлсэн даруйдаа БНХАУ-ын “Чалко” компанид нүүрсээ нийлүүлэх гэрээ байгуулж, 350 сая ам.долларын зээл авсан. Энэ мөнгөөр олборлолтоо эхлүүлж, томоохон дэд бүтцийн ажлуудаа эхлүүлэх ёстой байсан.
Гэтэл өмнөх Засгийн газрын үед үүнээс 300 тэрбум төгрөгийг нь “Хүний хөгжил сан”-д байршуулж, хишиг, хувь болгон иргэдэд тараачихсан. Үүнээс болоод өнөөдөр манай компани үйл ажиллагаагаа санхүүжүүлэх хөрөнгө мөнгөгүй, ажил зогсох дээр тулсан. Зогсоохгүйн тулд Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, “Хөгжлийн банк”-наас 100 сая ам.долларын санхүүжилт өгсөн. Үндсэндээ энэ мөнгөөр үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байна.
-Тухайлбал?
-Манай компанийн санхүү ийм хүнд байдалтай байгаа нь нөгөө талаараа БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанитай маш муу гэрээ байгуулсантай холбоотой. 350 сая ам.доллараа төлж барагдуултал өөр компанид нүүрсээ нийлүүлэхгүй, нэг тонныг нь 70 ам.доллараар худалдаалах гэрээ байгуулсан. Дээрээс нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ доошлох юм бол 70 ам.доллараасаа буурна гэсэн заалт байдаг.
Өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасантай холбоотойгоор манай компани нүүрсээ 56 ам.доллараар нийлүүлж байна. Гэтэл нэг тонн нүүрс олборлох зардал үүнээс их гардаг. Өөрөөр хэлбэл, компани алдагдалтай ажиллаж байна.
-Нүүрсний үнэтэй холбоотой асуудлаар “Чалко” компанийнхантай өнөөдөр /өчигдөр/ уулзана гэж дуулсан юм байна. Тодорхой үр дүнд хүрэх болов уу?
-“Чалко” компанийн удирдлага нь манай компанийхантай уулзахаар ирсэн. Манай компанийн зүгээс 56 ам.долларыг өсгөх талаар хатуу шаардлага тавьж байгаа. Тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
Хоёр талын эхний уулзалт нэлээд ширүүхэн болсон. “Чалко” компанийн зүгээс “Нэгэнт байгуулсан гэрээ. Танайх энэ ханшаас татгалзаж байгаа бол олон улсын байгууллагад хандана” гэх зэргээр байр суурьтаа хатуу зогсож байсан.
Бидний зүгээс “Хэрвээ үнээ нэмэхгүй бол Баруун Цанхиас танайд нүүрс нийлүүлэхгүй, өөр компанид өгнө, Зүүн Цанхийн олборлолтыг багасгана. Манай компани алдагдалтай ажиллаж байна. Нэг тонн нүүрсний олборлож буй зардал 56 ам.доллараас илүү байна” гэх зэргээр асуудлуудыг бодитойгоор тавьж, арай зөөлрүүлсэн.
-Энэ байдлаас харахад Баруун Цанхийг яаралтай эргэлтэд оруулж, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлж, өрнөөс хурдан салах нь чухал байна. Гэтэл Баруун Цанхид аль орны, ямар компанийг ажиллуулах нь одоо хүртэл тодорхойгүй байдаг?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Баруун, Зүүн Цанхийн аль алинаас нүүрс олборлож байгаа мэт ташаа мэдээлэл цацсан байна лээ. Өнөөдөр зөвхөн Зүүн Цанхид л олборлолт явуулж байгаа. Харин энэ жилийн намрын дунд сарын шинийн 17-нд Баруун Цанхийг нээх ёслолын ажиллагаа болж, зөвхөн гэрийн буурийн чинээ л газар ухсан.
Хүмүүсийн ойлгож буйгаар, нэн түрүүнд Баруун Цанхиас олборлолт явуулснаар манай компанийн ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн хүнд байдлаас гарах боломж байна. Гэтэл УИХ-аас гаргасан 39 дүгээр тогтоолын дагуу Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах консорциум, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажил зогсонги байдалд орсон хэвээрээ байна.
Бид Баруун Цанхийг дангаараа ашиглах уу, аль эсвэл тендер зарлаж, олон улсын консорциум оруулах уу гэдэг шийдвэрийг УИХ, Засгийн газраас ойрын хугацаанд гаргах байх гэж харж байна.
-Баруун Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол ард иргэдэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газраас нэрлэсэн 933 төгрөгт хүрэхгүй гэдэг нь тодорхой. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар Баруун, Зүүн Цанхийн аль нэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, IPO хийхэд Засгийн газраас нэрлэсэн үнэд яагаад ч хүрэхгүй. Хоёр Цанхийг нийлүүлж тооцсоны үндсэн дээр хувьцааны нэгж үнэ 933 төгрөгтэй дүйцнэ гэсэн юм. Тэдний зөвлөж байгаагаар зөвхөн Зүүн Цанхийг үнэлгээнд оруулбал Засгийн газар нэрлэсэн үнээ бууруулах шаардлагатай. Аль эсвэл хоёуланг нь нийлүүлж үнэлэх хэрэгтэй гэж байгаа.
Энэ асуудлыг манай компани дангаараа шийдэхгүй. Үнэлгээгээ хэрхэн хийх вэ гэдэг талаар УИХ, Засгийн газраас нэг шийдэл ирэхийг хүлээж байна.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн өмнөх удирдлагууд “Олсон мөнгөө төрд, цаашлаад ард иргэдэд хишиг хувь болгон тараасан учраас дэд бүтцийн ажлуудаа эхлүүлж чадахгүй байна” гэж байсан. Тэгвэл ирэх жилүүдэд “Эрдэнэс Таван толгой” компани ямар зарчмаар ажиллах вэ?
-Нэг бодлын харамсалтай зүйл. Өмнөх Засгийн газрын үед саалийн үнээгээ шууд нядлаад, ард иргэддээ үмх, үмх мах тараачихжээ гэж ойлгож болно. Ийм байдлаар цаашаа явж болохгүй. Саалийн үнээгээ тал талаас нь бордож таргалуулаад, гарсан сүү, төлнөөс нь ард иргэддээ хүргэх бодлого барих нь зүйтэй. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэх байр сууриа УИХ, Засгийн газрын гишүүдэд илэрхийлсэн. Бид нэг баг болж, энэ зарчмаар явснаар богино хугацаанд ард иргэддээ 1072 ширхэг хувьцааны үр шимийг хүртээх байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: