“Хүрд” компани Засаг даргыг үл ойшоон залилан хийсэн үү?
Хорин жилийн турш Монголын барилгын цахилгаан сантехник угсралтын хамгийн том байгууллага гэгдэж ирсэн “Хүрд” компанитай хийсэн гэрээгээ Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас цуцлахаар болжээ. Эрдэнэт хотын 5 дугаар хороололд цэвэр ус дамжуулах 40 км хоолой татах тендерийг албаныхан энэ том компанид ногоон гэрлээр өгсөн ч ухсан нүх, биелээгүй гэрээтэй л үлдэж.
“Хүрд” компаний хувьд дөрвөн сарын өмнө буюу 7-р сарын 6-нд энэ цэвэр усны хоолой тавих ажлаа дуусгах ёстой байсан. Гэтэл зураг төсөл зохиогч болон “Хүрд” компанийн хоорондын маргаанаас болж гацаанд орж, гэрээг цуцлах дээрээ тулжээ. Зураг төслийг гүйцэтгэсэн “Санни Сервис” ХХК нь ус дамжуулах хоолойн гадна хэмжээг Dy 250 буюу 250 диаметрийн хэмжээтэй гэсэн тэмдэглэгээг хийсэн байна. Харин “Хүрд” компанийхан гадна биш дотор хэмжээ нь 250 метрийн диаметртэй илүү нарийн труба авчирч суулгасан аж. Тус компани Dy250 гэсэн нь дотор биш гадна хэмжээг заасан тэмдэглэгээ гэдгийг мэдсээр байж мэдэн будилж хямд авчирсан нарийн хоолойгоо буцаахыг хүсэхгүй, бурууг зураг зохиогч руу чихэж байгаа гэв. Гэхдээ энэ асуудлын гол нь биш. “Хүрд” компанийг төлөөлж байгаа Ц.Цэдэндамба гэгч үндсэн ажилтан нь биш бөгөөд тус компанид нийгмийн даатгалын шимтгэл ч төлдөггүй гэдгийг Эрдэнэт хотын захиргаанаас мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл “Хүрд” компани өөрийн нэрийг хувийн компанид ашиглуулсан гэх хардлага гараад байна. Тус компанийн захиргаанаас Ц.Цэдэндамбыг зөвлөх нь мөн гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн. Гэхдээ Ц.Цэдэндамба гэгч тус компаний ажилтан мөн л юм бол ажил нь явахгүй байгаа өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд энд хүн хүч, техникээ нэмэгдүүлээд ажлаа урагшлуулах боломж байсан. Харин үүний оронд зураг төслийн маргаанд дөрөөлж Эрдэнэт хотынхныг хохироож байгаа юм. Замын хажуугаар ухсан нүхэнд хүн унаж бэртэх аюултай. Дээр нь замын хажуугаар тарьсан мод, ногоон байгууламжийг юу ч үгүй сүйтгэж орхижээ. Одоогоор тус хотын тавдугаар хорооллын усны хэрэгцээг энэ нарийн хоолойгоор хангаж болох ч ирээдүйд хот тэлэхээр усны хүрэлцээ муудна. Дахиад л хөрөнгө, мөнгө гаргаж “Хүрд”-ийн тавьсан нарийн хоолойг солих шаардлагатай болох юм.
Өвөл дөхөж, аргаа барсан Эрдэнэт хотын захиргаа тэднийг нарийн хоолойгоо булах шаардлага тавьсан ч хэсэгхэн газрыг шороогоор булж “илээд” л орхижээ. Орхон аймгийн засаг дарга Д.Дэлгэрбаярын удаа дараа тавьсан шаардлагыг ч үл хэрэгсэн ажлаа зогсоосон хэвээр.
“Хүрд” компани Эрдэнэт гурван тендер авахдаа хамгийн бага үнийн санал өгөхөөс гадна үндэсний том компани гэдэг утгаараа ногоон гэрлээр сонгогджээ. Гэтэл эхнийхээ ажлыг ч хийж чадалгүй ийнхүү бүдэрч, иргэдийг хохироосоор байна. Тиймээс хотын захиргаанаас “Хүрд” компанитай хийсэн гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Харин тэр Ц.Цэдэндамба гэгч Засаг даргын хэлснээр том компаний нэрийг барьсан хувийн компанийн эзэн үү гэдгийг хуулийнхан тодруулах хэрэгтэй байна.
24tsag.mn
URL: