Оросууд Монголд шахалт үзүүлж эхлэв
Монгол улс цахилгаан эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнээрээ ОХУ-аас хараат байдалтайг далимдуулж оросууд Монголыг хяналтандаа байлгах гэдэг өнцгөөс биднийг шахаж байна.
Таван толгойн төсөл, төмөр зам барих асуудал, онгоцны түлшинд монополь тогтоох, Улаанбаатарт 100 шатахуун түгээх колонка барих хүсэлтэнд Монголчууд татгалзсан. Москвад Улаанбаатарын хараат бус шийдвэр таалагдсангүй. Үүний хариу удсан ч үгүй Москвагаас ирж, Монголын бензин шатахууны гол нийлүүлэгч “Роснефть” компани бензин шатахууны үнээ 50 ам.доллараар дахин нэмэхээ мэдэгдлээ. Энэ бол Таван толгой, төмөр замын асуудлаа ирж шийд гэсэн улстөрийн урилга байж болох юм.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ эсрэгээр унаж байна. Саяхан ОХУ-ын Засгийн газар экспортын татвараа 3-4 хувиар төрөл бүр дээр нь буулгасан. Татвар буурч, үнэ унаж байхад “Роснефть” компани Монголд зориулж үнэ нэмж байгааг зах зээл дээрх худалдаж байгаа нөхцөлтэй хамаагүй, гаргалгаа нь улстөр гэдэг нь харагдаж байна.
Ердөө нэг сарын өмнө нэг тоннд ногдох дизель түлшний үнийг 90 ам.доллар, А92 бензин 44 ам.доллар, А80 бензин 32 ам.доллараар нэмж, нийлүүлэхээ “Роснефть” компани мэдэгджээ. Гэтэл энэ долоо хоногт барьцаа чангалж дахин 50 ам.доллараар төрөл тус бүр дээр нэмнэ гэж манай талд албан ёсоор мэдэгдсэн бололтой. Нефтийн үнэ хөдөлнө гэдэг нь бүх юмны үнэ хөдөлнө гэсэн үг болохоор Монголын Засгийн газар өвлийн хүнд үед үнэ нэмүүлэхгүйн тулд улсын нөөцөөс гаргах, шатахуун импортлогч компаниудад нэмэлт санхүүжилт өгөх зэрэг шийдвэртэй арга хэмжээ авах байх. Гэхдээ бид Оросын шахалтын эсрэг хэр удаан тэсэх вэ?
Бид улстөржиж бие биетэйгээ зодолдож буруутан хайж байтал их хөрш маань “Та нар бидэнгүй юу ч хийж чадахгүй шүү” гэж анхааруулж шахаж байна.Бид Бээжингээс бензин авч болох ч хятадууд бүр илүү үнэ хэлж байгаа гэнэ. Монгол улс эрдэс баялгийн хувьд ерөөгдсөн ч газар зүйн байршлын хувьд хаагдсан, дэлхийд томд орох хоёрхон хөрштэй. Хаашаа ч хөдөлсөн дэлхийн том энэ хоёр гүрнийг нэвт туулж байж л зах зээлд гарна. Тиймээс экспорт, импорт нь үнэтэй болдог. Хөрш хаалгаа хаавал бүр экспорт импортгүй болно. Ерэн онд ийм нөхцөлд орж билээ. Олон жил нөхөрлөсөн орос ах нараас өнөөдрийн оросууд огт өөр юм. Манайхныг дарамталж шахаж, тоглоомын зэвсэг болгох сонирхолтой юм. Нөхцөл байдал хүнд байхад том тоглоомын гар хөл болж хувьдаа хожоо олох гэсэн залуус ч монголчууд дотор маань бас байна гэнэ.
Манай улсын шатахууны 60 хувийг нийлүүлдэг байсан “Роснефть” компани хүрээгээ тэлж, манайд сардаа 15 мянган тонн шатахуун нийлүүлдэг байсан Тюменийн нефтийн компани болох “ТНК-БП”компанийг худалдаж авсан. Энэ сард компанийн удирдлагын эрх хоёр компанийн хооронд шилжиж дуусна. Одоо бидний хэрэглээ дээрх ганц “Роснефть” компаниас 80 хувь хараат болж байгаа юм.
Бид яаралтай өөрийн нефть боловсруулах, нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийн мөрөөдлөө бодит болгож барихгүй л бол Москвагийн боомилолтоос мөд мултрахгүй бололтой.
Б.МАРАЛ
URL: