Ардын урлагийн буяныг хүртэж яваа болохоор “ядуу байна” гэж хэзээ ч хэлэхгүй
Монголд хошин шогийн үзүүлбэр шиг эрчээ авч байгаа зүйл ховор. Өөрсдийгөө хошин урлагийн мастерууд хэмээн нэрлэдэг жүжигчид энд тэндхийн үзвэрийн танхимд дараалал үүсгэж, шоу тоглолтынх нь тасалбарын үнэ ч тэнгэрт хадна. Түүгээр ч зогсохгүй, энд, тэндээс зохион байгуулсан уралдаан тэмцээн, элдэв янзын шалгаруулалт, шоу нэвтрүүлэг нь хүртэл хошин шогийн үзүүлбэр болж хувирах нь энүүхэнд.
Энэ л жишгээр бид тун удахгүй бас нэгэн хошин шогийн үзүүлбэр үзэх нь бололтой. Гэвч энэхүү үзүүлбэрийн үзэгчид нь өөрсдийгөө хошин шог үзэх гэж байгаагаа мэдэхгүй.
Бөхөө дээдэлдэг монгол түмэн үндэсний бөхийн барилдаан үзэхээр тасалбар худалдаж авна.
Тодруулбал, ирэх сарын 4-нд болох Дэлхийн монголчуудын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Монгол туургатны V их наадмын зохион байгуулагчдын тавьсан зорилгыг сонсоод, ёстой л Гүрээ ахын “Бодоход инээдтэй шүү” гэдэг үг санаанд оров.
Тус наадмын үеэр 128 бөх уран мэхийг уралдуулан барилдахаас гадна монгол туургатнуудын соёл урлагийн төлөөлөгчид нэгэн дор чуулж, дуу хуур, хөгжим бүжгээрээ наадан цэнгэдгээрээ олон хүний анхаарлыг татдаг. Энэ жилийн бөхийн барилдаан -85 кг, 85 кг гэсэн хоёр жингийн ангиллаар болно. Манай улс зохион байгуулагчийн давуу эрхийнхээ хүрээнд жин тус бүрт 40 орчим бөх барилдуулна.
Энэ удаа манайхан доод жингийн түрүү авах зорилгоор нэлээн сайн бөхчүүдээ үзүүр, түрүүнд “сойж” байгаа бололтой. Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Үйтүмэн, П.Өсөхбаатар, Д.Гомбодорж нарын шилдгүүд оролцох мэдүүлгээ өгчээ. Мөн Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар ч барилдаж магад.
Түүнчлэн анхдугаар наадмаас хойш алгасалгүй оролцож байгаа буриадууд ч энэ удаа тун хүчтэй баг бэлтгэсэн байна. Буриадыг төлөөлөн -85 кг-д зургаа, 85 кг-д таван бөх зодоглох аж. Санжиев Ринчин 2009 оны анхдугаар наадамд манай шилдэг бөхчүүдийн нэг Ө.Даваабаатарыг гурвын даваанд орхин шуугиан дэгдээж байсан билээ.
Гаднаас ирэх бөхчүүдийн эхний цуваа буюу Алтайн төлөөлөгчид өнөөдөр манай оронд ирнэ. Харин маргааш бөхчүүд, урлагийнхан болон зочид төлөөлөгч нийлсэн 80-аад хүн ирэх юм.
Наадмын бөхийн барилдааны шагнал 50 сая төгрөг. Жин тус бүрийн түрүү бөх 7 сая, үзүүрлэсэн бөх 4 сая төгрөгийн шагнал хүртэнэ. Харин нэг даваад, хоёрын даваан унасан бөх 200 мянга, хоёр даваад унасан бөх 400 мянган төгрөг гэх мэтээр даваа ахих тусам авах шагналын мөнгө нь нэмэгдэх аж. Хүрэлцэн ирсэн хүмүүсийн Монголд байх бүх зардлыг зохион байгуулагч тал даах учир үүнээс гадна наадмын зохион байгуулалтын зардалд 100 сая төгрөг төсөвлөөд байгаа гэнэ. Гэхдээ зардал үүнээс ч илүү гарч магад.
Гэтэл зохион байгуулагчид тасалбарыг 6000-8000 төгрөгийн үнэтэй байхаар тооцоолжээ. Хачирхалтай нь, тэд “Монгол туургатны үндэсний бөхийн барилдааныг үзэхээр ирсэн хүмүүс уран мэхээ уралдуулан барилдах бөхчүүдийг харж, сэтгэлийн таашаал авахдаа гол бус үзэгчдийн суудал дүүрэн байх нь л чухал. Гаднаас ирсэн монгол туургатнууд нутагтаа очоод “Монголчууд үндэсний бөхөө үнэхээр сонирхон үздэг юм байна. Үзэгчдийн суудал дүүрэн байлаа” гэж яриасай” хэмээн ярьж байх юм.
Монголчууд өмнө нь “6096 бөх барилдуулж, Гиннесийн номд бүртгүүллээ” хэмээн дуулиан дэгдээж байсан. Тэгвэл одоо үндэсний бөхийн барилдааны үзэгчдийн тоогоороо рекорд тогтоох зорилго тавиагүй л байлтай.
Анхдугаар наадамд Өвөрмонголоос 40 бөх ирж хүч бяраа сорьж байсан. Тэдгээр хүчтэнг Шилийн гол аймгийн уугуул Б.Цагаанзаан ахалж ирснийг бөхийн хорхойтнууд санаж байгаа биз ээ. Тэрбээр энэ удаа ч мөн Ар Монголын ахан дүүсээ зорин ирэх сурагтай. Өвөрмонголын наадамд 12 удаа түрүүлж, 15 жилийн хугацаанд дэвжээн дээрээ босоо байсан тэрбээр анхдугаар наадмын үеэр “Монгол зон олон нэгэн дор цуглаж, халуун дотноор найрсан нэгдлээ. Монгол, Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг аль ч нь ялгаагүй өөр өөрийн гэсэн онцлог, өв соёлтой улс. Бөхийн барилдаан нь ч өвөрмөц сонин.
Ер нь монгол туургатан олонд бөх гэдэг ямар их эв нэгдлийн илэрхийлэл болохыг сайтар мэдэрлээ. Бид бөхөөрөө л нэгдэж чадлаа шүү дээ” хэмээн сэтгэл догдлон өгүүлж байсныг ч зарим нь санаж байгаа байх.
Харин үзэгчдийн суудал бөглөж суух үүрэгтэй, зорилгогүй хүмүүсээр танхимаа дүүргэсэн “бодоход л инээдтэй” үзүүлэх тоглолт түүний сэтгэлийг гонсойлгох л болов уу. Дэлхийгээр нэг тархан суусан монгол туургатнууд үндэсний бөхөөрөө эвсэн нэгдэх амь халуун сэтгэл өвөрлөн ирж байхад, зохион байгуулагчид нь заал дүүргэх өчүүхэн зорилгоороо бахархан ярьж суухаасаа ичээсэй.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
URL: