Алаагүй баавгайн арьсыг 20 жил нөмөрлөө, тайлмаар байна
Тэднийг судалж суух зуур дахин нэг өвөл хаяанд ирлээ
“Буянт-Ухаа” хороолол дэд бүтэцгүйн улмаас барилгын ажил нь зогсчээ. Уг нь энэ хороололд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан 2000 айл орж, Улаанбаатарын утаа 2000 яндангаар багасах учиртай байв. Засгийн газраас газрыг нь үнэгүй олгосон учраас үнийн хувьд ч бусдаасаа харьцангуй хямд байсан юм. Тодруулбал, м/кв нь 850 мянган төгрөгийн үнэтэй төдийгүй цэвэр агаарт гээд л рекламдах шалтаг мундахгүй олон байсан.
Иргэдийн хувьд ч байртай л болж байвал хотын төвөөс зайтай байсан ч яах вэ хэмээн байраа сонгочихоод захиалгаа өгчихөөд байсан юм. Гэтэл ирэх онд ашиглалтад орох учиртай байсан тус хороолол ийнхүү дэд бүтэцгүйн улмаас “нам зогсох нь” тэр. Арга ч үгүй юм. Төвийн дулааны шугам зэрэг шаардлагатай дэд бүтцийг шийдэж өгөөгүй хойно барилгын ажлыг үргэлжлүүлэх ямар ч шаардлагагүй.
Ямар мөнгө үрж, хүний цаг, зав барахын дон туссан биш. Уг нь хэдхэн сарын өмнө салбарын шинэхэн сайд Ц.Баярсайхан тамга, тэмдгээ гардаж авах үеэрээ ингэж мэдээлж байсан санагдана. Тодруулбал, тэрбээр “Нисэхийн арын дэнж дээрх Буянт-Ухаа хорооллын 2000 айлын орон сууцны барилгын эхний ээлжийн ажил эхэлсэн. Уг барилгын үнэ м/кв нь 850 мянган төгрөг.
Учир нь Засгийн газраас дэд бүтцийг нь тавьж өгснөөс гадна газар нь үнэгүй. Тиймээс хямд байх боломжтой” хэмээн мэдэгдсэн юм. Засгийн газраас газрыг нь үнэгүй олгосноос бус дэд бүтцийг нь шийдэж өгөөгүй нь Буянт-Ухаа хорооллын барилгын ажил зогссоноор илэрхий боллоо. Хэрэв үнэхээр Засгийн газраас тус хорооллын дэд бүтцийг нь шийдчихсэн байсан бол барилгын ажил зогсох учиргүй.
Ёстой л өнөөх хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр арай гэж газрыг нь олгоод барилга барих гэхээр эрчим хүч, дулааны шугам сүлжээ нь байхгүй. Одоо байгаа хэрэглээгээ дийлэхгүй байгаа манай улсын эрчим хүчний салбар яаж ч бодсон 100 мянган айлын өрхийг цахилгаан, дулаанаар хангаж хүчрэхгүй нь ойлгомжтой. Үүнийг ойлгохын тулд заавал эрчим хүчний салбарын мэргэжилтэн байх албагүй.
Нүдэн дээр байгаа бодит байдал ердөө энэ. Бүтээн байгуулалт явагдаж байгаатай холбоотой манай улсад эрчим хүч, дулааны хэрэглээ эрс нэмэгдсэн. Харин энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд мэдээж эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр байх шаардлагатай. Харин үүнийг шийдвэрлэх гарц нь V цахилгаан станцыг барих явдал юм.
Харамсалтай нь өнгөрсөн зун зарлагдаж, гүйцэтгэгчээ шалгаруулсан тендер өдгөө хүчингүй болсон төдийгүй III цахилгаан станцыг түшиглэн барих ямар ч боломжгүй болсныг Ерөнхий сайд Багануурт ажиллах үеэрээ мэдэгдэж байсан. Учир нь Улаанбаатар хотын ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлаж, шалгаруулалт явагдаж байсан юм.
Гэтэл төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай. Уг цахилгаан станцад түлэх 1.8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Үнс зайлуулж, хадгалах газар байхгүй.
Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарчээ. Иймд Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж байгаа юм билээ.
Засгийн газрын хувьд хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж буй. Гэхдээ тэднийг судалж суух зуур дахиад нэг өвөл хаяанд ирлээ.
Нийслэлийн нэг иргэн сард долоон цаг тоггүй амьдарч байна
Монгол Улс эрчим хүчний хомсдолд ороод байгааг гэрчлэхийн тулд ганцхан жишээ дурьдахад л хангалттай. Тухайлбал, өнгөрсөн өвөл цахилгаан эрчим хүчний оргил ачаалал нь 801 МВт-д хүрсэн талаар мэргэжлийн хүн тайлбарлаж буй. Тухайн үед төвийн эрчим хүчний системийн таван эх үүсвэр чадлынхаа дээд төвшинд ажилласан ч дийлээгүй юмсанж.
Хотоо хөлдөөчихгүйн тулд ОХУ-аас 70-80 МВт цахилгаан эрчим хүч импортолж байж нэг юм хүйтний улирлыг давсан аж. Энэ өвөл мөн л ийм байдал давтагдана. Учир нь V цахилгаан станцыг барих газраа судалж байгаа, сонгосон хойноо дахин ТЭЗҮ боловсруулж, сонгон шалгаруулалт явуулна. Яг ингэж ярьсаар бид даруй 20 жилийг үджээ. Өөрөөр хэлбэл, цахилгаан, дулааны шинэ эх үүсвэртэй болох гэж 20 жил мөрөөдсөн. Харин өнөөдөр эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ цахилгаан станц зөвхөн мөрөөдөл төдий, яригдсаар л буй.
Гэхдээ 50 мВт-ын хүчин чадалтай Салхин цахилгаан станц баригдаж байгаа бөгөөд ашиглалтад орсноор нийт хэрэгцээний тодорхой хувийг хангана. Харамсалтай нь салхин цахилгаан станц арванхоёрдугаар сараас наана ашиглалтад орохгүй. Тэгэхээр энэ онд бас л ОХУ-аас эрчим хүч экспортлох нь. Дахиад л өнөөх хэдэн цахилгаан станц нь байдаг чадлаараа, дэлбэртлээ ажиллаад ч хүчрэхгүй нь.
21 дүгээр зууны монголчууд метро хот Улаанбаатартаа сард долоон цаг тоггүй амьдарч байгаа нь хомсдлын жишээ. Толгойт, Баянхошуу, Хайлааст, Орбитод өнгөрсөн долоо хоногоос эхлэн өдөрт найман цаг цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Одоо ч энэ байдал үргэлжилж буй. Хорвоогийн сониноос хоцорч, лааны сүүмгэр гэрэлд аяга хоолоо идэж, балга цайгаа уух гэж зүдэрч байгаа.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн Техникийн шуурхай зохицуулалтын албанаас гаргадаг тооцоо нь ч үүнийг нотолж байна. Тодруулбал, нийслэлд сард 10 удаа цахилгаан тасалдаж, хотын нэг иргэн сард дунджаар зургаан цаг 36 минут цахилгаангүй амьдардаг гэжээ. Гуравхан жилийн өмнө манайх харьцангуй бага буюу гурван цаг 39 минут цахилгаан тасардаг үзүүлэлтээр хамгийн харанхуй 20 орны нэгээр “тодорч” байлаа.
Харин өдгөө монголын иргэд сард долоон цаг харанхуй амьдарч байгаа нь одоогийн ашиглаж буй цахилгаан станцуудын технологийн “хөгшрөлт”-тэй шууд хамаатай. Энэ нь мэдээж өнөөх “өвгөжөөр” хэдэн цахилгаан станцуудаа засч, өвөлжилтдөө бэлтгэж байгаатай холбоотой. Хэдийгээр цахилгаан станцууд өвөлжилтөө сайн хангасан, энэ жил ажрахгүй гэж байгаа хэрнээ өдөрт 4-5 удаа цахилгааны хязгаарлалт хийж байгаа нь харамсалтай.
Бид V цахилгаан станц хэмээх “алаагүй баавгайн арьс”-ыг 20 жил нөмөрлөө. Одоо тайлмаар байна. Монголчууд дулаахан, тав тухтай өвөлжих эрхтэй.
Эх сурвалж: “Монголын Мэдээ”
URL: