Оюутолгойд ажилладаг монголчууд сард дунджаар 1.500.000 төгрөг, гадныхан 30-120 мянган ам.долларын цалинтай
Дэлхийн хэмжээний зэс, алтны уурхай Оюутолгойд монгол ажилчид “боолын боол босгоны шороо” шиг ажиллаж байна. Уг нь Оюутолгой төсөл манай улсад хөгжил, дэвшил, ажлын байр, ахиу орлого гээд ард иргэдийн чихэнд чимэгтэй олон таатай боломжийг авчирна гэж бид найдан хүлээж байгаа. Гэвч тэнд байдал мэдээллийн хэрэгслээр цацдаг шиг өнгөлөг байдаггүй ажээ.
Эх сурвалжийн хэлснээр Оюутолгойд ажиллаж буй монгол ажилчид өөрийн нутаг дээрээ мөртлөө “буланд шахагдаж” амьдарч байгааг сонсоод харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрөх. Байгууллагын дотоод журам байлгүй л яахав. Гэвч тэнд ардчиллын үндсэн зарчим, Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний эрх, эрх чөлөө хумигдчихжээ. Тэнд ялангуяа монгол ажилчид удирдлагынхаа өөдөөс үг хэлэх эрхгүй. Яагаад ижилхэн ажил хийж байгаа мөртлөө гадныхнаас бага цалин авч байгаа талаар асуух ч зориг зүрхгүй чичирч байна гэхэд үнэнээс хол зөрөхгүй нь. Хэрвээ компаний талаар таагүй мэдээлэл тараах, ажилчдын ахуй хангамжийн тухай хэл үг гаргах, цалин хөлсний асуудлаар илүү үглэвэл тэр хүн “буланд шахагддаг” бичигдээгүй хууль Оюутолгой компанид үйлчилдэг байна.
Оюутолгой төслийн менежментийн менежер С.Гантуяагийн өгүүлснээр Оюутолгой компани дотроо ихэд ялзарчээ. Тэнд монгол ажилчдыг маш ихээр басамжлан доромжилж, золбин нохдоос ч дор харьцдаг байна. Монгол улсын хуулийг уландаа гишгэдэг тус компанийхан Засгийн газрын хэсэг нөхөдтэй холбоо сүлбээтэй гэдгээрээ түрий барин дураар дургиж дунд чөмгөөрөө жиргэсээр байгаад анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгарчээ.
Гадныхан “Далласан газар ил гарч, далайсан газар далд ор” хэмээж, монголчуудын хүлцэнгүй байдал, хэл ам хэрүүл шуугианд дургүй хэтэрхий даруу чанар дээр дөрөөлдөг байна. Оюутолгойн удирдлагууд ил тод, нээлттэйгээр санаа бодлоо илэрхийлсэн, гадаад ажилчдын талаар шүүмжлэл хэлсэн, монгол гадаад ажилчдын нийгмийн хангамж, цалингийн зөрөөг арилга хэмээн хүсэлт, шаардлага гаргасан монголчуудыг хавчиж дарамталдаг ажээ.
Өнгөрсөн долоо хоногт С.Гантуяа гэрээнийхээ хүрээнд үүргээ биелүүлээч, ажилчдынхаа цалинг тэнцвэртэй байлгаач ээ гэсэн шаардлагыг компанийхаа удирдлагуудад хүргүүлсэн байна. Харамсалтай нь түүний ажил руугаа нэвтрэх эрх болон цахим хаягуудыг хааж эрхэнд нь бүдүүлгээр халджээ. Гэвч тэрээр нийт монгол ажилчдынхаа төлөө дуугарч, улмаар Захиргааны шүүхэд хандахаа илэрхийлсэн.
Уул нь Оюутолгой компани гэрээндээ ижил төрлийн ажил хийж буй монгол, ажилчдын цалинг тэнцвэртэй байлгана гэж заасан байдаг аж. Харамсалтай нь энэ нь бодит амьдрал дээр огт хэрэгждэггүй юм байна. Тухайлбал, өнөөдөр Оюутолгойд ажилладаг монгол хүн сард дунджаар 1.500.000 төгрөгийн цалинтай бол гадаад хүн 30 мянгаас 120 мянган ам.долларын цалинтай ажилладаг ажээ. Энэхүү тэнгэр, газар шиг зөрүүтэй үнэмлэмжид мэдээж монголчууд бухимдахгүй байхын аргагүй билээ. Харамсалтай нь тэдэнд хэлэх үг, хүсэх хүсэлт байвч сануулах захиа, ажлаас халагдахаас айн дор бүрнээ довоо шарлуулж, амаа хамхидаг байна.
Бас нэг жишээ дурдахад, ямар ч боловсролгүй туршлагагүй нэг португаль иргэн Оюутолгойд ажилладаг захирлын танил учраас гуравхан өдрийн дотор ажилд орох асуудал нь шийдэгджээ. Ингээд гурав хоног ажиллаад шууд 5000 доллар авсан байна. Гэтэл түүнтэй ижил ажилд орох хүсэлт гаргасан монгол иргэний асуудал гурван сарын дараа шийдэгдэж, цалин нь 1500 доллараар тогтоогдож…
Оюутолгойд ажиллаж байгаа гадаад ажилчдын хувьд хамгийн дээд тал нь бакалаврын зэрэгтэй, түүнээс доош боловсролтой. Ихэвчлэн танил талаараа ажилд орсон, найз нөхөд амраг садны холбоотой, гадаад ажилтнуудын эхнэр, нөхрүүд гэх мэтчилэн байдаг аж.
Харин монгол ажилчдын хувьд дээд зэргийн боловсролтой, Америк, Австрали зэрэг Европ, Азийн орнуудын том том сургуулиудыг дүүргэсэн, бакалавр, магистр, доктороо хамгаалаад ирсэн, олон жилийн ажлын туршлагатай, дотоодын зах зээлийн талаар арвин мэдлэгтэй, маш чадвартай, хүн чанартай боловсон хүчнүүд ажээ.
Гэвч гадныхан монголчуудыг “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах” мэт ихэд гөлөлзүүлсээр иржээ. Компаний үйлдвэрчний эвлэлийнхэн зэрэг ажилчдын эрх ашгийн төлөө дуугарах ёстой хүмүүс удирдлагууддаа дээрх асуудлаар ярихаар орох тоолондоо амаа тас алгадуулаад гардаг. Тийм учраас “Бид яагаад ч барахгүй юм байна лээ” гэсэн хариу өгдөг байна. Дашрамд дурдахад, Оюутолгой компанийн цалингийн санд 400 гаруй сая ам.доллар хадгалагддагаас 10 хувийг нь л монголчуудад олгодог сурагтай. Монгол хүн бид өөрийн эх орон, газар нутаг дээрээ ингэж гадныхны боол болж дарлуулж явах заяатайсан бил үү?
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
URL: